Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн  ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газар хуралдаж, Эрүүл мэндийн салбарт санхүүжилт нэмэх зорилготой төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт нэмж 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн төсөлд тусгасан. Мөн айл өрх, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал олгох саналыг төсвийн төсөлд тусгасан. Мөн айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны, хог хаягдлын хураамжийг он дуустал үргэлжлүүлэн төрөөс олгохоор тусгасан төсвийн тодотголыг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Эрүүл мэндийн салбарт нэмж олгож буй төсвийн санхүүжилтийг ямар зүйлд зарцуулах талаар тодруулга хийе. Тодруулбал, "Улаан бүс"-д ажиллаж буй 13 мянган эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, мөн бусад байгууллагуудад ажиллаж байгаа 19.5 мянган ажилчинд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгох, мөн "Улаан бүс"-д ажиллаж буй эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх санал төсвийн тодотголд туссан.

 Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоход улсын төсвөөс зарцуулагдана. Харин айл өрхийн цахилгааныг "Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагын үүднээс, сайжруулсан түлшний үнийг 50 хувиар буулгах асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл сунгах талаар тусгасан.

 

Аймаг, орон нутгийн наадмыг долдугаар сарын 20-ноос хойш тэмдэглэж болно. Гэхдээ зөвхөн УОК-ын шийдвэрээр буюу эрсдэлийн үнэлгээнд үндэслэж тэмдэглэх боломжоор хангана. Өөрөөр хэлбэл заавал тэмдэглэнэ гэсэн үг биш. Зарим аймгийн хувьд санаачилгаар наадам хийхгүй гэсэн шийдвэр гаргаж буйг харсан байх. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Засаг дарга мэдээлсэн байсан. Үүнийг тухайн аймгийн удирдлагууд өөрсдөө шийдвэрлэх боломжтой. Тэмдэглэнэ гэвэл УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдэж байж, өвчний нөхцөл байдалд үндэслэж, шийдвэр гаргана" гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Улаан бүсэд ажиллаж буй ажилчдын цалинг нэмнэ гэсэн Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал бий. Дөрөвдүгээр сард хамтарсан тушаал гарч, долдугаар сарын 1-нээс мөрдүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулан, тарифыг шинэчилсэн. Үүнд тухайн ажилчдын цалингийн 50 хувийн нэмэгдлийг тооцож оруулсан. Тэгэхээр долдугаар сарын 1-нээс "Улаан бүс"-д ажиллаж буй эмч, сувилагч, бусад ажилчдын цалинг тооцож оруулсан. Цахимаар наадам хийх болсон.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 16-ны ажлын өдрийг 21-ний өдөр рүү шилжүүлсэн. Наадмын өдрүүдэд 9-10 хоног амралтын байдалтай байна. Энэ үед төрийн албан хаагчдаа уриалахад болж өгвөл хотод биш, цэвэр агаарт байх боломжуудыг  эрэлхийлж, УОК-оос шийдвэрүүд гарч байна. Хөдөлгөөний нягтралыг багасгаж, хотоос зайдуу, гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn