Ч.ОЛДОХ

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг  УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Соёл, урлагийн салбарт  ачааг үүрч  яваа уран бүтээлчдийн байр суурийг сонирхлоо.

 

Д.Ган-Очир: Оюуны өмчид анхаарах цаг болсон

\МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн Алтан-Өд шагналт яруу найрагч, сэтгүүлч\

-Оюуны өмчийн асуудалд  нэн анхаарах цаг болжээ. Оюуны өмчийн газар гэж байдаг ч сонгуулиас сонгуулийн хооронд  дарга нь  солигддогоос бодлого алга.  Дээр нь соёлын өв бүтээж яваа зохиогч нар одоо ч харъяалал алга. Тус, тусдаа бүтээлээ хийгээд түрээсээс түрээс,  гуйлгаас гуйлгын хооронд явна. Энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Хуульд маш тодорхой тусгах ёстой.

Оюуны өмчийн тухай хуулийг чангатгах, хариуцлагыг нэмэгдүүлэх, оюуны өмчийн газрын үйл ажиллагааг чадавхижуулахын тулд эрх мэдэл өгмөөр байна.  Мэргэжлийн зохиолчийн цалинг сэргээмээр байна. Утга уран зохиолын  баяр, наадмуудыг сэргээн шууд яамны дор санхүүжүүлдэг болмоор байна.

 

Н.Жавзмаа: Соёлын бүх өвийг бүртгэлжүүлэхээр  хуульчилсан нь дэвшил

\Байгалийн түүхийн музейн хэлтсийн дарга\

-Т-Батаарыг Монголд авчрахад хүндрэл гарсан. Дэлхийн таван орны эрдэмтэн энэ дурсгал  Монголоос өөр газар байхгүй гэдгийг нотолж байж  буцааж авчирсан. Монгол газрын хэвлий доор байгаа болон хөрсөн дээр байгаа бүх баялаг ард түмний мэдэлд төрийн өмч гэж Үндсэн хуульд заасан. Гадны улс орнуудад газраа дагаад тухайн хүний  хувийн өмчид орсон байдаг. Шинэ хуулиар соёлын бүх өвийг бүртгэлжүүлэх тухай заалт оруулсан нь маш сайн. Эрдэмтэд өөрсдөө явж  судалж, баталгаажуулсан соёлын өвөө музейдээ өгөх ёстой. Тэгж байж бүртгэлд орно. Өөр газруудад бүртгэл хийгдэхгүй. Гэтэл тэгэхгүйгээр нууцаар өөртөө үлдээдэг, амбиц хөөж өөрийн нэр дээр бүртгүүлэх гэж оролдоод ном журмын дагуу бүртгүүлэх ажлаа хийхгүй байх явдал гардаг. Судалгаа, шинжилгээ хийсэн эрдэм шинжилгээний ажлын тодорхойлолтоо хийж музейд хүлээлгэж өгч, тоо бүртгэл хийгдэж  байж тэр түүхийн дурсгал нь   Монгол Улсын соёлын  өв  баталгаажина. Т-Батаар  ч гэсэн музейгээр дамжиж Монгол Улсын үндсэн хөрөнгө, өмч болж бүртгэгдсэн шүү дээ.

 

Н.Сүхбат: Шинэ хуульд гэрэл зургийн салбар багтсангүй

\МСНЭ-ийн шилдэг гэрэл зурагчин\

-Дэлхий нийт соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар гэж үздэг гэрэл зураг бараг тусгагдаагүй шинэ “Соёлын хууль” мэндэллээ. Тусгаар Монгол Улсын эхэн үеийн “Кино зургийн газар”, социалист Монголын “Улсын гэрэл зургийн газар”, ардчиллын үеийн “Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо” нь бие даасан соёлын байгууллага мөн гэдгийг, гэрэл зураг урлагийн нэгэн төрөл мөн болохыг төрийн түшээдэд ойлгуулах гэж үгээ шавхан сонин хэвлэлд нийтлэл тавьж, эрхэм гишүүдэд хүсэлт, захидал бичиг хүргүүлээд барсангүй. Хаа байгаа дүрслэх урлагийн төрөл дэх визиуал урлаг дотор уран сайхны гэрэл зураг гэж оруулсан хоршоо дөрвөн үгээр бамбай хийж биднийгээ хуурлаа. Хууль зохиогчид гэрэл зургийг мэдэж хэрэглэсээр байж үүргийнхээ дагуу зурагчдын үйлийг баралгүй эхнээс нь соёлын бусад байгууллагуудтай адилтгаад оруулчихаж ч яадаг юм бэ. Байнгын хороо, нэгдсэн хуралдаан гээд гишүүд гурав дөрөв хоног энэхүү хуулийг танхимд хэлэлцлээ. Монголын гэрэл зурагчид гурав дөрөв хоног танхим руу чих тавьж, тийш хүсэлт тайлбар илгээж, өөр хоорондоо хуралдав. Нэр дэвшиж сандарч явахдаа та нар улс амьтанд өөрсдийгөө уран сайхны гэрэл зургуудаар минь илүү гоёор таниулж, ялалт байгуулж гарч ирэнгээ хөөрхий зурагчид биднийгээ "хөсөр" хаяж байх шиг.

Хуультай ч хуульгүй ч Монголын гэрэл зургийг зурагчид бид иргэний ухамсраараа нуруундаа үүрч ирсэн. Үүрсээр байна. Үүрэх ч болно. Хуульд хавчуулагдах гэж зүтгэсээр байтал “жийчхээд” урлаг соёлынхны адил уралдаан тэмцээний болзолт шагнал авах болохоор, уран бүтээлийн төсөлд хамрагдаж дэмжлэг авъя гэхээр, ганц зураг улсад зарах болохоор заалтанд алга, “зурагчин хүн биш” гэж хэлээд үзээрэй гэх байна. Хэзээ энэ хууль шинэчлэгдэхийг хэлж мэдэхгүй! Хэзээ  монголчууд гэрэл зургийг урлагийн бие даасан төрөл гэж ойлгохыг бүр ч таашгүй.

 

Ч.Дагмидмаа: Төр уран бүтээлчдээ  дэмжих хэрэгтэй 

\МЗЭ-ийн  гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч\

-Үндсэндээ соёлын болоод  урлагийн суурь бодлого алдагдсан мэт санагддаг. Ид хийж бүтээж туурвиж байгаа хүний хувьд хэлэхэд уран бүтээлчдэд улсаас дэмжлэг тусламж огт байхгүй болсон. Зохиолынхоо судалгааг хийгээд бичээд туурвиад л ажилгүй, нийгмийн даатгалгүй, Монголын зохиолчдын эвлэл \МЗЭ\-ээс өөр харъяалах байгууллага,  бидний дуу хоолойг сонсох газаргүй болсонд  эмзэглэж явдаг. Соёлын тухай хуульд энэ асуудлыг анхаарч байгаа гэж найдаж байна.

 

Ж.Дэнсмаа: Кино урлагаар  соён гэгээрүүлэх  бодлого  дутмаг байна

/Кино зохиолч, найруулагч/

-Соёлоор дамжуулж нийгмээ соён гэгээрүүлдэг учраас  хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа нь цагаа олсон асуудал. Манай улс  кино урлагийг нийгэм рүүгээ чиглүүлж, соён гэгээрүүлэх цаг болсон. Кино урлагийг хөгжүүлэхэд төсөв мөнгө их орно, энэ  байх асуудал. Түүний ард чанар, бодлогын гээд асуудал бий. Дэлхийд өрсөлдөхийн тулд юуг гол болгож барих,  утга агуулга ямар байх вэ. Тендерийг нь сайд, дарга нар танил талаараа өгчих вий гэдэг болгоомжлол байдаг.  Бид өнөөдөр ирээдүйгээ бүтээх гэж байгаа тийм учир аливаа зүйлд үнэн сэтгэл, чадварлаг бүтээлч  байх хэрэгтэй. Аль ч талдаа үүнийг эсрэг яваад байвал улс орон маань яаж хөгжих билээ.

Монголын нийгэм үүх түүх, өв соёлоор дутагдаж байвал түүний тухай түлхүү кино бүтээх, телевизүүд мөн  ялгаагүй. Ард түмнээ эрүүл мэндийн боловсролтой болгоё гэвэл түүн рүү чиглүүлсэн кино хийлгэх. Тэр бодлого нь ард түмнээ соён гэгээрүүлэхэд чиглэнэ. Өнөөгийн нийгэмд соён гэгээрэл их хэрэгтэй байна. Манайд олон намын системтэй болсноор нэг нам  гарч ирээд  янз бүрийн үзэл бодлыг тулгадаг ярьдаг. Тэгж цензурдэж болохгүй. Хэрэв тэгвэл кино урлаг биш болно. Ард түмнээ мэдэрч, ирээдүй хойч үедээ түүх уламжлалаа өвлүүлэх, дутаж байгаа мэдлэгийг киногоор нөхөх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манай телевизийн сувгуудаар  Хятад, Солонгос сериал, элдэв  хүчирхийллийг харуулсан киногоор дүүрлээ. Хүүхдийн кино хүртэл ээж, аав нь хэрэлдээд байж байх жишээтэй. Иймд бид кино урлагаа анхаарах цаг болсон. Түүн дээр боловсон хүчнээ ч бэлтгэн гаргадаг сургуулийг ч бодох цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.23 Лхагва № 125 (6602)