С.САРУУЛ

Гадаад харилцааны яам нь ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг тогтмол хүлээн авч, УОК-т уламжлан шийдвэрлүүлж байгаа аж. Харин ОХУ-аас Монголдоо ирэх хүсэлтэй байгаа оюутнуудыг хэзээ татан авах талаар ГХЯ-аас тодруулахад “Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 14-ний өдөр хилийн Алтанбулаг авто замын боомтоор ОХУ-д суугаа Монгол Улсын 50 иргэнийг татан авсан. ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн ар гэрийнхэн УОК-ын Шуурхай штабт эсвэл ОХУ-д суугаа иргэд өөрийн улсын ЭСЯ болон Ерөнхий консулын газруудаар дамжуулан хүсэлтээ ирүүлэх боломжтой.

Коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаж 14 хоносон болон сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусын халдвар авч, эмчлэгдэн эдгэрсэн иргэдийн хүсэлтийг УОК-ын Шуурхай штабаас тухай бүр нь шийдвэрлэж, хилээр нэвтрүүлж байгаа. Харин вакцин хамрагдаагүй иргэдийг долоо хоног тусгаарлах байранд тусгаарласны дараа дахин долоо хоног гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Иймд вакцинд хамрагдаагүй иргэд ОХУ-аас ирэх тохиолдолд тусгаарлах байрны хүрэлцээ хангамжаас шалтгаалан иргэдийг нэгдсэн байдлаар татан авч байгаа болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn