Н.ГАНЦЭЦЭГ

 

Цар тахлын дараах эдийн засгийн Их сэргэлтэд зэхэж буй энэ цаг үед, төсвийн орлогын 20%-ийг дангаар бүрдүүлдэг нүүрсээ “шүтэн” амь зуудаг Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өнгөрсөн гуравдугаар сард хийсэн мэдэгдэл лантуугаар дэлсэх мэт цохилт болов. https://news.un.org/en/story/2021/03/1086132

Антонио Гутерришийн мэдэгдэл дэлхийн улсууд, тэр дундаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн болох 37 орон уур амсьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэж, 2030 он хүртэл үүрэг хүлээсний хувьд нүүрсний төслүүдээ цуцлах цаг болсныг дохиолсон юм. Нүүрсний аливаа төслийг санхүүжүүлэх үйл ажиллагаагаа шууд зогсоож, хүлэмжийн хий ялгаруулдаггүй эрчим хүч рүү шилжиж яваа хөгжиж буй орнуудад илүү их дэмжлэг үзүүлэхийг эг мэдэгдлийнхээ хамт тэрбээр уриалав. Энэ нь дэлхий нийтээрээ хор уршгийг нь амсаж буй уур амьсгалын өөрчлөлтийг бага ч болов сааруулж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 1990 оны түвшинд хүргэх зорилтод хамгийн дөт хүрэх зам учраас тэр. Дэлхий нийтээрээ нүүрснээс зоригтой татгалзаж, шийдэмгий алхам хийхээс аргагүй болж байгаа нь энэ.

 

Дэлхийн дулаарал ба Монгол

 

Дэлхийн дулаарлын нөлөөг хамгийн их амсаж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж, эмзэгшиж байгаа орнуудын нэг бол Монгол. Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан сүүлийн 30 орчим жилд манай гарагийн агаарын дундаж температур 1.1 градусаар нэмэгдсэн бол Монгол Улсад энэ өөрчлөлт 2.5 дахин эрчимтэй өрнөж байна. Сүүлийн 20 жилд л гэхэд дэлхийн дулаарлаас үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдэл буюу аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, мөндөр өмнөх 10 жилтэй харьцуулахад манай улсад төрөл зүйл бүрээрээ ХОЁР ДАХИН нэмэгдсэн болохыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв ярьсан. Зуны тэргүүн сар гарсан тавдугаар сарын 21-нд Говь-Алтай аймгийг дайрсан хүчтэй шороон шуурганы улмаас 15 өрхийн гэр нурж, 13 машины цонх хагарсан нь манайд тохиолдсон гамшигт үзэгдлийн хамгийн сүүлийн жишээ.

Энэ бүхнийг тоочиж байгаагийн шалтгаан нь хүлэмжийн хийг аль улс, ямар хэмжээгээр үйлдвэрлэж байгаагаас үл хамаараад уур амьсгалын өөрчлөлтийн хохирлыг дэлхий нийтээрээ амсаж байгааг тайлбарлах юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэл хүссэн хүсээгүй Монгол Улсад нөлөөлнө гэсэн үг.

Нүүрс бол Монгол Улсын хувьд эдийн засгийн маш том хөдөлгүүр. Гэвч эрчим хүчний нийт хэрэгцээний 82 хувийг үйлдвэрлэхийн тулд шатаадаг нүүрсний хэмжээгээ аль болох бууруулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага ийнхүү үүслээ.

График. Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэл, эх үүсвэрээр

http://admin.erc.gov.mn/uploads/files/statistic/erchim-huch_suuliinh_04-10_final.pdf Эрчим хүчний зохицуулах хороо

Азаар Монгол Улс цэвэр эрчим хүчний нөөц арвин. Олон жилийн туршид яригдаж ирсэн Азийн супер сүлжээ санаачилгын хүрээнд зарим тооцоо судалгааг гаргасан байдаг. Дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээ 25 триллион кВт/цагаар хэмжигдэж байгаа бол манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг долоон триллион кВт/цаг хэмээн тооцоод буй. Энэ нь эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ыг бүрэн хангаад цаана нь илүү гарах хэмжээний нөөц баялаг гэж ойлгож болно. https://www.adb.org/mn/news/features/unlocking-mongolias-rich-renewable-energy-potential

2007 онд Монголд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаас хойш тус салбар хөгжсөөр нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувьд хүрсэн нь манай улсын хувьд амжилт хэдий ч хангалттай үзүүлэлт бас биш. Нөгөө талд нүүрснээс эрчим хүч гаргаж авах зардал жилээс жилд өссөөр байгаа ч цахилгааны тарифт 2015 оноос хойш өөрчлөлт огт гараагүй байгаа нь салбарын алдагдал 20 тэрбум төгрөгт хүрэх шалтгаан болж байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан учирласан. Өнөөдөр айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар, дулааны эрчим хүчний үнэ 2 дахин хямд байгаа нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсэх гол хүчин зүйл болж байгааг тэрбээр нэмж хэлсэн. Нүүрсээ түлээд түлээд дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул 20%-ийг нь ОХУ-аас импортолсоор байгааг энд дурдъя. https://ikon.mn/n/27ds

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил тутам 6-8%-аар өсөж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлээд сар ч болоогүй байгаа. Ялангуяа, хүн амын тал хувь нь аж төрж байгаа Улаанбаатар хотод л гэхэд гэр хорооллын 13,681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадаагүй XXI зууныг туулж байна. Үүнийг шийдэхийн тулд V эх үүсвэрийг барихаас өөр аргагүй гэж байгаа ч уг станц мөн л нүүрсээр ажиллах болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгыг дагаж мөрдөх улс орнуудаас хөрөнгө оруулалт татах бараг л боломжгүй болж таарч байна.

 

Өдрөөс өдөрт нэмэгдэх эрчим хүчний хэрэглээгээ нүүрс моодноос гарч байгаа эринд Монгол Улс хэрхэн хангах вэ?

 

Монгол Улс эрчим хүчний гурван төрлийн нөөцтэй. Нүүрс, сэргээгдэх эрчим хүч, уран. Нүүрсний хэрэглээтэй холбоотойгоор манай эрчим хүчний салбар Монгол Улсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг үүсгэдэг.

2020 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан судалгаагаар хэрэв байдал энэ чигээр үргэлжилбэл 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлын 81.5%-ийг эрчим хүчний салбар дангаараа үйлдвэрлэх тооцоотой байна.

Монгол Улсад 2,600 гегаватт (гВт) нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж ашиглах боломжтой гэж АХБ тооцжээ. Энэ нь жилд 5,457 тераватт (тВт)-цаг байгальд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал гэсэн үг бөгөөд эл нөөцөөр дотоодын хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдэж чадвал Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний эрэлтийг хангах боломжтой гэдгийг тус судалгаанд дурдсэн байна. https://www.adb.org/mn/news/features/unlocking-mongolias-rich-renewable-energy-potential

Төрөөс эрчим хүчний талаар 2015-2030 онд баримтлах Засгийн газрын бодлогын хүрээнд нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 онд 20%, 2030 онд 30%-д тус тус хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Тэгвэл энэ ажлыг үр дүнтэй хурдасгах нэг гол нөөц бол уран. Уранаас айж, мангас гэж зугтахын оронд боломж болгон харж, уг технологийг нэвтрүүлэх бүрэн боломж Монгол Улсад байна. Юуны өмнө дэлхий дахин ураны ямар хэрэглээтэй байгааг харъя.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд шинэчилсэн тайлангаар дэлхийн 31 улс цөмийн эрчим хүчний станц ашиглаж байгаа бөгөөд 2019 оны байдлаар 14 улс эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 20%-ийг уг эх үүсвэрээс хангажээ.

2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар тус улсын 28 муж улсад нь 94 реактор бүхий 56 цөмийн станц ажилласан бөгөөд 1990 оноос хойш нийт эрчим хүчнийхээ 20%-ийг цөмийн эрчим хүчээр хангасан статистик байна.

Хүснэгт. Ураны хэрэглээгээр тэргүүлэгч орнууд -- https://www.eia.gov/energyexplained/nuclear/nuclear-power-plants.php

Ураныг “Цэвэр эрчим хүч” хэмээн тодорхойлох гурван шалтгаан байна.

 

1 - Агаарын чанарыг хадгалдаг

Ураны атомыг хуваах замаар эрчим хүч үйлдвэрлэдэг тул утаа, хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй. Нүүрсийг шатаахад агаарт дэгддэг элдэв хортой нэгдлүүд ч байхгүй. Өөрөөр хэлбэл, агаарыг тэр хэмжээнд цэвэр байлгаснаараа жил бүр хүчлийн бороо, утаа, уушги, амьсгалын замын өвчлөл зэргийг их хэмжээгээр бууруулсаар байна.

Цөмийн эрчим хүчний институтийн мэдээлснээр АНУ л гэхэд цөмийн эрчим хүч ашигласнаараа 2019 онд 476 сая метр тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлж чаджээ. https://www.nei.org/resources/statistics/emissions-avoided-by-us-nuclear-industry

Энэ нь 100 сая автомашинаасаа салсантай дүйх хэмжээний үр дүн ажээ.

 

2- Байгальд үлдээх ул мөр хамгийн бага

Цөмийн станцад эрчим хүч үйлдвэрлэх нь бусад ямар ч цэвэр эрчим хүчний эх үүсвэр ашиглахаас бага газар шаарддаг.

АНУ-д л гэхэд одоогийн цөмийн эх үүсвэрүүд 1,000 мегаватт цахилгаан үйлдвэрлэхэд 2.6 км квадрат газрыг ашигладаг байна. Цөмийн эрчим хүчний институтийн мэдээлснээр ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд салхин станц дээрх хэмжээнээс 360 ДАХИН ТОМ газар шаарддаг бол нарны эрчим хүчний эх үүсвэр 75 ДАХИН ИХ талбай ашиглах нь.

Өөрөөр хэлбэл, 1,000 мегаватт цахилгаан үйлдвэрлэхэд 3,000,000 ширхэг нарны хавтан, 430 ширхэг салхин сэнс хэрэгтэй гэсэн үг.

 

3- Хог хаягдал бага ба тавих хяналт нь маш өндөр

Цөмийн түлш бол маш нягт. Бусад ердийн эрчим хүчний эх үүсвэрээс ойролцоогоор 1 сая дахин сайн бөгөөд хаягдал нь таны бодож байгаагаас үлэмж бага. АНУ дахь цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүдээс өнгөрсөн 60 жилийн турш ялгарсан хаягдлын хэмжээ ганцхан хөл бөмбөгийн талбайтай дүйх аж. Ашигласан түлшний 90 гаруй хувийг нь дахин боловсруулах боломжтой ба зарим цөмийн станц дахин боловсруулсан ийм түлш ашиглах шинэ технологи нэвтрүүлж байгаа ажээ. Жишээ нь, Франц улсад асаж байгаа 10 чийдэнгийн 1-ийг нь дахин боловсруулсан түлшээр гэрэлтүүлж байна. Япон улс мөн адил ийм төрлийн дахин боловсруулсан цөмийн түлш ашиглаж байгаа сайн жишиг бий.

 

Нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, цөмийн эрчим хүчийг улам бүр сонирхож байгаа дэлхий нийтийн энэ шинэ чиг хандлагыг Монгол Улс хэрхэн өөртөө ашигтай эргүүлэх вэ?

Монгол Улс бүртгэгдсэн ураны нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт бичигдэж байна. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар тогтоогдоод байгаа 192.2 мянган тонн ураны нөөцийг судалгаа хийсэн газар нутагтай харьцуулан үзэхэд цаашид өсөн нэмэгдэх бүрэн боломжтой гэж салбарынхан үздэг.

Энэхүү ашигт малтмалыг нийлүүлснээр Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглах шийдвэр гаргаад байгаа Азийн хөрш орнуудынхаа хувьд стратегийн ач холбогдол бүхий байр суурийг эзлэх боломжтой. Үүгээр зогсохгүй Канад, Казахстан, Орос, Австрали гэсэн уран олборлогч цөөн тооны улсын бүлэгт Монгол нэгдэн орох боломжтой юм.

Сайн мэдээ гэвэл, Монгол Улс Дорноговь аймагт ураны олборлолт, ашиглалтын төслийг бүтээн байгуулалтын ахисан түвшинд хөгжүүлээд явж байгаа. Уг төслийн олборлолт, боловсруулалтын үйлдвэрлэлийн туршилтын ажил эхлэхэд бэлэн болоод буй аж. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монгол Улс цөмийн материалд хамаарах хууль эрх зүйн зохицуулалтаа оновчтой болгож, энэ салбарын мэдлэг туршлагаа бэхжүүлнэ гэсэн үг.

Уран гэхээр л аймшигтай хортой зүйл гэх ташаа ойлголт нийгмийн дунд байдаг. Тэгвэл айж, зугтсаар ирсэн уран нь бидний түшиж амьдардаг нүүрсэн дотор агуулагдсан байдгийг мэргэжлийн хүн хэлж байна.

МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, профессор Н.Норов бол Атомын цахилгаан станцын Монголын хамгийн анхны мэргэжилтэн төдийгүй Монгол Улсын реакторын зургаан докторыг төрүүлсэн багш. Тэрбээр “Нүүрсээ түлж байгаа нь агаарын бохирдол үүсгэж, улмаар улсын хэмжээний асуудал болоод байдаг. Тэгвэл нүүрсэн дотор нөгөө л уран чинь баяжчихсан байдаг. Тэр ч бүүхэл манай улсын нүүрсний ордууд бүгд ураны ордын ойролцоо байдаг.

Мардай гээд Дорнодын ураны уурхай Адуунчулууны нүүрсний уурхайтай ойрхон байдаг бол Багануурын нүүрсний уурхайн наах нь, Эрдэнэ сумын Жанчивлин рашааны дэргэд ураны орд байгаа. Шивээ овоогийн нүүрсний уурхайгаас цааш Хараатын ураны орд гэж бий. Ийнхүү ойрхон байдаг тул нүүрсэн дээрээ уран нь баяжаад л байж байдаг. Манай цахилгаан станцуудаас гарч байгаа утаанд бидний айгаад байдаг уран агуулагдаж л байдаг. Яг нарийн дээрээ говьд, 200 метрийн гүнд байгаа уранаас Улаанбаатарын агаарт  шууд хаягдаж байгаа уран амьсгалаар биед орж байгаа гэдэг утгаараа илүү нөлөөтэй.

Улс орнууд нүүрс шатаадаг 200 жилийн өмнөх технологиос татгалзаад эхэлсэн. Манайх гэтэл шатаагаад л байна. Урд хөрш л гэхэд нүүрс шатаахаа болиод устөрөгчийн технологи руу шилжиж байна. Устөрөгчид уран хамааралтай. Манай улс байгалийн хийгүй тул эцэстээ уснаасаа үйлдвэрлэж таарна. Усаа задлахад цахилгаан хэрэгтэй учир үнэтэй болдог. Манайд байгаа нь нүүрс буюу нүүрстөрөгч устөрөгчийн нэгдэл. Устөрөгчийг ялгаж авна гэсэн үг. Яваандаа байгаа уранаа ашиглаад нүүрсээ боловсруулж, устөрөгчийн эрчим хүч рүү орно гэж харж байна. Хөгжих ийм л зам байна” хэмээн ярьсан юм.

Хамгийн нол нь ганцхан гр уран 20 гаруй тонн нүүрстэй тэнцүү гэдгийг тэрбээр онцолсон. Хог хагдал бага бөгөөд илүү цэвэр, үр ашигтай технологиор эрчим хүчээ хангах боломжтой гэсэн үг.

Монгол Улсын эрчим хүчний салбар хэдэн зуун жил хоцрогдсоныг энэ бүхэн харуулж байна. Алийн болгон нүүрс түлж, утаандаа хордох билээ. Үүцээ задлах цаг нэгэнт иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин