Норовын ПҮРЭВДАГВА
МЗЭ-ийн нэрэмжит шагналт орчуулагч, зохиолч, профессор.
Түрүүч нь Сэлэнгэчүүд хийгээд ардын хувьсгал, Сэлэнгэчүүд хийгээд ардын хувьсгал
Бас энэ үеэр “ардын намын суртал”-ыг зөвшөөрөн дагагсадыг нэрээ бичүүлэхийг хүссэнд: Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Билэгсайхан, мөн хошууны Дамдинсүрэн, Дашцэвэг, Сэнгэ, Амар, Юүрэндамба, Дамдинсүрэн, мөн аймаг Зоригт ван Төвдоржийн хошууны Содномдаш, мөн аймаг Дархан чин вангийн хошууны Равжаа, мөн аймаг Сүжигт гүний хошууны Дэндэвдорж, мөн аймаг Илдэн гүний хошууны Баярт, Цэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны Сүхбаатар, мөн аймаг Зоригт бэйс Мишигдоржийн хошууны Пунцаг, Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйл Сандаг-Очирын хошууны Данзан, мөн аймгийн Сайн ноён ханы хошууны Осор, Засагт хан аймгийн Ахай бэйл Сандагдоржийн хошууны Наваан, Их шавь Эх дагинын овгийн цорж Лосол, мөн шавийн Гэсэржавын отгын Бадарчин, мөн шавийн Манзширын отгийн Дамбадорж, буриад Жамсрангийн хөвгүүн Цэвээн, эхнэр Бадамжав, мөн Дашпилийн хөвгүүн Цэдэн-Иш, мөн Цэрэнгийн хөвгүүн Баламсоо, мөн Жамбалын хөвгүүн Сандагдорж нарын 24 хүн бичүүлж албан ёсоор намын гишүүн болцгоосноор 1921 оны гуравдугаар сарын 3-ны хуралдаанд МАН-ын 26 гишүүн таслах эрхтэй оролцсон байна. Өөрөөр хэлбэл энэ өдрийн хуралд Эрдэнэ ван Намсрайн хошууны долоон хүн оролцож, МАН-д элсжээ. Мөн энэ өдрийн хурлаар Зөвлөлийн Засагт Орос улсаас авах тусламжийг шүтэн хүлээн авах; Ардын намын цэргийн хэргийг захирах газрыг цэргийн ерөнхий Сүхбаатар, бичгийн хэргийг эрхлэх Билэгсайхан, Данзан (түр) нарын бүрэлдэхүүнтэй сонгож байжээ. Өөр анхаарал татдаг зүйл бол хурлын монгол хэл дээрх тэмдэглэлд “Монгол ардын нам”, орос хэл дээрх тэмдэглэлд “монгольская народная революционная партия” буюу “МАХН” гэсэн байх ажээ.
“Монгол ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”, “МАН-ын дүрмийг товчлон арван зүйлээр” баталсан энэхүү зөвлөлгөөнийг 1924 онд хуралдсан МАН-ын III их хурлаас Намын анхдугаар их хурал гэж нэрлэхээр албан ёсоор шийдвэрлэсэн байх ажээ. Эхний хоёр өдөр нь Монгол оронд үүсээд байгаа бодит байдлыг үнэлж дүгнэн, зэвсэгт тэмцэлд бэлтгэх ажлыг шуурхайлах. Үүний тулд “Ардын намын цэргийн хэргийг захирах газар”-ыг Сүхбаатар, Данзан, Цэвээн, Билэгсайхан, Борисов нарт даалган Цэргийн ерөнхийгөөр Д.Сүхбаатарыг сонгож. Хиагтыг чөлөөлөх шийдвэр гаргасан болохоор ингэх нь ч зөв биз. Улмаар 1921 оны гуравдугаар сарын 10-нд МАН-ын төв хороо, Цэргийн штаб дахин хамтарч хуралдан цэргийн бэлтгэл сургуулилтаа шуурхай базаан Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлөх шийдвэр дахин гаргасан байна. Энэ их үйл хэрэгт Эрдэнэ вангийн хошууныхан өнөөгийн Шаамар, Зүүнбүрэнгийнхний оролцоо тодорхой харагдаж байгаа байх гэж өнөө үеийн залуусдаа бага ч атугай зүйл хэлэх завшаан олдсонд хий л омогшном.
Ардын журамт цэрэг гэгдэх болсон сумын хөгшчүүдийн тухай зарим зүйл нэмж хэлье. Охиндийд шарлуу Дэндэв гэж хөл муутай, мундаг том бургасан таяг тулсан, барзгар том хамартай, ширүүвтэр хэрнээ алиа нэгэн өвгөн байсан. Сүүлд сонсоход нутгийн хүүхдүүдэд, түүний дотор миний аавд ном заадаг гэрийн багш байсан.
МАН-ын I их хуралд оролцсон хоёр Дамдинсүрэнгийн нэг Баданжаагийн хурц хэмээх Дамдинсүрэн партизан бол ном эрдэмтэй, БНМАУ-ын анхдугаар их хуралд Богдхан уулын аймгийн Зүүнбүрэн хан уулын хошуунаас сонгогдон Богд хан уулын аймгийн захиргааны илтгэл тавьж хэлэлцүүлж, БНМАУ-ын анхны Үндсэн хуулийг батлахад идэвхтэй оролцсон төлөөлөгч, их хурлаас байгуулсан Улсын бага хурлын гишүүн, Зүүнбүрэнхан уулын хошууны дарга (1925-1926)-аар ажиллаж байсан нэгэн.
Энэ хүний талаар ахмад багш, МҮЭ-ийн төв зөвлөлийн даргаар хүртэл ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Тагарын Базарсад гуай 1929 онд багш бэлтгэх курс төгсөөд Зүүнбүрэн хошууны бага сургуульд томилогдон ирэх үедээ Дамдинсүрэн хурцтай уулзаж байсан тухайгаа “Олон айл ярайх Охиндийн хөндий хүрлээ. Дөхөж очоод бусдаас арай нэг том харагдах гэрт ортол хөдөөний гэхэд тавилга их тохитой айлд орвол хойморт нь ов тов цоохор нүүртэй, тавь гаруй насны хүн дээлээ нөмгөн нөмрөөд шоголтой ном уншиж суусан. Амар мэндийг нь асуугаад суутал гэрийн зүүн талд үйл хийж байсан том дэргэр үстэй хижээл авгай босон гуулин домбоноос цай аягалж, тавагтай идээ тавьж өгсөн. Тогтоод мөнөөх хүнээ хартал Зүүнбүрэн хошуунд алба хашиж байсан хурц Дамдинсүрэн гуай байсан. Манжийн захиргааны үед Эрдэнэ ван Намсрайн хошуу тамганд бичээч, автономитын үед түшмэл, ардын засгийн үед ч хошуу тамгын газар ажиллаж байсан бичгийн их чадвартай, төвд, манж бичиг үсэг мэддэг, хуучны том сэхээтэн хүн. Нугалаа, хэлмэгдүүлэлт эхлэхийг завдан байсан 1929 оны эхээр хуучин цагт түшмэл явсан, хөрөнгөтэй баян гэж адлагдан ажлаасаа халагдаад ийн хөдөөлөөд сууж байсан юм билээ” гэсэн дурсамж миний хувийн архивт байдаг юм.
Мэндбаярын Ишдорж (1889-1969)- Одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Норовбанзадын хөндийд төрсөн. 1921 оны ардын журамт цэрэг, Ардын засгийн цэргийн яаманд бичээч, Алтанбулагийн Сайдын яаманд бичээч, Монгол Улсын шинэ үеийн эхний дөрвөн бага сургуулийн нэг Алтанбулагийн бага сургуулийн анхны багш.
Гончигийн Бумцэнд (1881-1953) Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн нутагт төрсөн, 1921 оны Ардын журамт цэрэг, Хиагтыг чөлөөлөх дайнд анги удирдан оролцсон. Хувьсгалын дараа төр, засгийн ажилд идэвхтэй оролцон улмаар Улсын бага хурлын гишүүн, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан. БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн 1953 оны 114 дүгээр зарлигаар Алтанбулаг дахь 10 жилийн дунд сургууль, Ерөө дахь модны завод, Төв аймгийн Баянчандмань суман дахь Партизан нэгдлийг Г.Бумцэндийн нэрэмжит болгож байжээ.
Чойжилын Дагва-1921 оны ардын журамт цэрэг, Шаамар сумын уугуул. Тэрбээр нэгэнтээ ам нээн өөрийгөө шоолон “Би ч 17-тойдоо Сүхбаатарын цэрэг болсон хүн. Үнэндээ Алтанбулагийг яаж чөлөөлснөө ч мэддэггүй юм. Давшаад гэхэд нь мориндоо мордоод л давхидаг, ухраад гэхээр нь буцаад л, олон давхисан даа. Харин оройхон манайхны сум дуусаж байгаа тухай яриа гарахад нутгийн тохитой нэгэн эрд “Лүндэг гуай, надад сум бий шүү. Хэрэгтэй бол аваарай” гэж хэлээд загнуулж байсан. Бидэнд сум хангалттай өгөөгүй юм шүү дээ. Өглөө нь хүний 17 сум л өгсөн. Би тоглож байгаа юм шиг нааш цааш давхиад буудахаа ч мартсан байсан юмдаг уу даа” гээд инээж байж билээ. Энэ үед би хэрэгт дурлан “Энэ мэт явдлынхаа тухай үнэнээр нь ярьж болдоггүй юм уу? гэж асуухад “Хамаагүй ярьж болохгүй, зааж зөвлөсний нь дагуу ярих ёстой байдаг юм шүү дээ” гэж байсан. Жаахан хэтрүүлсэн яриа байх. Энэ хүн бага залуу учраас хий давхиж явсан байж болох юм. Гэхдээ л олон гамин цэргийн шаагих суман дор шүү дээ. Юу ч ярьдаг байлаа гэсэн. Хиагтаас гамин цэргийг ховх цохисон нь, туурга тусгаар Монгол Улсын төлөөх анхны дайнд оролцсон нь үнэн.
Дамчаагийн Дэмбэрэл (1903-1939)- Зүүнбүрэн сумын уугуул, ардын журамт цэрэг, хуягт машины жолооч, нисгэгч, Японтой хийсэн тулалдаанд онцгой гавъяа байгуулсаны учир 1936 онд БНМАУ-ын агаарын зоригт баатар цолоор шагнуулж байсан боловч улс төрийн хилс хэрэгт унан 1938 онд буудуулсан. 1962 онд цагаадсан.
Хас-Очирын Лувсандорж (1910-1938) Шаамар сумын уугуул, хошуу тамгын газар бичээч, Богдхан уулын аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, МАХН-ын төв хорооны намын байгуулалтын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, “Намын байгуулалт” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байгаад ЗХУ-д сургуульд явсан бөгөөд 1937 оны есдүгээр сард оюутны амралтаараа ирэхэд нь Дэмидийн эсэргүү хэрэгт хамаатуулан баривчилж, Чойбалсан, Цэрэндорж, Баасанжав нарын бүрэлдэхүүнтэй Онцгой бүрэн эрхт комиссын хуралдаанаар 284 хүний хэргийг хэлэлцэн, 241 хүнийг буудан алах ял онооход өртөн 1938 онд буудуулсан. Харин АИХ-ын цагаатгах ажлын комисс 1962 онд дахин авч хэлэлцээд цагаатгасан.
Лувсанцэрэнгийн Цэнд (1920-1986) БНМАУ-ын Ардын их хурлын дарга, МАХН (хуучин нэрээр)-ын төв хорооны II нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь МАХН-ын төв хорооны 1963 оны V Бүгд хурлаар “Л.Цэндийн намч бус ажил явуулгын тухай” гэнэт хэлэлцэн тогтоол гаргаж МАХН-ын төв хорооны II нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халж, Улс төрийн товчооны бүрэлдэхүүнээс гаргасан. Бас энэ шийдвэрийнхээ дараа өдөр нь МАХН-ын Улс төрийн товчоо хуралдан “Л.Цэндийг АиХ-ын даргаас чөлөөлсүгэй...” гэсэн тогтоол гаргаж улмаар хэд хоногийн дараа хуралдсан АиХ-ын чуулганаар сонгуульт ажлаас нь огцруулж, АиХ-ын депутатаас хассан.
Маш сонин шийдвэр. Бод доо МАХН хэмээх олон нийтийн байгууллагын удирдлагын нэг шатны шийдвэр бүх ард түмний саналаар байгуулагдсан АиХ-ын дарга, Ардын их хурлын депутатыг аваад хаячиж байгаа биз. Хууль эрх зүйн хувьд хүчгүй байх ёстой санагдмаар Онцгой бүрэн эрхт комиссын хурлаар хэлэлцсэн болоод 241 хүнийг буудан хороохыг улс төрийн хэлмэгдүүлэлт гэх болсон. Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгал “Цагаан ном”-оос үзвэл Шаамар-Орхон Шаамар сумаас 124 хүн баривчлагдаж, 79 хүн цаазлуулж, 41 хүн 10 жилээр, нэг хүн 8 жилээр таслагдсан гэсэн байна. Энэ бол Ардын хувьсгал, Ардын намын 100 жилийн явцад туулж өнгөрүүлсэн гашуун амьдралын зах зух учраас хэлэх ёстой хэмээн бодсоны учир сануулж байгаа минь энэ.
Хийсэн бүтээсэн зүйл энэ гээд хэлэх зүйл Сэлэнгийнхэнд их. Олон шинэ ажил үйлс Сэлэнгээс эхтэй. Зам тээвэр л гэхэд усан замаар монголын өргөн хэрэглээний бүх бараа нэг хэсэг орж ирж, Цагаан-Эрэг одоогийн Сүхбаатар хотоос ердийн олон арван мянган хөсөг дараа нь залгаад автомашинаар тээвэрлэж байлаа. Төмөр зам ялгаагүй ЗХУ-ын Наушка боомтоор орж ирэн Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүдийг холбон БНХАУ-ын зүг зорчих болсон. Олон мянган залуус ажилладаг дотроо ДЦС-аас эхлээд таван үйлдвэр бүхий Мод боловсруулах комбинат, Шүдэнзний үйлдвэр, гурил, тэжээлийн үйлдвэр, сум бүрд хот маягийн суурин төвтэй САА байгуулагдсан. Харин социалист аж ахуйн бараг бүдүүлэг шат гээд ХААН-ийг хамгийн түрүүнд Сэлэнгэд татан буулгасан. Монгол Улсын хөрсөн дээрх усны 60 гаруй хувь нь аймгийн төвийн өмнө Охиндий буюу Охь хөндийг үүсгэн хуралддаг болохоор тэгэлгүй яахав гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Энэ бүхэн бол яах аргагүй Сэлэнгэчүүд бидний бахархал. Сэлэнгэ аймаг ухдаг, барагддаг баялаг алт, төмөр, нүүрс гээд арвин их нөөцтэй. Монголын хүн амыг гурил, будаа, төмс хүнсний ногоогоор Сэлэнгийнхэн хангадаг үржил шимт хөрстэй. Гэхдээ Сэлэнгийнхний хичээл зүтгэл, сэтгэл үгүй бол аяндаа аяга тавганд орохгүй. Харин өнгөрсөн зуун жилд бий болгосон үйлдвэр, техникийн бааз яагаад сураггүй болов гэсэн асуулт тавьж хариуг эрэх л хэрэгтэй. Салан баавгайн үлгэрийг давтаад байвал улс орон хөгжихгүй.
Сүхбаатарт овоолоотой байсан үйлдвэрийн модны үртсийг зөөж худалдаад л амьдралаа төвхнүүлж эгээ л диваажинд хүрэх аятай юм ярьсан нэгэн улс төрч УИХ-ын гишүүн болж байсан. Ямартай ч үртэс үгүй болсон. Харин борог амьдралаа манайхан бусдаас дор орохгүй өөрсдөө аялуулсаар л байгаа. Ингэж болохгүй. Юу болох, юу болохгүйн хэмжүүр Сэлэнгэчүүдэд байх ёстой. Өнгөрснөө эргэн харж, зөв үнэлж дүгнэвэл ирэх цагт сургамжтай, зөв хөгжиж дэвжих болно. Өнгөрсөн түүхээрээ ч бахархаж, өмнөх алдаанаасаа сурч, ирэх цагаа өнгийн харна гэдэг ухаант хүний ажил.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.9 БААСАН № 138 (6615)