Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл өгч байна.  Тэрбээр "Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг 13 зүйлтэй. Энэ хууль маргаашаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Уг хууль нь 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас өмнө 2002 он баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00:00 цагаас өмнө 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна.38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулаагүй. Өмнөх Өршөөлд үзүүлэх хуулийн дагуу хорих ялаас чөлөөлөгдөж, санаатай шийтгүүлсэн хүнийг энэ удаагийн хуульд хамруулахгүй. Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг хуульд тодорхой тусгасан. Хорих ангил ял эдэлж байгаа 157 эрэгтэй, гурван эмэгтэй нийт 160 хоригдол маргаашаас чөлөөлөгдөнө.Эдлээгүй үлдсэн ялаас нь хоёр жил хасагдаж суллагдах 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны нэг нийт 184 хоригдол буюу нийт 344 хоригдол байгаа юм. Хоёр жил нь хасагдаж байгаа боловч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх нийт 365 ялтан байна.

Тав ба түүнээс доош жилийн ялаар шийтгүүлсэн хоригдлуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эрэгтэй 1,086, эмэгтэй 41, өсвөр насны гурав нийт 1,130 хоригдол байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn