Б.СОЛОНГО
Өвөөгийн алхаа ширүүн гэж. Хоёр давхарт байх манай оффисын шатаар харайгаад харайгаад гарчихав. Халдварт өвчин их байхад гэрт нь очиж төвөг удаад яахав гээд 91 настай хүнийг ажил дээрээ урьчихаад санаа зовж суусан би, өвөөгөө дагуулж хань болж цуг ирсэн ач хүү бид хоёр харин алхаанд нь чирэгдэх янзтай, хоцросхийгээд араас нь гарав.
Сэвэлзсэн хөнгөн шаламгай энэ өвгөн бол Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Содномдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хүүхдийн зохиолч, сэтгүүлч Юндэнгийн Санжаагончиг. Өөрөөс нь ердөө есөн жилээр ах Ардын хувьсгалын түүхэн 100 жилийн ойд зориулж бичсэн “Зуузуугийн зугаатай аялал” нэртэй будаг нь ханхалсан шинэхэн номоо тэвэрсэн түүнийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьсан нь энэ.
1956 онд тэр үеийн хүүхдийн ганц хэвлэл “Пионерийн үнэн” сонинд анхны бүтээлүүд болох “Болжмор” шүлэг, “Хоньчин хүү” өгүүллэгээ хэвлүүлснээс хойш 60 гаруй жил хүүхдийн ертөнцөд оюун ухаанаа зориулж олон арван зохиол бүтээл туурвиж өнөөдөр ч үзэг цаас нийлүүлсээр суугаа энэ хүний амьдралыг сонины ганцхан хуудсанд багтаахад хэцүү санагдана.
Амьдрал замналын товч түүх
Зохиолч, сэтгүүлч Ю.Санжаагончиг.
Хэвлүүлсэн номын жагсаалт.- “Хоньчин хүү” 1962 он /өгүүллэг/
- “Шувуухайн байшин” 1968 он /өгүүллэг/
- “Ойн гурав” 1978 он /хүүхэлдэйн жүжиг/
- “Улаан цэцэг” 1982 он /өгүүллэг/
- “Зүйр цэцэн үг” 1985 он / эмхэтгэл/
- “Цэцэг” 1990 он /шүлэг, найраглал/
- “Ойн эзэд” 1997 он /тууж/
- “Мөнхийн санаа” 2002 он /түүвэр/
- “Хан Хэнтийн хүчтэнүүд” 2003 он /Ш.Батжаргалтай/
- “Гөлөг гавар хоёр” 2007 он /шүлэг/
- “Батноров” 2009 он /Б.Өлзийсүрэн нартай/
- “Цоохор найз” 2011 он
- “Угалзан эвэрт” 2011 он
- “Эрвээхэй” 2011 он
- “Хэнтий нутгийнхнаа дурсахуй” 2013 он
- “Батноров” 2013 он /монгол бичгээр/
- “Амьдралын минь дурсамж” 2015 он
- “Буяны цагаан суварга” 2017 он
- “Хэрэмний нулимс” 2018 он
- “Мөөгөн хүү” 2019 он
- “Цоохор найз” 1.2.3 комикс 2020 он
- “Эрдэнэ толгойн нууц” 2020 он
- “Зуу зуугийн зугаатай аялал” 2021 он
Тэрбээр 1930 онд одоогийн Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутагт аав, ээжийнхээ ууган хүү болон мэндэлсэн. Долоон нас хүртлээ элэг бүтэн аз жаргалтай амьдарсан түүний амьдралыг ямар хар сүүдэр дайрсан нь уншигч танд бараг ойлгомжтой биз дээ. Аав С.Лувсанжамц нь лам хүн байсан бөгөөд 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, ялын дээд хэмжээ аваад алтан амиа алдсан байна. Сүүлд 1991 онд аавыг нь цагаатгасан байна. Гурван настай дүү, ээжтэй гурвуулаа эд хөрөнгө орон гэрээ хураалган хаягдаад ээж Ю.Дугаржавынхаа төрсөн ах, нагац лам Юндэнгээ бараадан амьдрах болжээ. “Бид лам ахынхаа буянд л өсч өндийж хүний зэрэгтэй амьдран суух болсон юм даа” гэж тэрээр дурсав. 1940 оны намар нэгдүгээр ангид орохдоо эсэргүү болсон ааваараа овоглож болохгүй байсан тул нагац ахынхаа нэрийг авч Юндэнгийн Санжаагончиг хэмээн бүртгүүлсэн нь насан туршийн дуудах алдар нь болсон түүхтэй аж. Төрсөн ганц дүү нь бага сургуулиа төгсөөд уушгины өвчнөөр өөд болж, ээж нь 1950-иад оны үед өвчнөөр бурхан болж, ээжийнх нь сүүлд ханилан суусан ч мөн л удалгүй хорвоог орхисон хойд эцэг Цэдэнжамцаас нь үлдсэн хоёр дүүтэйгээ үлдэж хоцорсон бөгөөд одоо үр хүүхдүүд нь өнөр өтгөн болж сайн сайхан амьдран сууцгааж байгаа гэсэн юм. Харин лам ах Юндэн нь 1970-аад оны сүүл хүртэл 90 насыг сайхан насалжээ. Санжаагончиг хүү сургуульд ороод нэг их удалгүй гарсан бөгөөд 21 нас хүртлээ хөдөө мал малласан дөрөвдүгээр ангийн гэрчилгээтэй хархүүд 1951 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод багшийн сургуульд сурах завшаан олдсоноор түүний бичиг соёлын их амьдралын гараа эхэлсэн байна.
Гурван жил багшийн сургуульд суралцаж төгсөөд 1954 оноос нутаг орондоо багшилж, амьдралынхаа хань Г.Долгортойгоо танилцаж, олон арван найз нөхөр, шавь нартай болсон байна. Тэрбээр Хэнтий аймгийн Галшар суманд багшлах үеэсээ төв, хөдөөгийн сонин хэвлэлд мэдээ сурвалжлага бичиж эхэлсэн байна. Энэ үеэс хүүхдийн зохиол оролдож, анхны бүтээл “Болжмор” шүлэг, “Хоньчин хүү” өгүүллэг нь “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж, мөн анхны “Хоньчин хүү” өгүүллэгийн ном нь 1962 онд хэвлэгдэж байжээ. Багш мэргэжлээрээ ажиллаад долоохон жилийн дараа 1961 онд Монголын багш нарын гуравдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, “Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан нь ямархан хөдөлмөрч байсныг нь илтгэнэ.
Орон нутгийн сонин хэвлэлд мэдээ, сурвалжлага бичиг өгдөг байсан багш мэргэжилтэй ч идэвхтэн сурвалжлагч явсан Санжаагончигийг 1964 оны зун аймгийн намын хороо нь мундагдаад “Урагшаа” сонины тусгай сурвалжлагчаар томилсон гэдэг. Ингээд нутгаа хэрэн тэнэж олон арван хүнтэй уулзаж сурвалжлан бичсээр 1965 онд Улаанбаатарт мэргэжил дээшлүүлэхээр ирсэн ч намрын ажлаас хоцорсон шалтгаанаар хасагдаад Налайхын сургуульд багшаар ажиллах болов. Үүнээс хойш найман жилийн дараа 1973 онд Шинжлэх ухааны академийн философи, социологи, эрхийн хүрээлэнд шилжин ирж хүрээлэнгийн тулгын чулууг тавилцсан залуу боловсон хүчнүүдийн нэг болжээ. 1990 онд 60 насандаа тэтгэвэрт гарах хүртлээ хүрээлэндээ ажилласан бөгөөд ажлын завсар зайгаараа зохиол бүтээлээ туурвисаар байжээ.
Тэтгэврийн өвгөний хөдөлмөр, бүтээл

Тэр өөрийгөө л тэтгэврийн өвгөн гэж бичсэн байна лээ. Харин миний хувьд залуу насаа сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх ажилд бүтнээр нь зориулсан тэрээр үзэг цаас нийлүүлэх ажлаа ер орхиж байгаагүй ч зохиол бүтээлийнх нь жинхэнэ оргил үе нь тэтгэвэрт гарснаас нь хойш өрнөжээ гэж бодож суулаа. Учир нь 30 орчим ном хэвлүүлэн гаргасны 20 гаруй нь тэтгэвэрт гарснаас нь хойших хугацаанд хамаарч байгаа нь тэгж бодоход хүргэсэн юм.
“Та яагаад хүүхдийн зохиолч болсон юм бэ” гэж би асуулаа. “Багш мэргэжилтэй минь л холбоотой юмдаа. Хүүхдүүдтэй ярьж хөөрч, тэдний гэгээн хүсэл, гэнэн томоогүйтлийг харж, сонсож явдаг, дунд нь орж бужигнаж байхдаа үг бүрийг нь үйл хөдлөлийг бичиж тэмдэглэж авсаар байгаад хүүхдийн зохиол бичиж эхэлсэн. Тиймээс миний уран бүтээлийн багш бол хүүхдүүд гэж хэлж болно. Хүүхдийн уран зохиолчид зохиол бүтээлдээ хөнгөн хуумгай хандаж ер болохгүй. Учир нь үг бүрээрээ хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа. Тиймээс үнэн сэтгэлээсээ хандаж байгаарай гэж зохиолч нартаа би захиж хэлдэг юм” гэж тэр хариулав.
Ю.Санжаагончиг зохиолчийн зохиол бүтээлүүд нь хүмүүжлийн чанартай, танин мэдэхүй, түүх соёлын ач холбогдол, агуулгатай байдаг нь ийм учиртай. 1961 онд түүний “Шалгалт өгсөн минь” хүүхдийн өгүүллэг ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн унших бичигт хэвлэгджээ. Түүнээс хойш олон бүтээл нь сургуулийн сурах бичигт орсон байна. Хамгийн анх бичсэн “Болжмор” шүлэг нь 1950-1960 онд өрнөж байсан нэгдэлжих хөдөлгөөн, атрын аян, байгаль дэлхийтэй танилцах хөдөлгөөн гээд тухайн үеийн аж байдлаас ургасан сэдэвтэй байсан. Тэгвэл түүнээс 60 гаран жилийн дараа 91 насандаа гаргасан “Зуузуугийн зугаатай аялал” номонд ишиг Зуузуугийн адал явдалтай аяллаар өнгөрсөн 100 жилийн түүхийг маш товчхон, энгийнээр өгүүлж орхиж. Зуузуу уурхайд зочилсон нь, Зуузуу хэвлэх үйлдвэрч очсон нь, сансарт ниссэн нь, атарт ажилласан нь гээд он цагийн онцлогуудыг аялалд нь багтааж өгсөн байна. Бүр тоглоомонд донтсон Зуузуу гэсэн хэсэг ч байх бөгөөд орчин үеийн жаалуудын ухаалаг утас, дэлгэцийн хэрэглээг чимхээд авсан хэрэг. Түүний 2011 онд бичсэн ирвэсийн тухай өгүүлсэн “Цоохор найз” бүтээлийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2019 онд “Цоохор найз” комик цуврал болгон хэвлэж байсан бол энэ онд бүрэн хэмжээний анимейшн болгохоор бэлтгэж байгаа гэнэ.
Тэр залуугаасаа л хүүхдүүдийн дунд бужигнасаар байгаад өөрөө яг л хүүхэд шиг. Юм бүхнийг сонирхон чин сэтгэлээсээ уншиж судална, бичиж тэмдэглэнэ. Аль 50, 60 жилийн өмнө бичсэн шүлгээ чээжээр уншина. Бичиж туурвисан зохиол бүтээлүүдээ зарж борлуулж ашиг орлого олох гэхээсээ илүү хүүхдүүдэд бэлэглээд, сургуулиудын номын санд хандивлаад дуусгадаг гэнэ. Мөн сургуулийн сурагчидтай уулзалт хийж ярилцах их дуртай аж. Харин сүүлийн үед чих нь нэлээн хатуурсан учраас уулзалтуудаа хийж чадахгүй байгаа гэнэ лээ.
Үзэг цаас нийлүүлсэн 65 жилийн хугацаанд бичсэн олон шүлэг, зохиол нь сургалтын гарын авлага, дуу, жүжиг зэрэг болжээ. Мөн тэрбээр идэвхтэн сурвалжлагчийнхаа ажлыг хийсээр л яваа. Бага залуу байхаасаа л орон нутгийн хэвлэл сонинд мэдээ, сурвалжлага хийдэг байсныгаа одоо ч болиогүй. Тулгамдсан цаг үеийн асуудал, түүхийн сонирхолтой үйл явдлуудаар егөө, бодрол, тэмдэглэл, шүлэг, өгүүллэгүүдийг өдөр тутмын сонинд хэвлүүлсээр иржээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Монголын үнэн” сонинд “Тэргүүн хорооны дарга Б.Пунцаг”, “Зуун жилийн өмнөх наадам”, “Ялалтын гурван дууг дуулж явсан ахмад дайчин” гэсэн нийтлэлүүдийг гаргасан байна.
“Үзэг цаасаа салгахгүй ээ гэж амалья”

өгүүллэг болох “Хоньчин хүү” нийтлэгдэв.
Өвгөн зохиолч ёстой зүгээр суудаггүй аж. Нэг бол юм бичиж тэмдэглэнэ, эсвэл уншина. Завсраар нь зурагт харна, зурагтаас үзсэн харснаа бас л цаасан дээр буулгана, фэйсбүүк хүртэл гүйлгэнэ. Өдөр тутмын сонингууд заавал уншина. Ялангуяа “Зууны мэдээ” сонины амралт, чөлөөт цагийн буланд тогтмол гардаг монгол бичгийн буланд их дуртай гэсэн. Хөдөлмөөр санагдвал гарч байрны өвгөчүүлтэйгээ даалуу тоглоно. Корона гарснаас хойш хөл хорионд гэртээ бас л зүгээр суугаагүй. “Амьтны үр төл” нэртэй үгийн сүлжээ бүхий номын эх бэлдсэн байна. 12 хуудастай, нэг хуудсанд таван амьтныг оруулсан. Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, танин мэдүүлэх, байгаль эхээ хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой гэж өөрөө тайлбарлалаа. Боломж нь олдвол хэвлүүлэх санаатай гэнэ. Бас хөл хорионы үеэр Монголын нууц товчоог нэлээд сайн нухаж уншлаа гэсэн. Яасан гэхээр Монголын нууц товчооноос 460 гаруй хүний нэр түүж бичээд цагаан толгойн дарааллаар жагсаачихаж. Мөн 35 морины зүс түүгээд биччихэж.
Тэрээр одоо 13-р хороололд 1990 онд хүрээлэнгээс өгсөн байрандаа амьдран суугаа. Тухайн үед хүрээлэнд ганцхан орон сууц хуваарилагдахад олонхийн саналаар түүнд өгч байсан нь амьдралынх нь баярт мөч байсан гэж онцолсон.
Тэрээр ханийнхаа тухай ярих гэнэ. Хамтдаа авахуулсан зургаа оруулна гээд зургийн цомгоосоо хайж багагүй сандрав. Хань Г.Долгор нь 2009 оны намрын эхээр гэнэт өөд болжээ.
“Ээжийгий чинь бодоод аав нь
Шөнөдөө хааяа зүүдлэх юм
Элээсэн амьдралыг нь санахаар
Зөндөө л юм бодогдох юм...
... Нандин хууч дэлгэж яриад
Найз нараа инээлгэж суудаг чинь
Сэтгэл зүрхэнд илхэн байх юм
Сэм сэмхэн бодогдоод л байх юм” гэж харууслын хэдэн мөрт тэрлэчихээд дусал нулимс унагаж сууснаа дурсав. 54 жил гараасаа атгалцаад амьдралын хатуу, зөөлөнг элээсэн болохоор түрүүлээд унаад өгөхөд нь өвгөн зохиолч эмтэрэх нь аргагүй биз. Багын сайхан нөхөд, уран бүтээлийн найзууд, хамтран ажиллагч, шавь нараас нь бурхны оронд үдсэн нь олон гэж тэрээр дурслаа.
Өвөөгийн чих хатуу болохоор ач хүүгээр нь дамжуулан асууж тэмдэглэж авсан өчүүхэн нийтлэл минь энэ. “Та хүүхэд багачуулд юу захимаар байна” гэж би асуусан юм. “Миний үеийн хүүхдүүд, одоогийн хүүхдүүдийн хүмүүжлийн орчин маш өөр болсон шүү дээ. Гэхдээ хичээл номондоо мэрийж байгаарай, ном уншиж байгаарай, аав ээжийгээ хайрлаж, ахмад настнаа хүндэлж байгаарай, эх орондоо тустай сайн хүн болоорой гэж хэлье. Би чинь “Номын гомдол” гэсэн шүлэг хүртэл бичиж байлаа шүү дээ. Хүүхдийн зохиолч бол хүүхдийн хүмүүжил, төлөвшилд асар том үүрэг хариуцлагатай хүмүүс шүү” гээд инээв.
Хүүхдийн зохиолч Ю.Санжаагончигийг 2010 онд МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналаар шагнажээ. Мөн Монголын хүүхдийн зохиолчдын холбооны дээд хүндлэл Б.Содномдоржийн нэрэмжит шагналыг авсан байна. Тэрхүү тэмдгээ байн байн имрэх бөгөөд багшийнхаа нэрэмжит шагналыг хүртсэндээ ихэд баяртай явдгаа хэлж байсан юм. Харин нэг жилийн өмнө буюу 2020 онд 90 насандаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагджээ. Салбарынхан нь түүнийг “Хэт даруухан” гэж дүгнэдэг юм билээ.
Гэхдээ өвгөн зохиолчид тэр шагнал нэг их чухал биш юм шиг санагдсан. Насаараа хүүхдүүдтэй бужигнаж, тэдний оюун бодлоор сэтгэж, бичиж, туурвиж ирсэн энэ хүний хөнгөн шингэн, залуу байгаа нь арга ч үгүй юм уу даа гэж би бодож суув. Түүний дотор хүүхдүүдийн цовоо инээд хадаж, нүүрэнд нь төсөөлөл инээмсэглэл тодорч, бичих, буулгах үгсээ бодож, мартаагүй дээрээ буулгах гэж сандарч явна. “90 нас хүрсэн би ихийг бүтээнэ гэж хэлж чадахгүй ээ. Гэхдээ бурхны заяасан насаа дуустал үзэг цаасаа салгахгүй ээ гэж амалья” гэж тэрээр бидний уулзалтын төгсгөлд хэлсэн юм. Хүүхдийн ертөнцөд булиглан догдолж яваа өвгөн зохиолчдоо уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.28 ДАВАА № 128 (6605)