Т.САЙХАН
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улс нийт зургаан удаа Өршөөлийн үзүүлэх тухай хуулийг баталсан ба 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар зарим этгээдэд захиргааны ба зөрчлийн шийтгэлээс хамтад нь чөлөөлж байжээ.
Хорих ангид 2021 оны зургадугаар сарын 24-ны өдрийн байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял буюу албадлагын арга хэмжээ авагдсан 4529 нийт 9987 ялтан, хоригдсон этгээд байна.
Нэг хүний хоолонд өдөрт 6000-8000 төгрөг зарцуулдаг байна. Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх нь халдвар авах эрсэлтэй байна гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд 168 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль нь төлөгдөөгүй байна.
Өршөөлийн хууль батлагдсанаар эхний ээлжид 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөнө. 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасна. Өсвөр насны 25 хүүхэд суллагдана. Хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын арга хэмжээ авагдсан 3915 хүмүүс Өршөөлд хамрагдах юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өршөөлийн хууль нь байнга хэрэглэгдэх хууль биш. Энэ удаагийнх хамгийн сүүлийн удаа байгаасай. Тиймээс хоёр намын бүлэг ажлын хэсэг байгуулаад өршөөлд хамрагдах хүрээг нь тэлээд нэг удаа өршөөсөн шиг өршөөе.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Д.Ганбат гишүүнийг Хууль зүй, байнгын хорооны дарга байхад 2015 онд үзүүлсэн Өршөөлийн хуулиас болж Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Эргээд саарал жагсаалтад ормоор байвал өршөөлд хамрагдах хүрээ хязгаарыг тэлж болно. Би мөнгө угаах, терроризмтэй тэмцэх үндэсний хороог ахалдаг. 2022 онд ФАТФ-т тайлангаа хүргүүлж 2023 онд хамгаалалтаа хийнэ. Бид хэд, хэдэн үүрэг хүлээсэн. Товчхондоо ФАТФ-ын 40 жагсаалтын хэрэгжилтэд нийцүүлж Өршөөлийн хуулийг баталсан.
Эх сурвалж:www.polit.mn