Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 20 удаа хориг тавьжээ. Тухайлбал, тэрээр 2017 онд гурван удаа, 2018 онд хоёр удаа, 2019 онд таван удаа, 2020 онд гурван удаа, 2021 он гарсаар найман удаа хориг тавиад байна. Тэр дундаа өнгөрсөн дөрвөн жил дараалан Төсвийн хуульд хориг тавьсан Ерөнхийлөгч байв.   Тэгэхээр түүний хоригийн тоо өмнөх Ерөнхийлөгч нартай харьцуулахад харьцангуй өндөр дүн.  "Полит-Анализ" булангаараа Х.Баттулга Ерөнхийлөгчийн онцлох хоригууд буюу парламент үүнээс хэдийг нь хүлээн авч байсан талаар тоймлон хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВЬСАН 20 ХОРИГООС ХОЁРЫГ НЬ УИХ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан хориг, нөгөө нь УИХ-ын тухай 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан хориг.

УИХ-ын тухай хуулийн 38.2-т Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассан байсанд хориг тавьснаар хууль санаачлах эрх нь хэвээр үлдсэн юм.

Харин Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуульд "хадгалж, хамгаалах шаардлагатай газар нутагт ашигт малтмал олборлох шийдвэрийг төрөс гаргах, ингэж гарсан Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд байна" хэмээн үзэж тавьсан хоригийг хүлээн авч, залруулсан байдаг.

Хоригийн архив: Төсвийн хууль

2017 он: Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьж байв.   Гол агуулга нь   төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл байхыг үгүйсгэхгүй ч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзсэн. Гэсэн ч тухайн үед парламент энэ асуудлыг хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй билээ.

2018 он: Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн хэмээн үзэж Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хэсэгчлэн хориг тавьж байв.  Тухайн хориг мөн л парламентын босго даваагүй.   Хэлэлцүүлгийн үеэр гишүүд “Төсвөө бүрэн уншаагүй, үг үсэг, агуулгын алдаатай, улс төрийн намын өмнө хийсэн зүйлсийг хамгаалсан шинжтэй байна” хэмээн буцааж байсан юм.

2019 он: Төсвийн тухай хуульд мөн л бүхэлд нь хориг тавьсан. Хоригт “Төсөв батлахад УИХ-ын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн  хэмээн үзсэн байдаг.  Гэвч парламент мөн л төсвөө задлахгүйгээр авч үлдэж байсан билээ.

2020 он: Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Хоригт 2020, 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1.424.277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, бүтээн байгуулалтын төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тус тус хориг тавьсан. Эрх баригчид НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж шийдвэрлэсэн билээ.

2021 он: Уламжлал ёсоор 2021 оны Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан.  Тухайлбал,  төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, эрсдэлийн сан байгуулах, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах зэргийг тусгажээ. 2021 оны төсвийг хэлэлцэж байх үеэр сөрөг хүчний зарим гишүүн хөрөнгийн зардалд нийт гурван их наяд 498.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний нэг их наяд 390.4 тэрбум төгрөгийг барилга байгууламж, 83.4 тэрбум  төгрөгийг их засварт, 140.0 тэрбум  төгрөгийг тоног төхөөрөмж бэлтгэхэд, бусад хөрөнгөд 104.1 тэрбум, стратегийн нөөц хөрөнгө бэлтгэхэд 15.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байгааг эргэн харах шаардлагатайг сануулсан. Гэвч Төсвийн хуулийг тэр чигээр нь баталсан.

Ерөнхийлөгчийн тавьсан бусад хоригууд:

2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд - ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд хориг,

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 31 дүгээр тогтоолд хориг,

2021 оны дөрөвдүгээр сарын 06-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг,

2021 оны дөрөвдүгээр сарын 02-нд - "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчилсэн хориг,

2021 оны нэгдүгээр сарын 26-нд - Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг,

2021 оны нэгдүгээр сарын 26-нд - Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг,

2021 оны нэгдүгээр сарын 22-нд - Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг,

2021 оны нэгдүгээр сарын 26-нд - Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг,

2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд - 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг,

2020 оны тавдугаар сарын 26-нд - Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн хориг/хүлээж авсан/

2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд - Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг,

2019 оны арванхоёрдугаар сарын 3 - Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг,

2019 оны есдүгээр сарын 20 - Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг,

2019 оны тавдугаар сарын 30 - Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг /хүлээж авсан/

2019 оны зургадугаар сарын 4 - Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг /Уг хоригийг буцаасан/

2019 оны тавдугаар сарын 14 - Татварын багц хуульд бүхэлд нь хориг,

2018 оны арваннэгдүгээр сарын 15 - Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг,

2018 оны зургадугаар сарын 13 - Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг,

2017 оны арваннэгдүгээр сарын 14 -  Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг,

2017 оны арваннэгдүгээр сарын 3 - 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг,

2017 оны аравдугаар сарын 26 - Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг /УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон тогтоолд/ тус тус хориг тавьж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn