Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Дэлхийд Тунгуссийн гэж нэрлэгдсэн солир унажээ. Төв Сибирийн өргөн уудам нутгаар Доод Тунгус болон Лена мөрний саваар асар том галт бөмбөлөг дуутай, гэрэлтэйгээр нисэн унахдаа маш хүчтэй дэлбэрчээ. Цохилтын долгионд нь 40 км-ын радиустай газар ой мод унасан байв. Дээр нь ойн түймэр сүйрлийн бүсийг нэг мөр сүйтгэсэн байна. Хэд хоногийн турш ер бусын их гэрэл гэгээтэй байсан нь “1908 оны зуны гэрэлт шөнүүд” гэсэн яриаг гарган байлаа. Эрдэмтэд олон тооны таамаг давшүүлж байсан ба 1927 оноос хойш тэнд солир хайсан боловч уг газарт солир унасаны тогоо үүсээгүй байсан юм. Маш бага нягтралтай, амархан задардаг, хэврэг бөгөөд кинетик эрчим хүчтэй биет дэлбэрэн замхарсан гэх таамал бүхнээс илүүтэй яригддаг.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1946.06.30. АНУ Маршаллын арлуудын Бикинийн шүрэн арал дээр анхны цөмийн туршилтыг хийсний дараа “Бикини” гэсэн үг ихээхэн дэлгэрсэн байв. “Эйбл” гэж нэрлэсэн туршилтын зорилго нь цөмийн зэвсгээр тэнгисийн флотод өгөх цөмийн цохилтын үр дагаварыг тогтоох ёстой байв. Бай нь Японы олзны хөлөг онгоцнууд байлаа. Маршаллын аралд долдугаар сарын 1 болж байхад өглөөний есөн цагт туршилтыг хийсэн ба Европт зургадугаар сарын 30 байжээ. Дэлбэрэлтээр бүхэл бүтэн флот сүйрсэн ба зургийг өнгөтөөр авсан учир хэвлэл мэдээллээр ихээхэн сурталчилж байжээ.
1960.06.30. Заир улс Бельгийн хамаарлаас гарч тусгаар тогтнолоо зарлажээ. Өмнөх эзэд нь тус орны байгалийн баялагаас тийм ч амар салах бодолгүй байснаас тус улсын анхны ерөнхий сайд Патрис Лумумбагийн засгийн газрыг унагаж, түүний амийг хөнөөжээ. Шинэ Засгийн газар нь уг орныг Заир гэж нэрлэсэн ба тус улсад 1997 оноос хойш өмнөх нэрээ аваад шинэчлэл хийхээр оролдож байгаа ч өнөөдөөр Ардчилсан Конгын нутаг дэвсгэрт дөрвөн хэлээр ярьдаг дөрвөн улс үүсээд байгаа юм.
1964.06.30. Сарны зургийг анх удаагаа ойрын зайнаас авчээ.
1970.06.30. Их Британи, Дани, Норвег, Ирланд улс Люксембургт Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх талаар хэлэлцэж эхлэв.
Эх сурвалж www.zms.mn