Т.САЙХАН
Засгийн газраас Ерөнхийлөгчид 25 оронд суух Элчин сайдыг томилуулах саналаа хүргүүлсэн. Тэгвэл ЕТГ-аас эдгээр 25 горилогчдоос Кувейтэд Элчин сайдаар томилохоор оруулж ирсэн Н.Наранбатын нэрийг татжээ. Улмаар 24 нэр дэвшигчийн асуудлыг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байна.
Байнгын хорооны хурлын үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар: -Монгол Улсад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд гадаадад улсад суух Элчин сайдуудыг томилдог. Элчин сайд нарыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг. Засгийн газар Ерөнхийлөгчид 25 орны Элчин сайдыг томилох санал оруулж ирсэн. Эндээс 24 нэр дэвшигчийг УИХ-тай зөвлөлдөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байгаа юм. Хар тамхитай холбоотой нэг нэр дэвшигчийг өргөн мэдүүлээгүй. Хэрэг нь шалгагдаж буй учраас оруулж ирээгүй гэж ойлгож болно. Нэг Элчин сайдыг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж байна. Энэ нь ОХУ-д сууж буй Элчин сайд Д.Даваа. Тэрбээр өөр ажилд шилжин ажиллаж буй учраас шинэ Элчин сайд томилж байна. Бусад Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломатууд юм. Тэд салбартаа олон жил ажиллаж, холбогдох шалгуурыг хангасан. Мөн төрийн тусгай албанд ажиллаж байсан таван хүн орж ирж байна. Өмнөх жишгийг бодвол харьцангуй мэргэжлийн төвшний хүмүүс оруулж ирэх хандлага барьж байгаа. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд сайдаар ажиллаж байсан зарим хүмүүсийг томилж ажиллана" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn