Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын хаврын чуулган өчигдөр хаалтаа хийлээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш  өдөр хуралджээ. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уядлуулан цахим парламент хөтөлбөрийг хэрэгжүүлсэн чуулган болсон байна.

 

Г.Занданшатар:  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлсэн чуулган болов

 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хаалт дээр “Нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна. Хэдийгээр хуралдааны танхимдаа чуулж, шинжлэх ухаанч мэтгэлцээн, ажил хэрэгч яриа хөөрөө өрнүүлэх боломж цар тахлын улмаас хумигдсан ч цахим хуралдаандаа гишүүн идэвхитэй оролцлоо.   Мөн нэгдүгээрт энэ удаагийн чуулган цөөнхийн төлөөлөл Б.Пүрэвдорж гишүүний тодорхойлсончлон хүний эрх ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо.  Цаашид идэвхтэй мөрдөгдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, хэрэв эдгээр хуульд ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх нь ирэх намрын чуулганы томоохон зорилт байх болно. Эхлүүлсэн ажлаа бид тууштай үргэлжлүүлнэ. Хоёрдугаарт, энэ чуулган Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах эрхэм зорилгодоо томоохон алхам хийсэн чуулган боллоо гэв.

 

Намрын чуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэнэ

 

Мөн хаврын хаалтын чуулганаар ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хаврын чуулганаар хүний эрхийн олон асуудлыг хэлэлцлээ. Хүний эрхийг дээдэлдсэн хэд хэдэн тогтоолыг хэлэлцсэн. Намрын чуулган хүнээ дээдэлсэн чуулган болох хэрэгтэй байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэгтгэмж олгох хуулийг өргөн барьсан. Долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоож байгааг таван жил болгохгүй бол шударгаар НДШ төлсөн хүмүүс тэтгэвэр авахдаа хохироод байна. Долоон жил болгохоор ойролцоогоор 100 мянга орчмоор хохироод байна. Байнгын хороон дээр энэ хууль унасан ч нэмж тусгах өгөхийг хүсье. .

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Таны ярьж байгаа зарчимтай санал нийлж байна. Хүн төвт төрийн бодлого баримтлах ёстой. Гурван янзын хууль орж ирж байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай гээд 30 гаруй хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн хууль орж ирнэ. Б.Пүрэвдорж гишүүний ярьж байгаа хуулийг намрын чуулганаар хэлэлцэж болно. Таны оруулсан асуудал байнгын хорооноос олонхийн санал авсан байх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Шинэ Үндсэн хуультай холбоотойгоор хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага өндөр байгаа. Намрын чуулганаар Худалдааны хуулийг батлах зайлшгүй шаардлагатай.

 

Хуулийн төсөл: Эдийн засгийн асуудал хариуцсан яам шинээр байгуулна

 

Түүнчлэн хаврын чуулганы төгсгөлд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төрийн бодлого тодорхойгүй, тогтворгүй 30 жил явж ирлээ. Бодлого тогтвортой байвал үр дүн хэрхэн гардгийг харж болно. Бодлого тогтворгүй байхад тавдугаар цахилгаан станц, төмөр зам, утаагүй зуух зэрэг байнга өөрчлөгддөг байсан. Ингэхдээ Их хурал Засгийн газраар хуульчлаад баталчихдаг. Бодлого тогтворгүй байх асуудлыг хуульчлаагүй байсан. Тиймээс хөгжлийн бодлого тогтвортой байхаар Үндсэн хуульд оруулсан. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

- Гишүүдийн өргөн барьж буй хуулийн гол агуулга бол яам байгуулна, Шадар сайд энэ яамыг толгойлно. Яамны чиг үүрэг сайн гарсан. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Даргын дэргэдэх 15 хүний зөвлөл байгуулна.. Төрийн захиргааны байгууллага байна гэснийг төрийн захиргааны төв байгууллага гэж өөрчилсөн. Хууль цаг үеэ олоод хэрэгжээсэй гэж хүсч байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж:

- Засгийн газрын хуулийн шинэчилсэн төсөл явж байгаа. Энэ хуулийн төсөлд Эдийн засгийн асуудал хариуцсан яам шинээр байгуулах асуудал бий. Намар батлуулаад, ирэх оноос ажиллуулах тооцоотой гарсан. Гаргасан хуулийг боловсронгуй болгох талаар үйл ажиллагаа явуулах байх. Энэ бол шинэ хууль.  Монгол Улс авто замгүй байсан. Одоо бүх аймаг холбогдсон. 2007 онд 330 сумын 167 нь харанхуй байсан. Том төслүүдээ хөдөлгөөд, хөрөнгөө шийдээд явбал хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд сууснаар урагшаа явах бололцоо байна гэлээ.  Ийнхүү хаврын чуулганы хаалтаа хийв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.9 БААСАН № 138 (6615)