Б.Нандин
Азербайжаны нийслэл Баку хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Глобал Баку” олон улсын хурал эхэллээ. Олон улсад геополитикийн шилжилт явагдаж, шинэ дэг журам тогтож байгаа энэ цаг үед “Дэлхийн дэг журмыг эргэн харах нь: Сорилтуудыг боломж болгон хувиргах нь” сэдвээр энэ жилийн форум өрнөж байгаа юм. Олон улсын форумд улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, өмнө нь төрийн тэргүүнээр ажиллаж байсан удирдагчид, Нобелийн шагналтнууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 400 гаруй зочид хүрэлцэн иржээ.
Манай улсаас гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр уригдан оролцож байна. Гурав хоног үргэлжлэх олон улсын хурлын үеэр “Геополитикийн өөрчлөлт: Хариуцлагатай түншлэл, өрсөлдөөний эсрэг”, “Олон туйлт ертөнцийн олон талт үзлийг дахин төсөөлөх нь”, “Ирээдүйн НҮБ-ын гэрээ: Энх тайвны шинэ дэлхийн зөвшилцлийн замыг бий болгох нь”, “Дэлхийн шинэ дэг журам дахь Дундад гүрнүүд”, “Сэргээн босголт: Бүс нутгийн тогтвортой байдал”, “COP29: Белемд хүрэх нээлт - Өөрчлөлтийг хурдасгах” зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм байна. Тус форумыг Низами Ганжавин нэрэмжит олон улсын төв 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Низами Ганжави нь XII зууны үед Азербайжанд мэндэлсэн Дорнын сэргэн мандлын үеийн томоохон төлөөлөгч бөгөөд “Хамса” хэмээх үхэшгүй мөнхийн бүтээлээрээ дэлхийн утга зохиол, гүн ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч байжээ.