Б.ДОЛЖИНЖАВ
Улаанбаатартаа хамгийн тансагтаа багтдаг нэгэн цамхагийн 17 давхарт “MN17” хэмээх тав тухтай орчинтой, өнөө цагийн шилдгүүд үзэсгэлэнгийн нээлтээ хийдэг уран зургийн галерей байдаг. Тус галерейд зургаа дахь үзэсгэлэнгээ гаргасан нэгэн содон уран бүтээлч бүсгүйтэй саяхан уулзлаа. Бид яриагаа үзэсгэлэнгийн талаар бус байгалийн тухай, хөдөөгийн тухай хүүрнэлээр эхлүүлсэн юм. Өмнө минь суух даруухан зураач, дизайнер бүсгүйн нэр нь Б.Дөлгөөн. Гэхдээ уран бүтээлүүдийг нь харвал түүний дотоод ертөнц нэр болоод гадаад байдлаасаа огт өөр “дурсгүй” байв. Зургаа дахь үзэсгэлэндээ “SYNCHRONICITY” хэмээх психоаналист Карл Юнгийн дэвшүүлсэн философийн нэр томьёог оноосон нь түүний “дурсгүйтэл”-ийн нэг илрэл. Хоёр ба түүнээс дээш үйл явдал нэг цаг мөчид нэгэн зэрэг тохиох, нэг үгээр хэлбэл учир утгатай давхцал хэмээн “SYNCHRONICITY”-г тайлбарлаж болно. Үзэсгэлэнд зураг, даавуун материалыг ашиглан коллаж маягаар хийсэн холимог техникийн ажил, инстолляц, хувцас-ихэвчлэн даашинз, медиа артын бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн тухай урлаг судлаач Б.Учрал “Уран бүтээлч Б.Дөлгөөн сүүлийн жилүүдэд уран зураг, хувцас болон даавуун материалыг контемпорари хэллэгт хөрвүүлэн орон зайд байрлуулах буюу инстолляцийн бүтээлүүд хийх болсон. Энэ нь хувцас загвар гэгч зүйл зөвхөн тайзан дээр амьдардаг бус бидний дэргэд ч урлаг хэлбэрээр оршин байдаг гэсэн контекст юм. Тэр өөрийн зурсан зургийн хажууд элдэв чимэг үгүй энгийн даавуугаар урласан хувцсыг зэрэгцүүлэн байрлуулсан нь тухайн зурагтайгаа ямар нэгэн учир холбогдлоор холбогдсон байх нь өнөө л учир утгатай давхцал гэлтэй. Түүний бүтээлүүдийн ерөнхий өнгийн тоглолт нь зөөлөн эмзэг, анир үгүй. Гэхдээ бүтээл бүр өөрийн хэллэгтэй, ямар нэгэн зүйлийн хүүрнэл мэт машид өгүүлэмжтэй. Магад энэ үзэсгэлэнд нэг час улаан, тод шар өнгө орж ирсэн бол үзэсгэлэнгийн ерөнхий өнгөтэй зөрчилдөх нь гарцаагүй” гэж ярилаа.
Зураач, дизайнер Б.Дөлгөөн дотоод мэдрэмжээ эхлээд зургаар илэрхийлсэн бол дараа нь хувцсаар, эхлээд хувцсаар илэрхийлсэн бол дараа нь зургаар гэхчлэн зураач болоод дизайнер гэсэн мэргэшлээ эн тэнцүү зэрэгцүүлэн тун чадварлаг авч яваа яахын аргагүй өвөрмөц уран бүтээлч юм. Зураг болоод хувцаснуудыг нь харваас ийм зөөлөн хүний хаанаас нь гарсан юм бэ гэмээр хурц, содон шийдэлтэй байдаг.
Ийм л учраас нэр нь Б.Дөлгөөн ч уран бүтээл нь “дурсгүй” хэмээн бичвэрээ нэрийдэв. Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач-дизайнер мэргэжлээр 2005 онд төгссөн Б.Дөлгөөн “MN17” галерейгаас жил бүр зохиодог “MN ART FAIR” дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр өнгөрсөн оны “ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ”-ээр шалгарч байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)