Ч.БЯМБАХАЖИД

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй салбар бол тээврийн салбар. Тэр дундаа төмөр зам гэлцдэг. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны  байгууллагын анхны 10 гишүүний нэг  болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ. Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж буй.

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөн өчигдөр манай улсад эхэллээ. Энэ сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй тус зөвлөгөөнд 11 улсын төмөр замуудын төлөөлөгчид, гадаад худалдааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөллүүд оролцож байна.

УБТЗ өнгөрсөн онд 33.4 сая тоннд ачаа тээвэрлэсэн бөгөөд үүний 12.6 сая тонн нь орон нутгийн, 20.8 сая тоннийг гадаад худалдааны ачаа эзэлж байна. 2024 онд УБТЗ-ын тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг 2023 онтой харьцуулахад экспортын ачаа 4.3 хувь, импортын ачаа 4.5 хувь, дамжин өнгөрөх /транзит/ ачаа дөрвөн хувиар тус тус өсжээ. Тэр тусмаа ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт асар хурдацтай нэмэгдэж байгаа үед УБТЗ, Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглаж транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.  Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд тэр дундаа тус байгууллагын гишүүн УБТЗ-аар энэ онд хэдий хэмжээний, хэдэн  нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд хэлэлцэж тохирох юм.

 

“Өртөг зардлаа бууруулахад онцгой анхаарал хандуулна”

 

Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаашдаа төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өсөж, бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо улам нэмэгдэх болно хэмээн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэллээ. Тэрээр “Цар тахлын дараа төмөр замаар тээвэрлэх ачаа тээвэр эрс өссөн. Цаашид эдийн засгийн хямрал зарим улсад ойртон ирж буй учраас ачаа тээврийг нэмэгдүүлэхээр улс орны төлөөллүүд зөвлөлдөж байна. Тэр тусмаа хөрш зэргэлдээ болон бусад орнуудаар дамжин өнгөрөх ачааг нэмэгдүүлэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна. Олон улсын хэмжээнд экспорт, импортын ачаа бараа багасаж магадгүй гэж тооцож байгаа учраас өртөг зардлаа бууруулахад онцгой анхаарал хандуулна. Ингэснээр өөрсдийн болон бусад ачаа тээврийг нэмэгдүүлэх боломжтой. Өнгөрсөн сард Харбин хотноо Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан гэрээг баталсан. Энэ сарын 17-нд чуулган эхэлмэгц гэрээг соёрхон батлах үйл явц эхэлнэ. Ингэснээр төмөр замаа богино хугацаанд ашиглалтад оруулна. Дагаад 4-5 боомт холбогдож, ачааны хэмжээ нэмэгдэнэ” гэв.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй төмөр замын тээврийн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газар анхаарч, төмөр замын тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа аж. Түүнчлэн хөрш орнуудыг холбосон төмөр замын төв шугамыг шинэчлэх, хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох, шинэ терминалууд барих, ашигт малтмалын томоохон ордуудын бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ төмөр замууд барих  ажлуудыг үе шаттай эрчимтэй хэрэгжүүлж байгаа юм.

Энэ зорилгоороо Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд 4.6 мянган км төмөр зам барьж, шинээр дөрвөн боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх ажлыг нэн түрүүнд хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 234 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн Гашуунсухайт Ганцмод боомтын ажил хэрэгжсэнээр жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болох юм. Мөн Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр, олон сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ хэмээн үзэж буй.

Цаашлаад үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замуудыг үе шаттай барих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэхээ зөвлөгөөний үеэр Б.Дэлгэрсайхан сайд хэлж байлаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн одоогийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридороос гадна Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо коридор, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо коридорын төмөр замыг барих шинэ төслүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын төв коридорын ачааллыг тэнцвэржүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр хурдан шуурхай нэвтрэх боломжтой. ОХУ-БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замуудаас гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх ажээ.

 

“УБТЗ олон ажлыг хийхээр төлөвлөж байна”

 

Хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тавдугаар хэсгийн замаар 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох гэж байна. Зөвлөгөөнийг 2014 онд Монгол Улсад зохион байгуулж байснаас хойш 11 жилийн дараа дахин зохион байгуулж буй. Энэ үеэр ачааг тээвэрлэхийн тулд техник зохион байгуулалтын ямар арга хэмжээг авах талаар хэлэлцэн баталгаажуулна хэмээн зохион байгуулагчид хэллээ. Мөн УБТЗ 2030 он гэхэд 50 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Тус зорилтыг хангахын тулд УБТЗ-ын техник нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, гол замыг хоёр замтай болгон цахилгаанжуулах гээд олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаараа “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм. Мөн “ойрын хугацаанд замын их засварын ажлыг хийж эхэлнэ” гэлээ.

УБТЗ 2023 онд 32.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Харин 2024 33.4 сая тонн ачаа тээсэн бол энэ онд 34 сая тонн ачаа тээхээр төлөвлөж байгаа аж.

Одоогоор тээвэрлэж буй 34 сая тонн ачааны 21 сая тонн нь Монгол Улсын экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа байна хэмээн тооцоолжээ. Дамжин өнгөрөх ачаанд мод, модон бүтээгдэхүүнийг ОХУ-БНХАУ руу, БНХАУ-ОХУ руу электрон бараа, химийн ачаа, барилгын материал зэрэг бусад ачааг тээвэрлэдэг аж. Экспортын ачаагаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад, Оросын төмөр замаар дамжуулан гуравдагч орнуудад хүргэдэг. Импортын ачаагаар ард түмний өргөн хэрэглээний бараа, нефтын бүтээгдэхүүн, эм эмийн бүтээгдэхүүн, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний барааг тээвэрлэдэг байна.

 

“Суурь бүтцийг хөгжүүлэх хүрээнд Монгол Улстай тээвэрлэх ачааны хэмжээгээ нэмэгдүүлнэ”

 

Энэ удаагийн зөвлөгөөнд 200 гаруй төлөөлөгч оролцож байна. Зөвөлгөөнд Казахстан улсаас оролцож буй төмөр замын төлөөлөл “КТЗ” “ҮК” ХК-ийн харьяа “Нэгдсэн төлөвлөлтийн газар”-ын дэд захирал Тулегенов Алиби оролцож байна. Тэрээр хоёр улсын хамтын ажиллагаа болон төмөр замын тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгсөн юм.

“Монгол Улстай бид түүхэн маш удаан хугацааны харилцаатай бөгөөд тээврийн салбарт нягт хамтран ажилласаар ирсэн. Бид Казахстан улсын хилийн гарцуудаар хэдий хэмжээний ямар төрлийн ачаа тээвэрлэх талаар болон зөвлөгөөнд оролцож буй улс орнуудтай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөх болно. Өнөөдрийн байдлаар Казахстан улс суурь бүтцээ хөгжүүлэх чиглэлээр олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Казахстан улсын зүгээс Монгол Улс руу хүнсний бүтээгдэхүүн болон үр тариа нийлүүлдэг. Харин Монголоос Казахстан руу арьс ширэн бүтээгдэхүүнүүдийг авч байна. Суурь бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын газар нутгаар дамжуулан Монгол Улстай тээвэрлэх ачааны хэмжээгээ нэмэгдүүлнэ. Мөн энэ онд Казахстан улсын нутаг дэвсгэрээр нийт 27.5 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн. Энэ бол түүхэнд байгаагүй их хэмжээний тээвэрлэлт болсон” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 44 (7540)