Ардын хувьсгалын анхны ялалтыг тэмдэглэж Алтанбулагт хийсэн Овооны наадам. 1921 оны 7-р сарын 11

Сэлэнгийн Алтанбулагт Салдааз (Солдат) толгойн өвөрт хийсэн. Морь уралдаж, сур харваж, 96 бөх барилдсанаас тус аймгийн харьяат Данигай хэмээх Дамдин заан түрүүлж, Бат-Очир начин үзүүрлэжээ.

Тэр наадмын зураг дээр: Зүүн хойд хязгаарын хэргийг эрхлэн шийтгэх Алтанбулагийн Яамны анхны сайд Н.Билэгсайхан (театрын Э.Оюун гуайн аав), Улаан-Үд дэх Коминтерний төлөөлөгч Нацав (Цырен Равданович Шойжилов), Сүхбаатарын эхнэр Н.Янжмаа, түрүү бөх Данигай заан тэргүүтэй хүмүүс буй. 

 

Ардын хувьсгалын анхны ялалтыг тэмдэглэж Нийслэл хүрээнд (Улаанбаатар)  хийсэн наадам. 1921 оны 7-р сарын 11

Богд уулын хүр дор хийсэн. Нийт 124 бөх зодоглосноос Хярааны харуулын хуучин цэрэг Сундуй заан түрүүлж, Түшээт ханы Буянтогтох үзүүрлэжээ. Шөвгийн 4-т Булганы “хэрээ” Дэмбээ начин, Архангайн “нохой” Гомбо заан нар шалгарчээ.

 

Улсын Их баяр. Нийслэл хүрээ (Улаанбаатар). 1922 оны 7-р сарын 30-нд эхэлсэн.

МАН-ын төв хороо, Ардын засгийн Тэргүүлэгчдийн 1922 оны 7-р сарын 29-ний өдрийн хуралдаанаас Улсын Их баяр ёслолыг Зуны сүүл сарын шинийн зургаанаас буюу 7-р сарын 30, 31, 8-р сарын 1-нд нийт гурван өдөр зохион явуулжээ. Улсын Их баяр нь улс, цэргийн наадам биш бөгөөд Ардын журамт цэрэг 1921 оны зун цагт Зуны сүүл сарын шинийн зургаанд Нийслэл хүрээнд орж ирсэн /эзэлсэн/ үйл явдлыг тэмдэглэсэн Цэргийн баяр юм.

Наадам биш учраас бөх барилдаж, морь уралдаагүй байдаг. Харин модон морин дээр харайх, бургас цавчих, сур харвах гэх мэтийн уралдаан тэмцээн болжээ. Сур харваанд Д.Сүхбаатар түрүүлсэн байна. Түрүүлэхэд нь өгсөн бай шагналын талаарх баримт бий.

 

Анхны Цэргийн наадам Их Хүрээ (Улаанбаатар). 1922 оны 8-р сарын 20-нд эхэлсэн.

Баянзүрх уул, Цэргийн жанжин туг болон олон хороодын тугийг тахиж хийсэн наадам. Наадам эхэлсэн өдрөөс өөр ямар нэгэн эх сурвалжийн баримт одоогоор олдоогүй.

Баянзүрх нь эрт дээр үеэс Цэргийн тахилгатай, олзлогдсдын зүрхээр туг тахьдаг ёслол гүйцэтгэдэг байжээ. Тиймээс улаан цусыг эерүүлэх үүднээс хүмүүс энэ ууланд сүү, цагаан идээ, малын сүүнээс нэрж гаргасан шимийн архины дээжээ өргөдөг уламжлалтай.

 

Луу гүний Вандан аварга түрүүлсэн гээд гоё зургийг нь харуулж болох юм.

босоо зогсоо зураг нь Луу гүний /Архангайн Батцэнгэл сум/ Вандан аварга. 1923 оны Цэргийн наадамд түрүүлсэн. Харин 1922 оны Цэргийн наадамд түрүүлсэн нь таамаг төдий, батлагдаагүй зүйл. Түрүүлсэн гэж л бөхийн номд цээжний бангаар бичсэн байгаа. Тэгэхээр 1922 оны түрүү бөх гээд явахад зөв л гарц байх. Салдот толгойн овооны наадмын зураг Цэргийн архивт маш тод гоё нь хадгалагдаж байдаг. Улсын архивт бий.

Зураачдын туурвисан түүхэн үйл явдлын сэдэвтэй зураг/өнгөт/ гаргавал аятайхан болдог польш арга байна. Учир нь өнгөтэй учраас доза-ыг тааруулбал киногоо их чимдэг. Жишээ нь, Сүхбаатар жанжны морины давхил дунд газраас юм шүүрч буй Анхны цэргийн сэдэвтэй өнгөтэй гоё марк бий. Интернэт дээр байгаа. Тойрсон хөвөө хээг нь авсан ч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.9 БААСАН № 138 (6615)