П.АМГАЛАН
Өнөөдөр дэлхийн театрын өдөр (2025.03.27) тохиож байна. 1962 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэхүү өдрийг ЮНЕСКО-гийн харьяа Олон улсын театрын институт санаачилсан байдаг. Театрын эх орон хэмээдэг Францын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож, өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Ийнхүү наадамд оролцогчид “Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван” уриан дор нэгдэж, тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэсэн байна.
Харин манай улсын хувьд 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж, тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг, хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ.  Энэ өдөр  дэлхийн өнцөг булан бүрд оршин буй уран бүтээлчид, жүжигчид, найруулагчид болон үзэгчид  театрын урлагийн үнэ цэнийг хүндэтгэн тэмдэглэдэг баярын өдөр юм. 

Мөн энэ жилийн  дэлхийн театрын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр, Соёл судлалын “Эрдэнийн очир” нийгэмлэгтэй хамтран  “Театрын өчигдөр ба өнөөдөр” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн  энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд театрын урлагийн түүхэн хөгжлийг харуулсан ховор нандин гэрэл зургууд, тайзны хувцас, эд хэрэглэл, архивын баримтууд болон сонирхолтой бусад үзмэрүүдийг та бүхэн үзэх боломжтой.

Мөн өнөөдөр  УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн дунд гүн сэтгэгдэл үлдээж, урлагийн гайхамшгийг  мэдрүүлсээр  буй театрын оргил бүтээлүүдийн нэг болох Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан, Нобелийн шагналт Южин О’Нилийн зохиол  "Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг үзэгчдэд хүрнэ.  Жүжигчдийн ур чадвар, тайзны уран бүтээл, гэрэл, хөгжим бүр төгс хослон, үзэгчдийг бодит байдлаас тасалж, шинэ ертөнцөд хүргэх мэт гайхамшгийг танд мэдрүүлэх болно.

Түүнчлэн  "Мөрөөдлийн театр"-ын 24 дэх тайзны уран бүтээл болох "Samsara" Тэртээх хоёр зүрх  жүжиг  СТӨ-нд болно.  Та инээж, уйлж, амьдралыг илүү амттайгаар мэдэрмээр байвал Самсараг зориорой.

Эх сурвалж:www.zms.mn