Б.ОД
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Халдварын 50 орчим хувь нь шинж тэмдэггүй тархаж байгаа тул халдвартай хүнийг бид мэдэхгүй байна. Тэр дундаа сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусын халдвараар өвчилж, хүндрэх эрсдэл их байна. Халдваргүй жирэмсэн болон халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг харьцуулбал эхийн эндэгдэл зарим улсад хоёр дахин нэмэгдсэн. Харин манай улсад одоохондоо нэг хувьд хүрэхгүй байгаа ч цаашид бид сэргийлэх ёстой. Жирэмсний 28-32 долоо хоногт тухайн эмэгтэйн амьсгалын зам болон зүрх судасны тогтолцоо маш их ачаалалтай байдаг нь өвчинг хүндрүүлж байна. Жирэмсний чихрийн шижинтэй бол хүнд хэлбэрээр өвдөх нь 66 хувьтай байгаа. Мөн ихэр болон олон төрсөн жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх эрсдэлтэй байгааг анхаарах ёстой.Тиймээс халдварын шинж тэмдэг илэрсэн жирэмсэн эмэгтэй маш яаралтай хяналтын болон ерөнхий эмчдээ хандаж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Дур мэдэн ямар нэг эмчилгээ хийхгүй байхыг зөвлөж байна" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn