С.САРУУЛ

УОК-оос баталж байсан тусгай үүргийн болон ИНЕГ-аас баталсан тогтмол нислэгийн ялгаан дээр олон нийт багагүй төөрөлдөж байна. Тиймээс дээрх хоёр нислэгийн ялгааг хүргэе.  

Тусгай үүргийн нислэг:

-Олон улсад тархсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар агаарын хил хаах шийдвэр гаргаж бусад улс орноос нислэг хүлээн авахгүй байх хугацаанд  УОК нь гадаад улсаас монгол иргэдээ татан авчирах тусгай үүргийн нислэгийн хуваарийг батлан гаргаж байсан.

Ингэхдээ цар тахлын дотоод халдварлалт, гадаад улс орноос тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ тусгаарлах зочид буудал, байрны нөөц боломждоо тулгуурлан тусгай үүргийн нисэлгийн хуваарийг батлан гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Авиакомпаниуд нь улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, УОК-аас гаргасан хуваарийн дагуу олон улсад тусгай үүргийн нислэг үйлдэхдээ нэг талдаа зорчигчгүй, эдийн засгийн хохиролтой байсан ч монгол иргэдээ татан авчирах ажлыг амжилттай биелүүлж ажилласан билээ.

Тусгай үүргийн нислэгийн зорчигчид нь тухайн улс оронд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яаманд хандан суудлаа захиалж байсан юм.

Тогтмол нислэг:

-Иргэний нисэхийн ерөнхий газар нь  2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх олон улсын тогтмол нислэгийн хуваарийг баталж олон нийтэд мэдээллэсэн. Үүний дагуу тогтмол буюу хуваарьт нислэгүүдийг авиакомпаниуд үйлдээд явж байгаа.

Мөн ирэх долдугаар сарын тогтмол нислэгийн хуваарийг өчигдөр буюу 2021 оны 6-р сарын 21-ний өдөр баталсан.  

Олон улсын тогмол нислэгийн хуваарийг Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу, цаг үеийн нөхцөл байдал, зорчигч урсгалтай уялдуулан гаргаж байгаа бөгөөд зорчигчид нь энгийн үед олон улсад зорчихдоо хэрхэн билет захиалга хийдэг байсан, яг тэр хуучин зарчимаараа захиалга хийнэ гэсэн үг юм. Тодруулбал, иргэд билет борлуулагч агентуудад хандаж хаанаас хаа хүрэх нислэгийн тийзээ захиална.Тиймээс гадаад улс орноос аль нэг улсаар дамжин Монголд ирэх гэж байгаа зорчигчид транзит хийх улсынхаа Элчин сайдын яамдад хандах биш, түр оршин суугаа улс орныхоо онгоцны билетийн касс борлуулагч агентуудад хандаж тийзээ захиалаарай.

Монголоос гадаад улс орон руу зорчих иргэд мөн адил билетийн кассуудад хандаж тийзээ захиална. Гэхдээ зорчин очих улсынхаа гадаад иргэдэд тавигдах,  цар тахалтай холбоотой шаардлага, дүрэм журмыг иргэд өөрсдөө судалж зорчих хэрэгтэйг зөвлөх байна.

Эх сурвалж: www.polit.mn