Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь эмэгтэйчүүдийн эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлдэг сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн цахим орчны дарамт өргөнөөр тархаж буйд онцгойлон анхаарав. Ийм төрлийн дарамтаас болж олон олон сурвалжлагчдыг ажлаасаа болж залхаан цээрлүүлэхээс эмээн өөрсдийгөө цензурдахад хүргэдэг. Ингэснээр, энэ асуудлаар мэдээлж сурвалжлах явдал буурч, найдвартай мэдээлэл авах олон нийтийн эрхэд заналхийлж байна. RSF нь хууль сахиулах байгууллага, шүүх эрх мэдэл, цахим платформууд, мэдээний редакцууд, үндэсний засгийн газруудад хандан ийм төрлийн цахим орчны дарамтыг багасгах талаар 16 бодлогын  зөвлөмжөө дахин сануулж байна.

2017 онд “The New York Times” сонин, ”The New Yorker” сэтгүүлийн эрэн сурвалжилгаас үүдэлтэй #MeToo хөдөлгөөн өрнөснөөс хойш эмэгтэйчүүдийн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой сэдвээрх мэдээ сурвалжилга илүү өргөн хүрээг хамарч, үүгээр төрөлжсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эвсэл холбоод бий болсон нь сайшаалтай.  Харамсалтай нь, эмэгтэйчүүдийн эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар эрэн сурвалжлах нь эрсдэлтэй хэвээр байсаар байгаа бөгөөд амь насанд аюул учруулах тохиолдол гарсаар байна.

RSF-ын “#MeToo хөдөлгөөний үеийн сэтгүүл зүй” судалгаанд оролцсон 110 гаруй орны сэтгүүлчдийн бараг 60 орчим хувь нь тухайн сэдвээр ажилласныхаа улмаас цахим орчны дарамтын хохирогч болсон дор хаяж нэг сэтгүүлчийг мэддэг гэжээ. Жендэрийн төлөв байдал бүхий сэтгүүлчдийн олон улсын сүлжээний (RIPVG) Ерөнхий захирлын RSF-д хэлсэнчлэн, "Феминист сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр бол сүрдүүлэг заналхийлэл, цахим орчны дарамт бөгөөд энэ нь виртуал орчноос бодит амьдрал дээр биеллээ олж, аюулгүй байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгэцийн эрүүл мэнд, тэр бүү хэл гэр бүлийнхний нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг."

Жишээ дурдвал, Нигерийн сэтгүүлч Кики Морди 2019 онд Нигери, Гана улсын дээд боловсролын салбар дахь бэлгийн дарамтын асуудлаар эрэн сурвалжилга хийсний дараа цахим орчны дарамтад өртсөн. Үүний улмаас сэтгүүлч шилжин суурьшиж, сэтгүүл зүйн ихэнх үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүйд хүрсэн. Саяхан буюу өнгөрсөн оны есдүгээр сард Болгарын “NOVA” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч Мариета Николаева хиймэл оюунаар бүтээсэн нүцгэн бичлэг бүхий хуурамч порно бичлэгийн хохирогч болжээ.

Адил төстэй дарамтад өртсөн Францын сэтгүүлч Саломе Сакэ RSF-д үүний үр дагаврын талаар, "Цахим орчны дарамт сэтгүүлчийн ажилд маань асар ихээр нөлөөлдөг. Хүчгүйддэг тул заримдаа тодорхой сэдвийг хөндөхөөс зайлсхийдэг” хэмээн өгүүлжээ. Саяхан болсон Үндэсний эмэгтэйчүүдийн сэтгүүлчдийн чуулга уулзалтын оролцогчид эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг цахим орчны дарамтын эсрэг арга хэмжээ авахыг засгийн газартаа уриалсан Энэтхэг улсад сэтгүүлч Рана Аюуб цахим орчны болоод бие махбодийн дарамт хүчирхийллийн хохирогчийн тод жишээ болсон.

Латин Америкт нөхөн үржихүйн эрхийн талаар мэдээлдэг сэтгүүлчид цахим орчинд зохион байгуулалттай ажиллагаанд өртдөг. Гватемалын “Ruda” феминист цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч Жованна Мариам Гарсон Олон улсын аюулгүй үр хөндөлтийн өдрийн үйл явдлыг сурвалжилсны дараа олон нийтийн сүлжээгээр нэрээ нууцалсан этгээд хүчиндэхээр болон бусад байдлаар сүрдүүлжээ.

RSF-ын судалгаанд оролцогчдын 93 хувь нь эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар ажилладаг аливаа сэтгүүлчийн эсрэг үйлдсэн халдлагын хэргээр ямар ч буруутай этгээд ял шийтгүүлсэн талаар сонсож мэдээгүй гэжээ. RSF нь ял шийтгэлгүй үлддэг энэ байдалтай тэмцэхэд дэлхийн улс орнуудын хууль сахиулах байгууллагууд, шүүх эрх мэдэл, цахим платформууд, редакцууд, засгийн газруудад хандаж, ийм төрлийн зорилтот халдлагыг эцэслэх чиглэлээр хэд хэдэн бодлогын зөвлөмж гаргасан юм.

RSF-ын Нийтлэлийн бодлого хариуцсан захирал Анна Боканде хэлэхдээ, “#MeToo хөдөлгөөний өмнөх ба дараа үе гэж ангилж болно. Тус хөдөлгөөн нь эмэгтэйчүүдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх мэдээ сурвалжилгын чанар чансааг сайжруулсан. Гэвч энэхүү ахиц дэвшил эрсдэл дагуулсан. Тухайн асуудлыг сурвалжлах, зарим үед эмэгтэй сэтгүүлч байх нь хүртэл аюултай байсаар байна. Цахим орчны дарамт, эрх зүйн орчны дарамт шахалт, сүрдүүлэг заналхийллийн асуудлыг хөнддөг сэтгүүлчдийн дөрөвний нэгээс дээш нь заналхийлэлд өртдөг бол  60 гаруй хувь нь цахим орчны дарамттай учирсан талаар мэдээлсэн байна. Ийм жишиг тогтох ёсгүй. Бид засгийн газруудыг хамгаалалтаа сайжруулахыг шаардах, олон нийтийн сүлжээний платформуудыг хариуцлагажуулах, хууль сахиулах байгууллагуудыг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлддэг явдалтай үр дүнтэй тэмцэхэд дайчлах нь зүйтэй. Сэтгүүлчдийг ийнхүү онилох нь тэдний дуу хоолойг боомилж, найдвартай мэдээлэл авах бид бүхний эрхийг хөсөрдүүлдэг. Европын холбоог гишүүн орнуудаасаа эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг цахим хүчирхийллийн хэрэг шийтгэлгүй өнгөрдөг явдлыг таслан зогсооход эрүүгийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах, дэлхийн улс орнуудын үндэсний болон бүс нутгийн эрх баригчдыг ийм хууль тогтоомжийг өөрсдийн зохицуулалтын жишиг загвар болгон ашиглахыг уриалж байна" гэв.

 RSF-ЫН ЗӨВЛӨМЖ

Төрөлжсөн сэдвээр ажилладаг болон эмэгтэй сэтгүүлчдийг сүрдүүлэн дарамтлах нь бүх оролцогч талын оролцоог шаарддаг томоохон асуудал байсаар байгаа тул RSF нь төр засгууд, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд, цахим платформууд, мэдээний редакцуудад зориулсан 16 зөвлөмжөө дахин сануулж байна.

Үндэсний засгийн газруудад:

● Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг хамгаалах зорилгоор эмэгтэйчүүдийн эрхийн сэдвээр ажилладаг сэтгүүлчид, тэдэнд тусалдаг хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах,

●   Цахим орчин дахь хүчирхийллийн тодорхой хэлбэрийг эрүүгийн хуульд тусгах, ийм төрлийн гэмт хэргийг эмэгтэй сэтгүүлчид, жендэрийн цөөнхийн эсрэг үйлдсэн этгээдүүдэд хүлээлгэх шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байхаар заах; ЕХ-ны гишүүн орнууд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай 2024 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 2024/1385 тоот захирамж, ялангуяа эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг цахим орчны дарамтын хэргийг хүндрүүлэх хүчин зүйлд тооцсон 11 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх,

● Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар, ялангуяа орогнол, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хөнддөг сэтгүүлчдийг хамгаалах,

●   Олон нийтийн санхүүжилтийг оролцуулан эмэгтэйчүүд, жендэрийн цөөнхийн төлөөллийг хэмжин үнэлэх арга хэрэгсэл нэвтрүүлэх, бүтцийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүрэг амлалт бүхий дүрэм журам хэрэгжүүлэх, зохистой тэнцвэрт харьцаа, эрх тэгш байдлын талаарх ажилтнуудынхаа ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургах

Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудад:

●   Холбогдох сэдвээр ажилладаг сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хууль, хүчин, цагдаа, сэтгүүлчдийн эвлэл холбоодын төлөөллийг оролцуулсан үндэсний хороодыг байгуулах, харилцан яриаг тогтмол өрнүүлэх,

●   Бие махбодийн болоод цахим орчны халдлагад өртсөн хохирогчдоос мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллага дотроо олон нийттэй харилцах ажилтан томилох,

●   Өртсөн редакцуудын оролцоотойгоор эмэгтэйчүүдийн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой сэдвээр ажилладаг сэтгүүлчдийн эсрэг халдлагын тохиолдлуудыг ийм төрлийн халдлагын хамрах хүрээг хэмжих үүднээс баримтжуулах

Цахим платформуудад:

●   Жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн эсрэг халдлагын талаар мэдээлэл харилцааны кампанит ажлыг үнэ төлбөргүйгээр өрнүүлэх замаар олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх,

●   Цахим орчны дарамтад өртсөн сэтгүүлчдийн мэдээ сурвалжилгыг мэдээлэл ирсэн даруйд нийтэлж, тэднийг төлөөлөн ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх,

●   Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн халдлагын хэргийг шалгаж байгаа хууль, хүчний байгууллагаас гаргасан захирамжид түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлэх,

●   Холбогдох хуулиар хориглосон контентыг устгах, дансыг түдгэлзүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч, зохих нөөц бололцоог ашиглан хянах, устгах мэргэжилтний баг томилох замаар нэрээ нууцалсан сүрдүүлэг, заналхийлэл, троллуудын багийн зохион байгуулалттай, давтан дарамт шахалттай тэмцэх

Редакцуудад:

●       Жендэрийн редакторын орон тоо бий болгох,

●   Сэтгүүлчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хооронд болон олон улсын эрэн сурвалжлах сүлжээнд нэгдэхийг хөхиүлэн дэмжих,

●   Сэтгүүлчдийг цахим орчны дарамтад өртсөн тохиолдолд зөв харьцаж, зохистой хариу үйлдэл үзүүлж сургах зорилгоор энэ сэдвээр сургалт явуулах (бидний бэлдсэн « Сэтгүүлчдийн эсрэг цахим орчны дарамт: троллуудын халдлага » тайлангаас үзнэ үү (х.34-35),

● Энэ сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийг эх сурвалжийнх нь хамтаар хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх яаралтай тусламжийн дотоод нэгж бий болгох, бие махбодийн болоод сэтгэл зүйн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулах,

●  Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх эрэн сурвалжилгыг илүүтэйгээр дэмжихэд  санхүүгийн тусламжийн хөтөлбөр бий болгох, тухайлбал, буцалтгүй тусламж хэлбэрээр олгох

 

Эх сурвалж: RSF Asia-Pacific Bureau