Т.БАТСАЙХАН

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулсан. Тэрбээр зургадугаар сарын 25-ны өдөр буюу ирэх баасан гарагийн морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.  УИХ өнгөрсөн долоо хоногт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.  Ингэхдээ 1993 онд баталсан өмнөх журамд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байдаг.  Тэгэхээр ирэх баасан гаригт болох Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэлээд онцлогтой болох нь тодорхой байна.  Шинээр баталсан болон хуучин журамд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хэрхэн зохион байгуулахаар тусгасныг тоймлон хүргэж байна.

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол

 

• Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч гэргийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод, Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж тусгажээ.


• Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна.


• Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.


• Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална.


• Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.


• Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягатай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.


• Үүний дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион явуулахаар заасан. Энэ заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн, зохион байгуулахаар батлаад байсан юм.  Гэвч цэргийн жагсаалыг цар тахлын улмаас цуцлаад байгаа билээ.


• Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.


• Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.


• Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.


• Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёслон, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна.


• УИХ-ын дарга, Ерөнхий сайд, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж, баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгажээ.


• Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг МҮОНРТВ  орон даяар нэвтрүүлэхээр журамд тусгажээ.  Мөн цар тахлын улмаас энэ жил өргөн хүрээнд сурвалжлах мандатыг олгохгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.24 ПҮРЭВ № 126 (6603)