Г.ОТГОНЖАРГАЛ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

 

-Ярилцлагаас урьтаад өнгөрсөн нэг сарын хугацаанд Улаанбаатар хот болон тантай холбоотой мэдээллийг харахад Монгол Улсын нийслэл хот бүтээн байгуулалтаар “буцлах нь уу” гэдэг сэтгэгдэл төрснөө хуваалцая. Гэхдээ “Шийднэ. Шийдлээ. Шийдчихлээ” гэдэг үг олон сонссож, урам орохтой зэрэгцэн яг хүлээлттэй дүйгээд дүн тавьчих бодит үр дүн гарах уу гэдэгт эргэлзсэн. Учир нь,  коронавирусын халдварын тоо  сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байна. Дээр нь, Улаанбаатар хотын гэлтгүй улс орны санхүүгийн асуудал ч багагүй бэрхшээлтэй байгаа гэж ойлгосон. Ийм нөхцөлд амлалт үр дүн хоёр яв цав нийцнэ гэдэгт итгэнэ гэдэг хэтэрхий гэнэн хүлээлт болох юм шиг санагдах юм?

-Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтын ажил өрнөдөг цаг үе учраас өөрийн тань хэлснээр өнөөдөр шууд  “Бүтээчихлээ” гэж хэлэх үр дүн харагдахгүй байгаа нь үнэн. Миний хувьд ажлаа авсан цагаасаа хойш Улаанбаатар хотын бодит нөхцөл байдал болон санхүүгийн боломж бололцоо нь хэр байна вэ гэдгийг ямар ч гоёл чимэггүй үнэнээр нь мэдэхийг зорьсон. Зарим хүн энэ бүхнийг таньж мэдэхэд ядах зүйл байхгүй гэж бодож болно. Гэхдээ аливаа асуудлыг шийдэхийн тулд миний хувьд уг суурь мөн чанараар нь таньж мэдэхийг чухалчилдаг. Тэр утгаараа өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төсөв санхүү яаж явж ирсэн юм, ямар бодлого, хөтөлбөр нь үр дүнтэй хэрэгжив, аль нь хэрэгжихгүй гацав, түүнд нь юу нөлөөлөв гэдгийг уг углуургаар нь судалж мэдэх замаар ажилтайгаа танилцлаа. Дээр нь, коронавирусын халдвар эрчимжиж байгаатай холбогдуулан улс даяараа энэ халдварт өвчний эсрэг тэмцэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Цаашид ч ажиллана. Амаргүй хүнд үед хотын даргын ажлыг авсан. Гэхдээ энэ үгийг өөрийгөө өмөөрөх учир шалтгаан болгон хэлж байгаа юм биш. Нөхцөл байдлаа бодитоор харж эндээс хэрхэн өндийж босох вэ гэдгийг бодох, төлөвлөх, хийж бүтээх шаардлага гарч байна аа гэдгийг ойлгуулах санаатай хэлж байгаа хэрэг.

-Гэхдээ та Улаанбаатар хотын түүхэнд хамгийн их төсвийг хотын хөгжил, тэр дундаа дэд бүтэц, замын түгжрэлийг бууруулахад зарцуулах эрхтэй дарга болсон. Энэ бол урд урдын дарга нарын хувьд атаархамаар дэмжлэг. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас хотын даргад жил бүр бие даан захиран зарцуулах 420 тэрбум төгрөгийн эрх өгнө гэдэг нь өөрөө шууд утгаараа бараг л бэлэг шүү дээ?

-Яг ч бэлэг гэж хэлж болохгүй байх. Харин яг мөнгөний хэмжээ талаас нь ярих юм бол яах аргагүй их мөнгө. Гэхдээ хийх ажилтай, шийдэх ёстой хүндрэл бэрхшээлтэй харьцуулахад бол хаанаа ч хүрэхгүй л дээ, энэ мөнгө.

-Гэхдээ л шинэ боломж. Бас эрх мэдэл?

-Тийм ээ, тийм.

-Тэгвэл эндээс хоёулаа Засгийн газар яагаад хотод 420 тэрбумыг өгөхөөр болов, энэ тоо хаанаас гарч ирсэн болох, юунд зарцуулагдах, ямар үр дүнд хүрэх вэ гэсэн ярилцлагынхаа үндсэн сэдэв рүү орьё?

-Нэгд, улсын төсвөөс авна. Хоёрт, энэ тоог гаргаж ирсэн процессийг тодорхой тайлбарлахгүйгээр асуудлыг цаашаа ярихад төвөгтэй болох үүднээс тайлбарлаад явчихвал зөв байх.

-За?

-2019 онд Улсын төсөвт нийслэлээс 283 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүнийгээ 2020 онд Сангийн яам үржүүлээд 320 тэрбум төгрөг болгосон. Гэтэл коронавирусын хөл хорионы улмаас нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 157 тэрбумаар тасарсан. Гэтэл Сангийн яам нийслэлээс орох орлогыг нэмээд 420 тэрбум төгрөг болгосон. Ерөөсөө Сангийн яамны гаргасан тоо гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл нийслэлийн нөхцөл байдал улсын төсөвт 420 тэрбум төгрөг өгөх нь бүү хэл цалингаа ч тавьж чадах уу үгүй юу гэдэгтээ тулчихаад байгаа. Иймд асуудлыг Засгийн газрын төвшинд ярих хэрэгтэй болсон. Бид нөхцөл байдлаа танилцуулсан. Нөхцөл байдал ийм байна. Одоо яах уу гэдэг дээр хэлэлцсэн гэсэн үг. Үүний үр дүнд 2022 оноос улсын төсвөөс нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхэд зориулж 420 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгож байхаар болсон. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны манайд тавьсан орлогын даалгавар эргээд орлого болж орж ирсэн гэсэн үг. Бас ч гэж давгүй хэлэлцээр болсон байгаа биз.

-Гэхдээ та зөрүүлээд хотын түгжрэлийг шийдэх үүрэг хүлээсэн. Ингэхээр чинь  орлого, зарлага, үүрэг даалгаврын ачаа эн тэнцүү юм биш үү?

-Нөгөө талаас тийм. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой.

-Юуг?

-Хотын түгжрэлийг цогцоор шийдэхэд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд хот бараг 1.5 их наяд төгрөгийн өртэй байна. Асуудал биз.

-Уучлаарай, “Өртэй хүн өөдөлдөггүй Өттэй мал таргалдаггүй” гэдэг шиг сонсогдож байна?

-Нуух юм алга. Амаргүй байна. Гэхдээ өр зээлтэй гээд хойшоо суух бодол алга. Нэг талдаа энэ бүхэн асар их дарамт мэт боловч орчин цагт өр ширнээс айхгүйгээр харин ч төлөхийн тулд илүү сайн, бүр илүү сайн ажиллах ёстой байхгүй юу.

 

 Бид нар их гүрнүүдийн төрийн лоббитой компаниудад хэтийдсэн цавчаа хийх боломж олгож болохгүй

 

-Уг нь өнгөрсөн сар орчмын хугацаанд “Хотын дарга мөнгөтэй болчихлоо. Мөнгөтэй хотын дарга юу хийх вэ” гэдэг хэлэлцүүлэг сошиалд хүчтэй өрнөсөн. Энэ тухай тодруулж асуух гэхээр өөдөөс хараад “1.5 их наядын өртэй. Гэхдээ орлого тасалдсан” гээд ярихаар тань ярилцлагын эхэнд хэлсэнчлэн шинэ бүтээн байгуулалт, хотын хөгжлийн тухай асуухад бэрхтэй болчихлоо. Үнэн шүү?

-Үгүй ээ, тэгээд ажил хийнэ гэж ирчихээд “Авраач” гээд дээшээ хараад сууна гэж юу байхав дээ. Ажиллана, зохицуулалт хийнэ. 2022 онд хэдийг төлөх үү, 2023 онд хэдийг төлөх үү гэдэг график гаргаж байна. Энд нэг олзуурхууштай зүйл байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргааг дэмжиж, хамгийн хүнд хэцүү үед маш оновчтой шийдвэр гаргасан явдал. Ерөнхий сайд нь танхимаараа хэлэлцээд “Улсын төсвөөс жилдээ 420 тэрбум төгрөгтэй дүйцэх орлогыг хот руу өгье” гэж шийднэ гэдэг гэдэг бол хотын хувьд асар том дэмжлэг. Энэ шийдвэрт маш их баяртай байгаа.

-Гэхдээ баярлах нэг хэрэг. Ажиллах бол өөр хэрэг. Жишээ нь, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна гэдэг нь зөвхөн зам барих тухай асуудал биш гэж ойлгосон. Цогц утгаар нь тайлбарлавал?

-За ёстой урт жагсаалт байна аа. Товчдоо бол, зургаан ширхэг нүхэн гарц, долоон гүүрэн гарц, 82.3 км холбоос зам, 70.3 км тойрог зам, 71.5 км хотын их тойруу буюу дөрөвдүгээр тойрог зам. Үүн дээр нэмээд метро, ил суудлын галт тэрэгний зам байгуулна. Дахиад нэмээд дагуул хотуудын асуудал, дулаан цахилгааны шинэ хангамж дээр тулгуурласан орон сууцны бодлого яригдаж таараа. Автобаазын шинэчлэл, автобус, такси үйлчилгээний шинэчлэл хийнэ.

-Жил бүр авлаа гэхэд 420 тэрбум төгрөг чинь хүрэх үү. Хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Энэ бүх ажлыг бүгдийг нь нэг дор хийх боломжгүй л дээ. Шат дараатай хэрэгжүүлнэ. Үүний тулд эхлээд Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулна.

Одоогоор мөнгө байхгүй учраас ТЭЗҮ-ээ боловсруулах яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байгаа. Үүнийхээ дараа, төсөвт тодорхой төлөвлөгөөний дагуу суулгаж байж ажлаа эхлүүлнэ.

-Гэхдээ би нэг зүйлийг ойлгохгүй байна аа.

-Юуг?

-Жишээ нь, Улаанбаатар хотод метро барина гэж сүүлийн арав гаруй жилийн турш ярьж байна. Үе үеийн хотын дарга нар “Метро барьсан туршлага судлаад ирлээ” гээд хотын төвөөр метро явж байгаа танилцуулга видео танилцуулга ч үзүүлдэг байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл таны ярианаас ТЭЗҮ-гээ боловсруулаагүй гэж сонсохоор яах аргагүй гуниг гэх үү, гомдол гэх үү ямар ч байсан сэтгэл дундуур төрж байх жишээний?

-Үнэн, үнэн. Ёстой өөрийн тань хэлснээр анх 2008 оноос эхлэн яригдсан асуудал. Гэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувиар том төсөлтэй зууралдаж явсан хүний хувьд нэг зовлонг нь хэлэх үү.

-За?

-Яг ийм том төсөл дээр хотын дарга хэн байхаас, ямар ажил хийх хүсэлтэй байхаас үл хамаараад нэг том зодоон байдаг нь Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон гээд хүчирхэг орнуудын том компанийн сонирхол байдаг. Дор бүрнээ ТЭЗҮ боловсруулж, танайд метро барина, танай ажилд оролцоно гэдэг. Энэ ашиг сонирхлоо хамгаалахын тулд манайхыг дундаа хийгээд тодорхой улстөрч, бизнесийн бүлэглэлтэй нийлээд дээрэлхэж эхэлдэг. Наад зах нь бод л доо. Шинэ нисэх онгоцны буудлыг гэхэд Японы тал анх 260 сая ам.доллараар барина гэж ярьсан. Гэтэл өнөөдөр өртөг зардал нь 650 сая орчим ам.долларт хүрчихээд байна. Тэгэхэд Өвөрмонголд баригдсан шинэ нисэх онгоцны буудал манайхаас хоёрхон хаалга илүү хэрнээ 190 сая ам.долларт баригдсан байх жишээний. Миний хувьд их гүрнүүдийн ийм дээрэлхүү, элэг барьсан хандлагад дургүй. Тэдний сонирхлыг дагаад бид нар тэнэг байж болохгүй. Метрон дээр яг ийм асуудал яригддаг. Улаанбаатар хотод метро барина гэж ярьснаас хойш их гүрнүүдийн ашиг сонирхол ил тод орж ирсэн. Яагаад баригдаагүй вэ, баригдахгүй байна вэ гэдэгт би тодорхой хариулт өглөө шүү.

-Гэхдээ асуудлыг нэг талаас нь ингэж тайлбарлах чинь өрөөсгөл шүү дээ. Жишээ нь, Өвөрмонголын нисэх онгоцны буудлын тухайд гэхэд Хятад өөрөө үйлдвэрлэгч орон. Өртөг зардал нь хямд туссан байж болох юм?

-Тэгсэн ч гэсэн дээ. Бүхэл бүтэн 260 сая ам.долларт төлөвлөж байсан бүтээн байгуулалт 650 саяд хүрнэ гэдэг асуудал биш үү. Чамд байж болох өсөлт санагдаж байна уу?

-Үнэнээ л хэлье. Би ийм асуултад хариулах хэмжээний мэдлэг мэдээлэлтэй биш ээ, худлаа дүгнэлт хийгээд юугхэв?

-Уучлаарай, та бид хаа хаанаа эх оронч, сэтгэлтэй, бодолтой, өөрийн гэсэн тоотой, үнэн зөв дүгнэлттэй байх ёстой. Метроны тухайд гэхэд гадны компаниуд 1.6 тэрбумаас хоёр тэрбум ам.долларын үнэлгээ ярьдаг. Энэ бол хэтийдсэн зардал. Өнөөдөр Улаанбаатар хотын газрын хөрсний гүн рүү хамгийн гүнд суурилагдсан барилга бол Шангри-Ла зочид буудал, Хаан банкны төв байр хоёр. Ерөөсөө 18 метрийн гүнд л байгаа. Метроны хувьд 20 метрийн доогуур 10 км тунель явахад болох тооцоо бий. Дэлхийн том хотуудтай адил 100 метрийн гүнд 2-3 уулзвар зөрөлдсөн метро Улаанбаатарт хэрэггүй. Ийм том төсөл барьчихаад тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулалт нэхээд байдаг их гүрний төслүүдийг дэмжихгүй. Дэмжих боломж ч байхгүй. Үүнийхээ төлөө тэд Монголын улстөрчдийг давхар лоббиддог. Тэд нь даалгавраар ажилд саад болдог. Ийм баймааргүй байна. Ийм лоббиг бид яасан ч зөвшөөрч болохгүй.

-Тэгээд хэн метро барина, хэнээр бариулна гэж?

-Би зөвхөн монголчуудынхаа хүчээр метро барина гэж хэлэх гээд байгаа юм биш. Яах аргагүй метроны төслөөр дагнасан мэргэжлийн баг, гадаадын зөвлөх авч таараа. Зөвлөхийн оролцоог хязгаарлахгүй. Харин бүтээн байгуулалт хийх туршлагын тухайд монголчууд маань өөрсдийн хүчээр Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг барьчихлаа. Оюутолгойн орд газарт гэхэд гадны зөвлөх, мэргэжилтнүүдийн зураг төсөл, зөвлөгөөний дагуу монгол инженер, ажилчид нийлээд газрын хөрснөөс 1350 метрийн гүнд 200 км урт сүлжилдсэн тунель барьж байна. Ийм туршлага байхад бид нар их гүрнүүдийн төрийн лоббитой компаниудад хэтийдсэн цавчаа хийх боломж олгож болохгүй. Мэдээж энэ үгээрээ “Монгол хүн бүгдийг чадна гэж” хэт тэнэгтэж бас болохгүй. Зөвлөхөө бол авна. Харин гадны сонирхол, дээрэнгүй оролцоог бол зөвшөөрөхгүй.

-Гэхдээ Засгийн газар танд буюу хотод гаднаас хөрөнгө оруулалт татах эрх олгосон гэж ойлгосон?

-Хөрөнгө оруулалт татах, цавчаа ашиг сонирхлыг хориглох хоёр чинь өөр л дөө хө. Наад зах нь, Засгийн газраас 2022 оноос эхлэн улсын төсвөөс нийслэлд 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн даруйд Дэлхийн банкнаас манайд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол Засгийн газрын дэмжлэг хөрөнгө оруулагчдад, хандивлагч байгууллагуудад итгэл төрүүлсний нотолгоо. Улсынхаа нийслэлийг Засгийн газар нь дэмжиж байна, УИХ-аас Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулна гэдэг бол яах аргагүй хотод итгэх хөрөнгө оруулагчдын итгэлд хүч нэмчихэж байгаа юм л даа.

-Гэхдээ эргээд танд өр нэмэгдэж байгаа юм биш үү?

-Өр гэдэг нь.

-УИХ дахь Улаанбаатараас сонгогдсон гишүүд түр хороо байгууллаа. Засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлж байна. Үүний цаана “УИХ-ын гишүүдийг компаниа шахах, хотод лобби хийх, сайд нар хүслээ тулгах гэх мэт тулгалт хийгдэж таараа” гэсэн хардлага олон нийтэд үүссэн байгаа?

-Хүн болгон хардах эрхтэй. Гэхдээ хардлага болон үнэн байдаггүй байх. Нэгд, Монголын ард түмэн гурван сонгууль дараалж МАН-д үнэмлэхүй олонхийн суудал өглөө. Энэ бол манай намыг, манай намын УИХ-ын гишүүдийг, Нийслэлийн МАН-ыг сайн ажиллачих болов уу гэдэг итгэл өгсний илрэл. Иймд бид бүхэн тэр хүлээлтэд эзэн болж ажиллах ёстой. Хоёрт, УИХ-ын гишүүн, сайд болгон “Манай тойрогт ийм ажил хий. Миний энэ компанид тийм ажил өг” гэж шаардаад нэхээд суудаг юм хаа ч байхгүй. Хотын дэд бүтцийг хотын дэд бүтцийн туршлагатай компани хийдэг болохоос дуртай улстөрчийнх нь компани хүссэнээрээ хийдэг юм биш. Энэ чинь туршлага, дадлага шаарддаг ажил. Дээр нь, техникийн болон хүний нөөц гэж том хүчин зүйл бий. Учир начраа бас ойлгож ярих хэрэгтэй. Харин миний хувьд метро, гүүрэн гарц зэрэг том бүтээн байгуулалтад олон улсын компани орж ирээд будилуулах вий гэдэгт бол маш их санаа зовж байгаа гэдгээ дээр хэлсэн. Олон улсын компани ороод ирэхээр асуудал яах аргагүй будилдаг, будилаан үүсгэдэг. 2024 онд тодорхой үр дүн, өөрчлөлтөд хүрэх ёстой гэдэг зорилт тавьж ажиллаж байгаа хүний хувьд үүнийг хамгийн том асуудал гэж харж байгаа. Тиймээс, нэгд, бодлого төлөвлөлт, хоёрт, замын хөдөлгөөний зохицуулалт, гуравт, авто замын шинэчлэл, дөрөвт, нийтийн тээврийн шинэчлэл гэсэн дэс дарааллаар ажиллана. Энэ дөрөв нийлж байж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө хэрэгжих учиртай юм. Ажлын үр дүнг сар болгон Засгийн газарт танилцуулна.

-Тэгвэл та шууд хариулаарай. Метро хэзээ ашиглалтад орох вэ?

-Метроны замын тухайд 10 км нь далд, 17 км нь ил газрын хөрсөн дээр тавигдана. 2024 онд ашиглалтад орно гэж бол худлаа. Тэгж бодит байдалд нийцэхгүй худлаа ярьж болохгүй. Ямар ч байсан эхний ээлжинд замын бүтээн байгуулалтын чиглэлээр 2022 ондоо багтаж 98 км явган хүний зам, 249 км дугуйн зам барина. Метроны тухайд ТЭЗҮ-гээ яаралтай батлуулж, эхний хэсгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж дайрна. Гэхдээ энэ бол урьдчилсан зорилт. Ирэх гурван жилийн хугацаанд хэр урагштай хөдлөхөөс их зүйл шалтгаална. Гол нь, би худлаа амлалт өгч хотынхоо иргэдийг хуурмааргүй байна. Үнэн нөхцөл байдлаа үнэнээр нь ярьж, үнэн амлалт өгөх ёстой биз дээ. Дээр нь, нэмж хэлэхэд 420 тэрбум төгрөг гэдэг метро барихад зориулах мөнгө биш. Хотын түгжрэлийг бууруулахад энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ сайн эхлэл үү гэвэл яах аргагүй сайн эхлэл. Мөн энэ ярилцлагаар дамжуулан нэг зүйлийг зориуд хэлмээр байна.

-Юуг?

-“Хотод өрнөх шинэ бүтээн байгуулалт, түгжрэлийг бууруулах хөтөлбөрийг бүхэлд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, улсын нууцад оруулаач” гэдэг хүсэлт.

-Яагаад. Юун улсын нууц. Түмний нүдэн дээр баригдах бүтээн байгуулалтын ажлын тухай мэдээллийг яаж олны нүднээс нууна гэж?

-За, юу гэж бүтээн байгуулалтыг нуух вэ дээ. Стратеги төлөвлөгөө, санхүүжилт босгох арга зам зэрэг процессийг улсын нууцад оруулж хэлэлцэх тухай асуудлыг л ярьж байна шүү дээ. Яагаад ингэж байна гэхээр асуудлыг нээлттэй яриад эхлэхээр Япон, Орос, Солонгос, Хятад зэрэг орны компаниуд орж ирээд хэсэг бүлэг УИХ-ын гишүүнийг лоббидож, нөгөөдүүл нь тендерийн сонгон шалгаруулалтад оролцож, бөөн маргаан мэтгэлцээн өрнөдөг гэдгийг би сая маш тодорхой танд тайлбарлалаа шүү дээ. Жишээ нь, хотын Засаг дарга асан С.Амарсайханы үед шийдэгдсэн 25-хан хогны машины асуудлыг хар л даа. Шүүхдэлцэж, шүүхдэлцэж жилийн дараа асуудал нь шийдэгдэж байна. Ийм хөгийн нөхцөл байдлаас болоод том бүтээн байгуулалт, том шийдэл унадаг байхгүй юу. Иймд 2024 онд бид бүхэн ямар үр дүнтэй очих вэ, юуг бүтээсэн байх вэ гэдгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэж байгаа юм.

-Гэхдээ олон нийтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн болон танд бүрэн итгэнэ гэж бодож байна уу, Та. Бас л эргэлзээтэй дээ?

-Эргэлзэх ч байх. Хардах ч байх. Гэхдээ төмөр замын бүтээн байгуулалтыг хар л даа. Ашиглалтад орчихлоо шүү дээ. Хэрэв гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй зарласан бол өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалт ашиглалтад орох нь бүү хэл, хүрз шороогоо ч хөдөлгөөгүй сууж байх байсан байх шүү. Үүнийг манайхан ойлгох хэрэгтэй. Мэдээж, зарим нэг нь хулгай хийчихлээ гэж харддаг. Биднийг ч мөн хардана байх. Гэхдээ тэрийг бол ёстой олон улсын аудит оруулаад шалгуулчихаж болно, ямар ч асуудалгүй. Ер нь тэгээд аль юмнаас айж алгын чинээ болох юм бэ. Хийх ёстой ажлаа хийх л хэрэгтэй. Үр дүнд нь хэзээ нэгэн цагт сайлуулах бол сайлуулаад, муулуулах бол муулуулаад жингийн туухайн дээр зөв буруугаа дэнслүүлээд явах, явуулах хэрэгтэй. Ажил хийнэ гэж үүрэг хүлээчихээд “Би буруудчих болов уу” гэж айгаад аргал хөдөлгөхөөс өөр нэмэр тусгүй амьтан байж болохгүй.

 

Хотын дарга хүчтэй байх ёстой

-Энэ сэдвийг хөндсөн дээр тань асуухад Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллах хугацаандаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан сайдаар түүхэнд үлдэхийг хүссэн. Тийм үү?

-Үнэн. Гэхдээ нэг зүйлийг залруулахад би өөрөө түүхэнд тодорч үлдэх гэсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дэлхийн зах зээлд гаргах гээд байсан юм биш. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийг дэлхийд үнэлэгдэх нээлттэй компани болж, улс орны эдийн засагт илүү даацтай хувь нэмэр оруулаасай, дараа дараагийн уул уурхайн бүтээн байгуулалтуудад зам гаргаасай, нэр хүндийн хэмжүүр болоосой гэдэг зорилго бол байсан.  Энэ утгаараа түүхэн шийдвэрийн ард гарчих юмсан гэсэндээ их ч зүтгэсэн, их ч ажилласан.

-Гэхдээ бүтээгүй. “IPO гаргана. Гаргах гэж байна. Гаргахаар боллоо” гэдэг мэдээ цаг үргэлж бичигдэж байснаа гэнэт нэг өдөр “IPO гаргахаа болилоо” гэж зарласан. Үнэнийг хэлэхэд тэр бүх процессоос юу ч ойлгогдоогүй. Яагаад?

-Улс төрийн шалтгаантай шийдвэр болсон.

-Тодорхой тайлбарлаж болох уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компанитай удирдлагын төвшинд ойлголцоогүй.

-Компанийн удирдлага бус Засгийн газар шийдвэрээ өөрчилсөн шүү дээ?

-Үгүй ээ, миний ажиллаж байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар харин ч бүрэн дэмжсэн. Маш тодорхой хэлэх юм бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой нийлж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хөлсөлж захиалгаар эсэргүүцүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийг санаатайгаар олон улсын банк санхүүгийн зах зээлд гаргаж, шилэн данс хөтлүүлж, хувьцаа эзэмшигчдийн өмнө ил тод өндөр үүрэг хариуцлагатай болгохыг зөвшөөрөөгүй. Миний хувьд энэ эсэргүүцэлд маш их харамсдаг. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” шилэн байна, ил тод байна гэж сурталчилдаг. Яг үнэндээ олон улсад хувьцаагаа гаргасан бол өнөөдөр жинхэнэ утгаараа шилэн, ил тод байсан л байхгүй юу.

-Болоод өнгөрсөн зүйлийн араас “Ийм байх байсан. Тийм байх байсан” гэх утгагүй л дээ. Гэхдээ хувь хүндээ төрж байгаа төсөөлөл дээрээ тулгуурлаад асуухад хэрэв “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсад хувьцаагаа гаргаж, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн, энэ нь таны нэрийн хуудас болж олон нийтэд ойлгогдож чадсан бол Та УИХ-ын гишүүнээс бууж хотын Засаг дарга болох шийдвэр гаргах байсан уу. Хариулт нь, сонирхолтой байж болох юм шиг санагдаад асууж байна?

-Гаргана ш дээ.

-Гэхдээ... л?

-Гаргаж болно ш дээ. Яагаад болохгүй гэж. Улс төрийн нөхцөл байдал өөрөө тэр гэх тэмдэггүй шийдвэр гаргах нөхцөл байдлыг үүсгэдэг байхгүй юу даа. Олон хүн энэ тухайн өнөөдрийг хүртэл асуух үе байдаг. Хүмүүст нэг удаагийн хариулт хангалтгүй байдаг юм болов уу гэж бодогдсон. Магадгүй дараагийн удаад ч асууна байх. Нийслэлийн МАН-ын даргын хувьд үүрэг хариуцлагаа жинтэйхэн шиг үүрээд ард нь гарчихья гэдэг миний бодол намын удирдлагуудын санал хоёр нэгдсэн л асуудал. Яагаад гэхээр бид энэ хэвээр тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байж болохгүй. Цаг алдах тусам хот хөдөлгөөнгүй, хөгжилгүй болно уу гэхээс одоогийн нөхцөл байдалд нэмж хөгжих тухай ярихад хэцүү. Тиймээс ажилласан шиг ажиллах бодол байна. Өнөөдөр коронавирусын халдвартай холбоотойгоор хүн болгон дэлхийн эдийн засаг болон Монголынхоо нөхцөл байдлыг янз бүрээр харж байна. Миний хувьд харьцангуй, богино хугацаанд хямралаас гарах зорилт улс орон бүрт байгаа учраас эдийн засгийн сэргэлт хурдтай байх болов уу гэж найдаж байгаа. Тэр дундаа, нүүрс, зэс, алтны борлуулалт сайн, үнэ өндөр байгаа дээр зөв хөдөлж, зөв ажиллах хэрэгтэй байна. Ийм боломж дээр улс төр болон хөгжлийн гоё тоглолт, үр ашигтай бүтээн байгуулалт хийхгүй бол цаашдаа хэцүү болно.

-Гэхдээ Улаанбаатар хотод цаашид хөгжих, урагшлах эдийн засгийн чадавх үлдсэн үү. Дахин эдийн засгийг хөл дээр нь тогтох хүртэл амаргүй цаг хугацааг туулах юм болов уу гэж харагдаад байгаа?

-Зөвхөн улаанбаатарчууд гэлтгүй улсаараа зүтгэх хэрэгтэй. Энэ үед Уул уурхайн сайдын манлайлал маш чухал. Засгийн газар зургадугаар сарын 1-нээс эхлэн хилээ нээсэн. Энэ боломжийг ашиглаад уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтыг эрчимтэй нэмэх хэрэгтэй байна. Манай улсын ганц боломж. Нүүрсэн дээр гэхэд авто машины урсгалыг дахин 1200-1300-д хүргэх хэрэгтэй. Алтны нөөцөө хурдтай нэмж, валютын нөөцөө нэмэх шаардлагатай. Зэс бол ойлгомжтой. Хуучин сүлжээгээрээ явчихдаг бизнес. Тэгж байж л улсын эдийн засаг хөл дээрээ аль болох хурдан хугацаанд зогсож чадна. 

-Гол нь танаас асуух сэдэв бол хотын эдийн засаг?

-Ерөөсөө л дэд бүтцээ яаралтай сайжруулах асуудал. Үүний тулд зургаан дэд төв рүүгээ төр захиргааны байгууллагуудаа гаргах Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаа. Төр бизнесийн түншлэлийг тогтоолын төвшинд бус хуулиар хангаж баталгаажуулж өгөх хэрэгтэй.

-Мөн үүний төлөө Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн төслийг батлуулах ажилд дараагийн лоббигоо чиглүүлж байна уу, та?

-Яг лобби гэж хэлэхээр буруугаар ойлгогдож магадгүй. Гэхдээ дэмжлэг хүсэх үү гэвэл хүснэ. Өөр арга зам байхгүй. Ямар ч байсан УИХ-ын хаврын чуулганаар  батлуулах зорилготой байгаа. Тэгж чадвал засаглалын оновчтой бүтцийг бий болгож чадна. Наад зах нь, хотын дарга өөрийн биеэр хотын асуудлыг Засгийн газарт танилцуулж, УИХ-ын чуулганд асуудлаа өөрөө хэлэлцүүлдэг болох хэрэгтэй. Энэ бол ганц Сумъяабазарын асуудал биш. Дараа дараагийн Засаг дарга нарт боломж нээж өгөх гарц шүү.

-Хотын дарга хүчтэй байх ёстой гэсэн үг байх нь, тийм үү?

-Хүчтэй байх ёстой. Асуудал нь зөвхөн Сумьяабазартаа биш байхгүй юу. Миний дараа өөр нэг хүн хотын дарга болоход тэр хүнд хүч тэнхээ нь үлдэх тухай асуудал. Асуудлаа шийдэх, асуудлаа шийдүүлэх бүрэн эрх нь олгогддог байх ёстой гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд үе үеийн хотын дарга нар бие даасан эрх мэдэлгүй байсны дээр өөрсдийнх нь цар хүрээ нь хүрдэггүй байснаас болж асуудал хуримтлагдах болсон явдал бас бий.

-Гэхдээ үе үеийн хотын дарга нар ажил авах бүртээ шинээр гоё сайхан уриа дэвшүүлдэг. Танай намаас сонгогдсон сүүлийн хоёр Засаг дарга гэхэд “Аз жаргалтай Улаанбаатар хот” гэдэг мөрийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийнх нь үр дүнд нийслэлчүүдийн аз жаргалын индекс 90 хувь давлаа гэдэг тайлан тавиад сууж байсан нь саяхны үйл явдал. Энэ бол миний бодлоор гажуудсан үнэн. Хот аз жаргалтай болоогүй, хотын зовлон шийдэгдээгүй. Тэгвэл Таны хувьд ямар логотой, нэрийн хуудастай үлдэхийг хүсч байна вэ?

-Одоогийн Засаг дарга уу.

-Тийм ээ?

-Хөндлөнгөөс нь харахад яах аргагүй нэг хүн суугаад л байгаа харагдаж байгаа байх, тийм үү.

-Бараг л?

-Үнэндээ үлбийгээд суугаад байгаа, юу ч хийх гээд байгаа юм ямар ч байсан яваад л байгаа харагдаж байж магадгүй л дээ. Би ч өөрийгөө нэг их сайхнаар харагдаж байгаа гэж бодохгүй байна. Өөрөө өөртөө үнэн дүгнэлт өгөхгүй бол бусдын үгэнд итгээд хэт хөөргөөд эсвэл бүр мөсөн унагаад яваад байж болохгүй л дээ. Үнэндээ одоогийн нөхцөл байдлаа бодох юм бол УИХ-даа суугаад санал зөрвөл хэрэлдээд, санал нэгдвэл дэмжээд сууж байхад хувь хүн талдаа харьцангуй амар.  Гэхдээ нэгэнт шийдвэр гаргасан, хотод ирсэн учраас энэ хэвээр үлбийгээд суугаад баймааргүй байна. Хотыг эрч хүчтэй, ажилтай, идэвхтэй, хурдтай болгож, ажил хийлгэмээр байна. Үүний тулд сүүлийн үед хотын албан хаагчидтай өглөө болгон уулзалт хийж байна. Тэдэнтэй уулзаад ярилцсан чинь хотын дарга анх удаа хотын жирийн мэргэжилтнүүдтэй, ажилтнуудтай ингэж нэг бүрчлэн уулзаж байгаа юм байна лээ. Энэ тухай сонсоод миний хувьд маш их гайхсан. Яагаад өмнө нь тэдэнтэй уулзаж, бодит байдлыг сонсож, хотыг хэрхэн хөгжүүлэхээ хамтдаа ярилцаж болоогүй юм бол гэж бодогдсон. Миний хийх гэж байгаа ажлын утга учир, зорилго, хүрэх зорилтыг манай ажилтнууд мэдэх ёстой биз дээ. Тэдэнд танилцуулахгүй, ойлгуулахгүйгээр яаж ажилладаг байсныг би хувьдаа ойлгоогүй. Тийм үл ойлголцол үүсгэчихээр яаж ч ажил урагшаа явахав дээ. Тийм учраас хотын албан хаагчид болон хотын албан хаагчдын ойлголцлыг нэмэгдүүлэх талд сүүлийн үед маш их анхаарч байна.

-Та нэг уулзалтынх нь үеэр хотод дахин 0.07 га газар олгохгүй гэж хэлсэн байсан. Энэ үг эцсийн шийдвэр мөн үү?

-Миний хувийн байр суурь. Хотод нэг хэсэг нь 10 газартай байхад олонх нь 0.07 га газраа олж авч чадаагүй байх жишээний. Дээр нь, газрын наймаа далд явагддаг. Татвар төлдөггүй. Ерөөсөө танилтай талтай, арын хаалгатай хүмүүсийн боломж болчихсон. Үүнийг болиулна. Цаашид хотын дарга Д.Сумьяабазар, ерөнхий архитектор Ц.Алтангэрэл гэж хоёр хүний гарын үсгээр газар олгодог явдлыг болих хэрэгтэй. Хотын дарга Засгийн газарт өөрөө ажлаа шууд тайлагнадаг болоод ирэхээр Засгийн газрын гишүүний хэмжээнд очно. Энэ тохиолдолд хотын ерөнхий архитектор нь хотын даргын нэгдүгээр орлогч буюу төлөвлөлт хариуцсан орлогч болох ёстой. Тэгэхгүйгээр Хот байгуулалт, хөгжлийн газар гэж 34 агентлагаасаа ялгарахгүй нэг бүтэц байгаад ямар ч нэмэргүй. Газрын бүртгэлийг 100 хувь цахимжуулж, хуулийн дагуу хоёр жил газрынхаа татварыг төлөөгүй бол автоматаар хүчингүй болгодог, тэр даруйд уг газрын мэдээлэл газрын бирж дээр зарлагдаж, зах зээлд ил тод дуудлага худалдааны сүлжээ рүү ордог болчих хэрэгтэй.  Ингэж чадвал газрын далд наймаа байхгүй болж, татвар автоматаар төлөгдөж, иргэд ч газартаа хариуцлагатай ханддаг болно. Мөн шинээр газар эзэмших хүсэлтэй иргэдийн боломж нэмэгдэнэ. Өөрөөр өнөөдөр үнэнийг хэлэхэд хотод шинээр олгох дэд бүтэцтэй, амьдрах орчин нөхцөл хангагдсан 0.07 га газар байхгүй болчихсон байхгүй юу. Нөхцөл байдал нь ерөөсөө энэ.

-Ер нь бодлыг тань тандах үүднээс асуухад та дараагийн удаад буюу 2024 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгтээ дахин нэр дэвших үү. Сонгогчид УИХ-ын гишүүнээс татгалзсан шийдвэрээс тань үүдээд итгэл алдсан, зугтсан, магадгүй Сонгинохайрхан дүүрэгт илүү их боломж нээгдэх нь гэх мэтээр янз бүрээр бодож байгаа байх. Ер нь тэд дахин хүлээж авах болов уу. Та нэгэнт стандарт бус шийдвэр гаргасан учраас таныг ч мөн адил стандарт бусаар харж байгаа нь дамжиггүй. Энэ тухай та дотор хүндээ ямар бодолтой байдаг вэ?

-Нэгд, харин ч илүү их ард иргэдтэйгээ ойр ажиллах, илүү ихийг хийх боломжин дээр ирчихсэн байгаа гэдгийг ойлгох болов уу гэж найдаж байна. Хоёрт, УИХ-ын гишүүнээс бууснаараа тойргоосоо явсан тухай ойлголт байхгүй. Баянзүрх, Сонгинохайрхан хоёр бол Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай, хамгийн их гэр хороололтой, хөгжлийн дэд бүтэц хамгийн сул бүс. Иймд энэ хоёр дүүргийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, утааг бууруулах, хөгжлийг түргэсгэх нь хотын эн тэргүүний зорилго. Тэр утгаараа ажил хаана явагдах вэ гэвэл энэ хоёр дүүрэгт л илүү төвлөрч хийгдэж таараа. Тийм учраас хүлээлт болон үр дүн хоёрыг тэгшитгэж харах цаг хугацаа байгаа байх л гэж бодож байна даа.

-Хотын дарга ер нь бизнесмэн байх ёстой юм уу, эсвэл улстөрч байх хэрэгтэй юу?

-Аль аль нь. Гэхдээ одоогийн нөхцөлд бизнесмэн байх нь илүү чухал байна. Миний хувьд ч өөрийгөө бизнес сэтгэлгээ илүү хөгжсөн юм болов уу гэж боддог.  Аль болох гаргалгаа хийж, тооцож үзэж байж хөдөлдөг, шийддэг хүн. Энэ утгаараа хотод бодит өөрчлөлт авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Таны ярианаас хот бизнес, бүтээн байгуулалт дэмжинэ гэдэг утга ойлгогдож байна. Гэхдээ таныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллах хугацаанд төр олон уул уурхайн ордыг мэдэлдээ авч, компаниудын лицензийг хураасан.Харьцангуй зөрчилтэй үг үйлдэл юм биш үү, энэ чинь?

-Уг нь маш олон уул уурхайн ордын үйл ажиллагааг эхлүүлж, олон компанийг дэмжиж хэвийн ажиллах боломжоор хангасан. Тэр болгоныг сурталчлаад яриад явсангүй л дээ. Үүн дээр харин алдчихсан юмуу гэдэг бодол төрдөг. Иймд цаашид илүү нээлттэй ажиллана. Харин хаасан, үйл ажиллагааг нь зогсоосон Салхитын мөнгөний ордын жишээн дээр хэлэхэд үнэхээр лицензийг нь цуцлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байсан. Монголын газар нутгийг хэн дуртай нь эзэмшээд тэрийгээ луйврын сүлжээнд оруулж болохгүй биз дээ. Энэ талаар тухайн үед хангалттай тайлбарласан учраас одоо нэмж хэлээд хэрэггүй байх.

-Та ХанХилссийн хажуу талд, Туул голын эрэг дагуу олгосон 19 зөвшөөрлийг цуцалсан. Зөвшөөрлийг нь харахад ихэнх нь сүүлийн гурван жилийн хугацаанд олгосон харагдсан. Харамсалтай нь, та өнөөдөр “Буруу” гээд цуцаллаа гэхэд маргааш, нөгөөдөр шүүх дээр ялагдал хүлээх магадлалтай. Дээр нь, таныг ажлаа өгөөд явлаа гэхэд дараагийн Засаг дарга шинээр зөвшөөрөл олгож ч мэднэ. Иргэд та бүхний энэ мэт нэг нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэдэг үг үйлдэл, тушаал шийдвэрийн золиос болоод байгааг яах вэ. Маш харамсалтай?

-Туул голын дагуу ялангуяа ундны усны эх булаг, Сэлбэ гол дагуу олгосон газрын зөвшөөрөл мөн л хэрээс хэтэрсэн нь үнэн. Анхнаасаа өгсөн нь өөрөө маш буруу. Хотын захиргааг болно гэхээр хувийн хэвшил орж байгаа нь үнэн. Тантай санал нэг байна. Гэхдээ миний зүгээс хотын даргын хувьд иргэдийнхээ талд зогсоно. Өөр арга байхгүй.

-Нөхөн төлбөрийг нь шийднэ гэсэн үг үү?

-Ярилцана. Ор тас хохироогоод үлдээж бол болохгүй. Яах аргагүй цаана нь бизнес явж байгаа нь үнэн. Иймд нөхөн олговор олгох уу, эсвэл өөр байршилд газар дүйцүүлэн олгох уу гэдэг хувилбаруудаар ярилцана. Дээр нь, зөвшөөрөлгүй барьсан гражны тухай асуудал байна.

-Гражны эзэд танаас 4-45 сая төгрөг нэхсэн байна лээ?

-Нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг буулгах үүрэг өгсөн минь үнэн. Тэр үүрэг даалгаврын дагуу буулгаж байгаа нь ч үнэн. Мөн иргэд өөрсдөө зөвшөөрөлгүй газар граж худалдаж авсан, барьсан нь буруу юу гэвэл буруу. Гэхдээ тийм газар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон нь эцсийн бүлэгтээ яах аргагүй төрийн буруу. Иймд асуудлыг хэрхэн зохицуулахаа мөн л хамтдаа сууж ярилцана. Хотын Газар зохион байгуулалтын албанаас ямар хэлбэрээр зохицуулах вэ гэдгээ одоо судалж байна. Цааш цаашдаа Туул гол дагуу, Богд ууланд газар олгодгийг болих хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх гээд байгаагийн нэг гол зорилго нь энэ шүү дээ. Тэгээд ч, бизнесмэнүүд бол өөрөө эрсдлээ үүрээд зээлийнхээ хүүг төлж, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдээд явж байгаа хүмүүс. Ийм хүмүүсийг би хувьдаа буруутгадаггүй. Тэр хүмүүс мөнгөтэй, шинэ бизнестэй болох нь зөв. Өмнөд Солонгосыг гурван компани, Японыг арваад компани чирж явдаг. Тухайн улс орны иргэд ч, төр нь ч тэдгээр толгой группуудээрээ бахархаж, дэмжих нь их байхаас бус үзэн ядаж, эсэргүүцдэггүй байхгүй юу. Монголчууд маань ч гэсэн удахгүй ийм хандлагатай болно гэдэгт итгэдэг. Төрийн тухайд анхнаасаа болно, болохгүй гэдэг хязгаарыг тодорхой тавиад өгчихсөн бол хаа хаанаа ийм зөрчил үүсэхгүй байх байсан. Иймд хойшид ийм зөрчил, үл ойлголцол үүсэхгүй байхад онцгой анхаарч ажиллана.

 

Д.Сумъяабазарын метро, Э.Бат-Үүлийн метро гэж байхгүй

 

-Таны Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг өрөөндөө урьж уулзаж байгаа зургийг сошиалиас харсан. Та түүнийг хэр сайн хотын дарга байсан гэж боддог вэ. Авах гээх санаа оноо хэр их байх юм?

-Их их. Хувь хүн нь ассан, дайчин хүн учраас Улаанбаатар хотын хөгжилд том хувь нэмэр оруулсан дарга гэж үнэлж, хүндэлдэг. Мэдээж авах гээхийн ухаанаар хандахад орхигдуулсан, алдсан шийдвэр ч бий, Э.Бат-Үүл даргад. Гэхдээ хотын иргэн, хотын хүн гэдэг талаас нь Улаанбаатар хотын иргэдийн сэтгэхүйд том өөрчлөлт авчирсан хүн шүү, яах аргагүй. Нийтийн тээврийн үйлчилгээний өөрчлөлт гэхэд үүнд хамаарна. Миний хувьд үе үеийн хотын дарга нарыг урьж уулзаж, ажил хэргээ зөвлөлдөхийг эрмэлзэж байгаа. Тэр үүднээсээ Э.Бат-Үүл даргатай уулзаж ярилцсан. Бидний хэн хэн нь хотын түгжрэлийг яаралтай бууруулах гэдэг дээр зарчмын саналтай байгаа. 2010 онд 236 мянга байсан автомашины тоо арван жилийн хугацаанд 620 мянга болтлоо өссөн байна. Тэгсэн хэрнээ хотын зам 2010 онд 950 км урттай байсан бол өнгөрсөн арван жилийн хугацаанд хотын замын урт ердөө 16 хувиар л нэмэгдсэн байгаа юм. Ингэхээр чинь арван жилийн өмнө 35 км цагийн хурдтай явдаг байсан автомашины урсгал өнөөдөр тэг зогсолтод хүрэх нь аргагүй шүү дээ. Дээр нь, 2009 оноос хойш хотын автобаазын парк шинэчлэл огт хийгдээгүй байх жишээний. Энэ мэт олон асуудлыг өөрчлөх, сайжруулах зүйл дээр хот удирдаж байсан хүнтэй нам, эвслийн харьяалал хамааралгүй зөвлөлдөх, ярилцах зүйл байлгүй л яахав. Иймд эцсийн бүлэгт хот түгжрэлгүй болох нь чухал учраас хэрэг тус болох асуудал дээр Э.Бат-Үүл даргынхаа үг зөвлөмжийг авах үедээ авна аа. Ер нь тэгээд хотын даргын зовлонг хотын дарга л ойлгоно л доо.

-Метро гэхэд Э.Бат-Үүл даргын үед хамгийн хүчтэй яригдсан?

-Тийм, тийм. Зураг зураг төсөл, санал санаачилга нь гэхэд Э.Бат-Үүл даргын гаргасны дагуу яригдаж байгаа асуудал. Өглөөний гудамж байгуулаач, залууст их хотын соёлыг явуулах хэрэгтэй байна гэдгийг хэлж байсан. Автомашингүй гудамж байгуулах асуудал дээр гэхэд санал нийлэх жишээний. Эсрэгээрээ гэр хорооллын дахин төлөвлөлт дээр бодлогын алдаа гаргасныг нь хэлэхээр Э.Бат-Үүл дарга маань бас санал нийлэхгүй, эсэргүүцнэ ээ. Гэхдээ ажил хэргийн энэ мэт мэтгэлцээн бол байх зүйл. Тиймээс ч хотын соёл, хотын иргэн гэдэг ойлголтыг иргэдэд төлөвшүүлж байсан Э.Бат-Үүл даргын тухайн үеийн үйл хэргийг үргэлжлүүлж ажиллана. Э.Бат-Үүлийн метро, Д.Сумъяабазарын метро гэж байхгүй. Улаанбаатар хотын метро л гэж байгаа. Иймд дахин хэлэхэд хамтарч ажиллах зүйл дээрээ ажиллана. Жишээ нь, Улаанбаатар хотын зүрх болсон Сүхбаатарын талбай байна. Энэ талбай амьгүй, хөдөлгөөнгүй байх бус харин ч залуусын цуглардаг, дуулах нь дуулаад, бүжиглэх нь бүжиглээд, зугаалах нь хөтлөлцөөд зугаалдаг амьд хөдөлгөөнтэй талбай байх хэрэгтэй. Хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй ч коронавирусын халдвар нэг л өдөр дуусгавар болно байх. Тэр үед энэ талбай их хотын залуусын талбай болж, Улаанбаатар хотын өнгө болох ёстой. Энэ бэлтгэл ажилд гэхэд Э.Бат-Үүл даргын санааг тусгана. Ч.Мөнхбаяр дарга байна. Хот төлөвлөлтийн мэргэжилтэн гэдэг утгаар энэ хүний үед хийгдсэн замын дэд бүтцийн зураглал, шинэчлэл Э.Бат-Үүл даргын үед хийгдсэн бүтээн байгуулалтын гарын авлага, зураг төсөл болоод явсан байх жишээний. Энэ чинь өөрөө сайн санаачилга дараагийн үедээ уламжлагдаад шинэчлэгдээд хэрэгжээд явдгийн жишээ л байхгүй юу даа.

-Ер нь бол тантай ярилцаж байгаа энэ гурван цагийн хугацаанд өөрийн тань ярианаас нэг зүйлийг ойлгоход яг одоогийн байдалд харьцангуй амьсгаа авахтайгаа, асуудалд тайван хандах хэмжээнд очсон юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Мэдээж халдварын тоо нэмэгдэж, эрсдэл их байгаа ч ажлаа гартаа авах, зохицуулах талаасаа туршлага суусан байж таараа. Яг ажлаа авсны дараахан бол хувь хүний тань асуудалд хандах хандлага, илэрхийлэл нэлээн буруу байна уу гэж харагдсан. Коронавирусын огцом  тархалт, Улаанбаатар хот руу 22-ын товчоогоор орж ирж чадахгүй амиа алдсан эмэгтэй, таны өрөөнийхөө үүдэнд тавьсан ариутгалын хашлага гээд алхам бүр тань олны дургүйцлийг төрүүлж байсан?

-Хүнд үе. Гэхдээ өнөөдөр ч амаргүй л байна. Хамгийн их бодогдсон зүйл бол “Ядаж гурван сарын дараа энэ бүхэн болохгүй дээ” гэдэг бодол байсан. Дээр нь, өөрийнхөө алдааг бас олж харсан л даа.

-Ямар алдаа?

-Банк санхүүгийн салбараас улс төрд 2008 оноос орж ирсэн. Удалгүй Нийслэлийн МАН-ын 45 дугаар үүрийн дарга болсноос хойш нөхцөл байдлаа харахаар би яах аргагүй маш хязгаарлагдмал орчинд орчихсон хүн байсан юм байна лээ. Тэгэнгүүт хотын даргын албын тушаал эсрэгээрээ. Нээлттэй байх хэрэгтэй, тодорхой байх шаардлагатай, байнга үл ойлголцол үүсдэг, тэр болгоныг нь цаг алдахгүй шийдэх ёстой, идэвхтэй байхыг шаарддаг ажил болж таарсан. Энэ утгаараа тухайн үед алдсан алдаа байгаа байгаа. Наад зах нь, “Манай албан хаагчид, бид нар нойр хоолгүй ажиллаж байна” гээд хэлчих жишээний. Тэртээ тэргүй бухимдалтай байгаа иргэдэд тийм үг хэлж нэмж бухимдуулсан нь миний алдаа болсон уу гэвэл болсон. Ажил аваад яг 14 хонож байхад ковид гарсан. Бүх юм тулсан. Төсвийн тодотгол, Засаг даргын мөрийн хөтөлбөр, коронавирусын шинэ тохиолдлууд гээд. Зөвхөн би ч бус манай баг хамт олон, хотын албан хаагчид, иргэд ч “Халдвар гарна” гэдгийг бүгд мэдэж байсан хэрнээ бүгд гэнэт шинэ нөхцөл байдлын дарамтанд орсон шиг байгаа юм. 

-Хэр хугацааны дараа бодит нөхцөл байдалтай эвлэрсэн бэ?

-Хугацаа орох юу байхав дээ. Нэгэнт ажил хийнэ гэж сонголтоо хийсэн учраас хүнд хэцүүг давж гарна гэдэг бодлоор улам хурцлагдсан байх. Хүн юм болохоор хааяа баярлана, гунина. Гэхдээ халгаж айсандаа “Больё” гэдэг бодол бол төрөөгүй. Ундууцах үе бол байсан байсан. “Ядаж гурван сарын хугацаа байсан бол” гэж бодохоор дотроосоо ундууцах үе гардаг юм байна лээ. Ерөөсөө ундууцсандаа л “26 мянган төрийн албан хаагч өдөр шөнөгүй ажиллаж байгаа шүү” гээд хэлчихэж байгаа юм. Гэхдээ яах вэ, хотын даргын хувьд албан хаагчдадаа урам өгөх, дэмжлэг үзүүлэх, цалин хөлсийг нь нэмэх талд онцгой анхаарч ажиллах ёстой юм байна гэдгийг тэр үед ойлгосон. Судлаад үзэхээр төрийн албан хаагчид маань олны нүдэнд л байнгын ажлын байртай, тогтмол цалинтай, төрийн өмнөөс шийдвэр гаргадаг гэх мэт том том дүгнэлтийн эзэн болж чичлүүлээд байдаг болохоос бус яг амьдрал дээр цалингаас өөр орлогогүй, үргэлж төрийн өмнөөс олон нийтийн буруутгал, дайралтад өртөж, сэтгэл зүйн дарамтанд орж байдаг бас л амаргүй ачааг үүрч яваа хүмүүс. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зургаан сарын туршлагаасаа харахад албан хаагчдынхаа нөхцөл байдлыг их сайн таньж мэдэж, ойлгож авлаа. Цаашид хотын хөгжлийн төлөө юу хийх, хэрхэн ажиллах газрын зургаа гаргалаа. Чамлахааргүй төсвийн дэмжлэгийг улсын төсвөөс авахаар боллоо. Засгийн газар хотын ойлголцол хоёрыг жигдэлж, маш сайн хамтын ажиллагааг эхлүүллээ. УИХ дээр лобби бүлэг бус бүр түр хороо байгуулж чадлаа. Бас ч үгүй ажил хийсэн байна шүү, эхнээс нь хэлэхэд. Хотын албан хаагчидтай уулзахад нэг зүйл маш олзуурхууштай санагдсан нь гадаад дотоодод яг хотоор мэргэшсэн, боловсрол эзэмшсэн, хийж бүтээх хүсэлтэй ч улс төрийн дэмжлэг байхгүй учраас арагшаа түлхэгдсэн залуус их олон байгаатай танилцаж, ярилцсан явдал байсан. Ёстой намайг ч тэд танилаа. Би ч тэднийгээ танилаа гэж хэлмээр юмуу даа.

-Та яг үнэнийг нь хэлээрэй. Таныг тэр залуус ямар хүн, ямар дарга гэж бодсон байх юм?

-Аа, байдаг л нэг,ирдэг л нэг ээлжит дарга гэж бодсон юм шиг байна лээ шүү. Зарим нэг нь юу мэдэхэв, бөх нөхөр гэсэн шүү байдлаар хүлээж авсан нь чбайгаа. Нэг хэсэг нь, улс төрийн буянаар хот гэсэн мөнгөтэй газар ирчихээд мөнгөний ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх нь дээ гээд итгэчихсэн байх жишээний.

-Таны хувьд аль аль нь үгүй гэж үү?

-Уг нь, би танд энэ ярилцлагын туршид хотыг хөгжүүлнэ, хөгжүүлэхийн төлөө хотод ирсэн гэж хэлсэн дээ. 

-Яахав, ярилцлагын төгсгөлд дүгнэхэд Та Улаанбаатар хотын хөгжлийн түүхэнд бүтээлч, бүтээсэн Засаг даргаар бичигдэхийг хүсч байгаа юм байна гэж ойлгосон. Ер нь зөв үү?

-Тийм ээ, яг наадхи чинь л байхгүй юу.

-Гэхдээ дахиад хэлэхэд Та мөнгөгүй?

-Би нэг юмыг дахин тодорхой хэлэхэд өртэй байна гэдэг бүх юм тэг зогссон гэсэн үг биш. Миний хувьд банк санхүүгийн салбарт ажиллаж байсан учраас мөнгө босгох, хөрөнгө санхүүжилт олох учраа мэднэ. Зээл хөөцөлдөнө, хөрөнгө оруулалт олно. Гол нь, үр ашигтай ажиллах нь л чухал. Дээр нь, гаргалгаагүй зүйл гэж байдаггүй юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа батлуулчихвал наад зах нь хот бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийн хотуудын гаргасан бонд маш их амжилттай борлогддог. Яагаад гэхээр итгэлтэй, тогтвортой бонд байхгүй юу. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа гадна дотны олон хөрөнгө оруулагчидтай уулзаж, яриа хэлэлцээр нааштай үр дүнд хүрч байсан. Түүнийгээ сэргээж байна. Гадаад талд ер нь намайг нэлээн сайн ойлгодог. Энэ давуу талаа ашиглана.

-УИХ-ын гишүүнээс татгалзах үед тань “Сумъяабазарын УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хамгаалалтыг байхгүй болгох нь МАН-ын удирдлагуудад ашигтай. Их удахгүй хууль хяналтын байгууллагаар шалгуулах байх” гэдэг яриа улс төрд тухайн үед гарч байсан. Нэгэнт ярилцсаных тодруулж асууя?

-Улс төрийг том зургаар нь харж сурах хэрэгтэй. Хэрэв тийм айдас байсан бол би тэнэг хүн биш шүү дээ. Хэзээ ч УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй л байхгүй юу. Гол нь, тийм юм байхгүй учраас хотын дарга болох сонголтыг хийсэн. Хоёр удаа УИХ-ын гишүүнээр ажилласан. Нэг ч удаа хууль, хяналтын байгууллагад дуудагдаж, асуудал болсонгүй. Урдах ажлаа сайн хийгээд, хууль зөрчихгүй хулгай хийхгүй явахад хууль хяналтын байгууллагаас айж, халдашгүй байдлын хамгаалалтад найдаж суух хэрэг байдаггүй юм даа.

-Ярилцлагаа энэ хүрээд дуусгая. Гэхдээ төгсгөлд нь Г.Ган-Очир гэж залуу “Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нар хоорондоо зөрчилдсөнөөс болж надад сонгуулийн хар машин хакердах санал тавьсан. Д.Сумъяабазар “Миний дүү л ахдаа тусал. Намайг Д.Амарбаясгалан эд нар жийх гээд байх шиг байна. Ах нь заавал ялах ёстой. Миний дүү зоригтой байна шүү” гэж сонгуулийн хар машин хакердуулахаар хэд хэдэн удаа намайг ятгасан” гэдэг ярилцлага өгсөн байсан талаар та албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй юу. Таныг энэ тухай тайлбар хийснийг сонсоогүй юм байна?

-Болоогүй юмыг юуг нь тайлбарлахав дээ. Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа гэж сонссон. Намайг дуудаж байцаагаагүй. Би тэр залуутай уулзаж байгаагүй. Уулзах шаардлага ч байхгүй. Тэр дундаа бүр “Амарбаясгалан ахыг нь жийх гээд байна” гээд яриад сууж байна гэж юу байхав дээ. Би тэр залууг мэдэхгүй. Сэтгэц мэдрэл нь зүгээр байгаа гэж бодогдсон. Тэр хань хамсаатан хүмүүсийг нь судлаад үзэхээр залилангийн хэргээр 1-2 удаа ял авч байсан хүмүүс ард нь байгаа юмуу гэж ойлгосон. Дээр нь, нэг осолтой зүйл нь “Сонгуулийн хар машиныг хакердаж болно” гэдэгтээ итгэчихсэн юм болов уу гэдэг бодол бас төрсөн. Цайруулж бодно гэдэг л энэ байх. За тэгээд би энэ тухай өөр юу хэлэхэв дээ. Хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох биз.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.21 ДАВАА № 123 (6600)