Б.ДАМДИН-ОЧИР
Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг хоёр жилийн өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олгогдсон маш том эрх мэдэлтэй бараг анхны Ерөнхий сайд болсон гээд байдаг.
Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед нэлээд хугацаанд “хөдөлгөөн” хийсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгууль дуустал, наадам хийх эсэх шийдвэр гаргатлаа дуугарсан ч үгүй. Гэтэл сүүлийн үед Засгийн газрын шийдэх асуудлыг Аюулгүйн зөвлөл дээр яриад байдаг боллоо гэсэн шүүмжлэл их гарч байна. Уг нь ах дүүгийн нөхөрлөл, Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн харилцаа хоёр асар өөр зүйл байгаа юм.
Тэгвэл ингэж Ерөнхийлөгчийн сонгууль дуустал, наадмын шийдвэр гартал “хөдөлгөөн”-гүй суусан Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт нийслэлээс гарч өмнөд хил ажиллав.
Эрээний хил дээр Монголын ачаа гацаад сар шахам болсон. Ачаагаа хүлээж буй монголчуудын төлдөг төлбөр нь өдөр цагаар нэмэгдээд болохыг больсон. Тиймээс аргаа барж, хараалаа урсацгааж байлаа.
Өмнөд хил дээр ингэж экспорт нь гарахгүй, импорт нь орж ирэхгүй таг гацаад байгаа юм.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд дэх энэ эмх замбараагүй байдал, наашлаад Алтанширээ суманд баригдаж буй Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцжээ.
Нефтийн үйлдвэрт хөрөнгө оруулагчид анхаарал тавьж буй учир ажил нь ном журмаараа явж байх шиг байна. Харин Замын-Үүд дэх явдал замаа алджээ. Хилийн ариутгалын хаалгыг хүн бүр харсан байх. Захын хоньчин хонио угаадаг болсон “технологи”-оос дор юмаар өнөөдөр өмнөд хил дээр тээврийн хэрэгслийг ачаа бараатай нь ариутгадаг гэж байх юм. Тэрийг харсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “...Ийм юм байхаар аргагүй шүү дээ” гэж байгаа харагдав.
Явж явж Хятадын талаас ачаа тээврийг гацааж байгаа нь ариутгалын хаалгатай холбоотой гэсэн дүнд хүрэв үү, яав. Өнөөдөр өмнөд хил яагаад ийм ядарсан ариутгалын төхөөрөмжтэй байгааг шалгуулах хэрэгтэй гэсэн шахалтыг олон нийтийн зүгээс тавьж байна.
Юутай ч Ерөнхий сайд Замын-Үүдээр ачаа орж ирэхгүй гацаж, иргэдийг бухимдуулж байгаа явдлыг 30 хоногийн дотор цэгцлэх үүргийг албаныханд өгсөн байна.
Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр уг явдал зөвхөн ариутгалын төхөөрөмжөөс ч болсон хэрэг биш ажээ. Тэнд ажилладаг гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийнхний үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг тээвэрчид, үйлчлүүлэгчид нэг дуугаар хэлж байна. Хятадын талын ганц үгийг мянга болгож өөрсдийнхөндөө тээг тавьдаг. Тэгээд авлига нэхэж, ачааны ханшийг тэнгэрт тултал өсгөсөн гэцгээж байна. Энэ бүхэн Ерөнхий сайдын хараанд өртөж, чихэнд сонсогдсон эсэхийг бүү мэд.Гэвч Монголын төр энэ асуудалд анхааралд тавьж, хилийн боомтууд дахь идээ бээрийг шахах цаг болсон.
Нэг явган шог байдаг. Нэгэн боомт дахь гаалийн байцаагчийн төрсөн өдөр болжээ. Хамт олон нь тэмдэглэсэн байгаа юм. Нэг нь “...Ландкруйзер бэлэглэе” гэж гэнэ. Нөгөөдүүл нь “...Жижигдэнэ ээ” гэжээ. Бас нэг нөхөр “...Эхнэрт нь, өөрт нь хоёр Ландкруйзер бэлэглэе” гэж. Тэгэхэд нь бас л “...Жижигдэнэ” гэжээ. Сүүлд нь “...Тав хоног ээлжинд гаргая” гэсэн байна. Тэрийг нь “...Тэгж даврааж арай болохгүй ээ” гэсэн гэдэг.
Энэ бодитой ч байж мэднэ шүү. Учир нь Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудал Улаанбаатарт үлгэр домог шиг юм яригддаг. Удаж байна.
Тэнд Монголын хууль үйлчилдэггүй. Энгийн нүдээр харахад “хээрийн хууль” гэмээр ч юм шиг... Маш их валют мөнгөний хөдөлгөөн энэ хоёр боомтод бий. Монголын төрөөс хараат бус, тусгаар тогтносон эдийн засаг тэнд байдаг. Үндсэндээ мафийн зохион байгуулалттай. Толгойлогчид нь улстөрчид голдуу байдаг.
Эдгээр боомт дахь гааль, мэргэжлийн хяналтын албанд санаандгүй хүн хэзээ ч томилогддоггүй. Албан хаагч бүр “эзэн”-тэй. Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ бүхнийг мэддэг байгаад сая очихдоо халаа сэлгээ шууд хийсэн бол эзэд нь усаар бургуйдуулсан оготно шиг гарч ирцгээх байсан юм. Бас төмөр замын тээвэр ч энэ мафийн гарт орчихсон. “Толгойлогч” нар зөвшөөрөл өгөхгүй бол ямар ч аж ахуйн нэгжийн ачааг хариуцсан албан хаагч тээвэрлүүлэх эрхгүй. Ийм л завхрал манай хилийн боомтууд, ачаа тээврийн салбарт нүүрлэчихээд байгаа юм. Даанч удсан л даа. Тэр ариутгалын төхөөрөмж энэ тэрийг албаар ийм байлгаж байж мэднэ. Тийм л аюултай бугшсан систем байгаа юм. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо энэ мэт ард түмний халаасыг тэмтэрдэг, Монголын төрийн нэр хүндийг бардаг, хуулиас гадуурх хүчнүүдтэй “ажиллаж” эхлэх хэрэгтэй. Чадахгүй бол хэрэггүй.
Ерөнхийлөгчийн сонгууль гээд баахан дуугүй суулаа. Наадам хийх үү, үгүй юу гэж нэлээд бодлоо. Одоо энэ бүхэн дууссан. Ерөнхий сайдын хувьд ажлаа хийж, эрх үүргээ хэрэгжүүлэх цаг. Юутай ч Ерөнхий сайд асуудлуудтайгаа нүүр туллаад эхэллээ.
Гэхдээ энэ бүхний дараа Замын-Үүдийг зорьсон нь чухамдаа л нүдээ олсон томилолт болчихов уу даа. Очсон, харсан, одоо үр дүн хэрэгтэй.
Замын-Үүд, Гашуунсухайт хоёрт бий болсон улстөрчдийн оролцоотой эдийн засгийн мафийг Ерөнхий сайд мэдэж байгаа юу. Мэдсэн бол тэр мафийн зохион байгуулалттай системийг задалж чадах уу гэдэг их чухал. Чадвал Монгол төр цэвэршинэ. Авлига буурна. Энэ улсын том, жижиг эдийн засгийг авч яваа бизнесмэнүүдийн нуруу амарна. Ард нь ард түмний амьдралд шууд сайн нөлөө үзүүлнэ.
Эцэст нь нэг жишээ сануулъя. Сингапурын удирдагч Ли Куан Ю амжилтынхаа шалтгааныг цөөхөн үгээр тодорхойлсныг бүгд уншсан байх. Тэрбээр “...Сингапурын хөгжлийн нууц бол хамгийн чадвартай хүмүүсийг сайд, удирдах албан тушаалд томилж, мэдлэг чадварыг дээдлэх зарчмыг нийтийн албанд тууштай хэрэгжүүлсэн” гэсэн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.5 ДАВАА № 133, 134 (6610, 6611)