Б.НАМУУНТАМИР

 

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимп болоход сар гаруйн хугацаа үлдээд байгаа билээ.  1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Олон Улсын Олимпийн Хороо анх байгуулагдах шийдвэр гарснаар орчин цагийн олимпийн хөдөлгөөн албан ёсоор үүссэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан намтар түүх арвинтай, ярих хэлэх юмтай нэгнийг сурвалжлах үүрэгтэйгээр Монголын Үндэсний Олимпийн хороогоор очлоо.

Зорилгоо хэлбэл нэг танил маань түвдэх юмгүйхэн, гавьяат тамирчин Д.Отгондалайтай уулз даа гэв. Эрлийн үзүүрт тос гэдэг шиг л болов. Урьд нь яг нүүр тулж уулзаж байгаагүй ч боксын Д.Отгондалайг мэднэ л дээ.

Ринг дээр тоглож байхыг нь нэг биш удаа харсан бас олимпийн наадмаас медаль авч Монгол Улсынхаа нэр, далбааг дэлхийд мандуулан, гялалзаж явахыг нь мэдэх болохоор олзуурхаж байлаа.

Монголын тамирчдын олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалайг “Амьдралын тойрог” буландаа онцолж, энэ хүний амьдралын тойргоор аялах ярианд нь ёстой л автав. Тэр сэтгэлийн авдраа уудалж боксоо л яриад байна.

 

15 настай хүү боксын спортод хөл тавьсан нь

 

1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод Доржнямбуугийнх шинэ хүнтэй болжээ. Тэр нь Д.Отгондалай. Тэрбээр Дорнодод өсөхдөө үе тэнгийнхэнтэйгээ уралдаж, барилдаж, заримдаа гар зөрүүлж ч явжээ. Тэгж л өсдөг байх. Сургуульд байхдаа л үндэсний бөх, чөлөөт бөх, жүдогоор барилдчихдаг спортлог хүүхэд байсан юм. Анх 15 настайдаа бөхийн секцэд явж эхэлжээ. Нэг том зааланд бөх, таеквондо, бокс зэрэг нэг дор хичээллэдэг байжээ. Нэг өдөр бөхийн секц нь хичээллээгүй байсан  тул гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсэж болох уу? хэмээсээр боксын секцэд элсэн оржээ. Сахилгагүй жаалхүү боксоор хичээллэснээс хойш буурь сууж, нэг үгээр хэлбэл, их л даруухан болсон гэдэг. Боксын спортоор хичээллэж эхлээд сар гаруйхны дараа хилийн дээс алхаж, Олон Улсын хүүхдийн тэмцээнд оролцож, хамгийн эхний ялалтаа авч байжээ. Түүний дараа “Олимпийн гараа” тэмцээнд орж аваргалжээ.  Энэ нь жаал хүүгийн алсдаа тамирчин болох замыг улам шулуун болгож өгсөн биз. Түүнээс хойш өсвөр, болон залуучуудын аваргад нэг ч ялагдалгүй 2005 он хүртэл тулалджээ. 2005 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн ялалт байгуулан, одоогийн МУГТ Сэрдамбатай аваргын төлөө тулалдаж ялагджээ. Энэ нь түүний анхны ялагдал юм.

 

Тэр оролцсон тэмцээн болгондоо медалийн тавцангаас буудаггүй байсан

2006 оноос эхлэн  54 кг-ийн жинд тулалдан 2007 онд  насанд хүрэгчдийн анхны улсын аварга хэмээх үнэтэй цолыг хүртжээ. 2008 оноос 57 кг-ийн жинд тоглон, Улсын аварга болж, Бадар-Ууган олимпийн эрхээ аван, бэртэл  гэмтэлтэй байсан тул тэрээр 2008 онд 20-хон настайдаа Тайландын эзэн хааны цолыг хүртэж байжээ. Улмаар 2008 онд гарандаа, нуруундаа бэртэл аван, 2009 оны Улсын аваргын тэмцээнийг өнжье гэж бодсон ч, амжилт үзүүлнэ гэсэн зорилгынхоо төлөө бэртэлтэй ч шаргуу хичээн, хүрэл медаль авч чадсан юм. Тэр ингэж л асар их тэсвэр хатуужил, хүнд сорилтыг давж хэмжээлшгүй зүтгэл мэрийлтээр тамирчин хүний хүрэх оргилд хүрсэн юм.

2012 онд бүх ард түмний спартикиадад түрүүлж, Монголын номер нэг тамирчин болж, олон улсын тэмцээн уралдаанд явж эхэлсэн юм. 2013 онд олимп дэлхийн аварга цугласан ДАШТ-аас хүрэл , Кубын өндөр зэрэглэлийн тэмцээнээс алт аван, нэг ч ялагдалгүйгээр Куба улсад түрүүлсэн хоёр дахь Монгол тамирчин болж байжээ. 2013 оны ДАШТ-д Д.Отгондалай хоёр ч удаа хожигдсон тамирчинд ялагдсан. 2011 оны ДАШТ-д Ирландын тамирчинтай 18:18 харьцаатай оноо тэнцээд, буруу шүүлтийн улмаас харамсалтайгаар ялагдсан, 2015 онд нэгхэн сарын өмнө Узбекистаны тамирчинг 3:0 харьцаагаар илүүрхэж хожсон ч ДАШТ-д мөн л буруу шүүлтийн улмаас хожигджээ. Түүний одоо ч харамсаж явдаг гурван ДАШТ бол энэ. Тэрээр“Миний азгүй,  харамсалтай түүхүүд дандаа ДАШТ-үүдэд тохиолдож байсан. Нэг тамирчиндаа хоёр хожигдоно гэдэг тэр тамирчин өөртөө зорилго тавиагүй байна гэсэн үг. Зорилготой бол эхний тоглолтод хожигдсон ч хоёр дахь тоглолтод хожигдсон тамирчны эсрэг тактикаа боловсруулж хождог. Өсвөрийн залуу тамирчиддаа хэлэхэд хожигдсон тамирчдынхаа арга барилыг маш сайн судлаарай хэмээн захимаар байна” гэсэн юм.

 Түүний хувьд 2014 оны  Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны “А” зэрэглэлийн тэмцээнээс хоёр мөнгө, нэг алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний наймдугаар байр, 2015 оны Таиландын нийслэл Бангкок хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус тус хүртэж байсан туршлагатай тамирчин билээ. Д.Отгондалай ингэж л монголчуудаа ч, дэлхийн  боксынхныг ч шуугиулж гарч ирсэн адтай тамирчин.

2008 оны Бээжингийн олимпийн өмнө Тайландын Бангкок хотод болсон “Эзэн хааны цом”-д хоёрдугаар тойрогт 2007 оны Чикагогийн ДАШТ-д манай Э.Бадар-Ууганыг булхайгаар ялсан Оросын тамирчин Водапяновыг ялж аварга болж байсан юм. Тэр бол дэлхийн бокс дахь шуугиан байлаа. Энэ ялалтад чин сэтгэлээсээ баярласан Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди агсан “Усан согтуу оросоос цусан өшөө  авсан тосон бор хүүдээ алтан медаль хүсэе. Өгсөн үүргийг өнөд биелүүлж өнөөх талаа өвдөглөн сөхрүүлж тал шигээ уужим, чоно шигээ зоригтой байхыг ерөөж “Талын чоно” гэж цол хүртээв” гэж мессэж бичсэн гэдэг.

Харин түүнд олимпийн медаль дутаж байсныг аваад ирж явна. Д.Отгондалайг монгол түмэн энэ цагийн үеийн монгол баатар хэмээн хүндэтгэн угтаж авсан юм.

Түүний олимпийн дараах хамгийн сүүлийн тэмцээн 2017 оны дэлхийн аваргад амжилттай оролцон хүрэл медаль хүртжээ. Тэр боксын хувьд оролцсон тэмцээн болгоноосоо медаль авч тамирчны хувийн амжилт ч гоц өссөн юм.

 

Олимпоос медаль авсан үеэ эргэн дурсвал...

 

Тамирчин хүний цэнгэлийн манлай бол олимп. Тэрээр бэлтгэл сургуулилтаа суурьтай, судалгаатай, шаргуу, жигд өсөлттэй  хийсээр Ази, Номхон далайн орнуудын бүсийн тэмцээнээс “Рио-2016”-д оролцох эрх авсан. Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, УАШТ-ий найман удаагийн аварга ОУХМ Д.Отгондалай “Рио-2016” олимпийн наадмын хатуу рингэнд хэрхэн тулалдахыг дэлхий харсан. Түүний шат дараалсан тулаануудыг үзсэн, харсан хүн бүр, тэр бүү хэл тэрхүү тулаануудыг шүүсэн шүүгчдийн ч зүрх сэтгэлд тэрээр олимпийн наадмын алтан медальтан. Алтын дайтай хүрэл зүүж Бразилийн тэнгэр дор улс Монголынхоо алтан соёмбот далбааг мандуулан туурга тусгаар улсынхаа сүр хүчийг илтгэн алдрын тавцан дээр дараагийн ялалтаа сэтгэлдээ дархалж зогссон юм.

Тулааны гурван үеийн турш илүүрхэж, өрсөлдөгч нь хөлөө арайхийн зөөж, унахаас наагуур найгасаар хугацаа дуусгасан болж байхад ялалтыг ялагдсан тамирчинд өгчихөж байгаа шүүгчийн увайгүй шийдвэрийг тухайн мөчид эсэргүүцэх арга хэнд ч байгаагүй болохоор яаж ч чадалгүй рингээс бууцгаасан. Алтын дайтай хүрэл гэдэг тамирчин хүний амь, амьдралаа зориулж, зольж хүрдэг амжилтын баталгаа. Энэ медаль бол үнэ цэнэ, амьдрал юм.

Д.Отгондалай 2005 онд Залуучуудын УАШТ-ий амжилтаараа Боксын шигшээ багт элссэн цагаасаа хойш өнөөг хүртэл 60 кг жинд тоглож байгаа. Олон жил жингээ барих, жин хэлбэлзсэн үед хасч, нэмж тохируулна гэдэг тамирчин хүнээс асар их хөдөлмөр шаарддаг. Энэ жиндээ Монголд төдийгүй тивдээ тэргүүлж байсан тамирчдын нэг юм. Түүнээс өөрийн хамгийн оргил үеэ дурсаач гэвэл “Яг 20 настай байхдаа ямар ч мундаг тамирчин гарч ирсэн эмээх зүйл байхгүй, омогтой, хурдтай, хүчтэй байлаа. Яг 20-24 настай байх үед л  миний амжилтууд дандаа өссөн. 2014 -2017 он бол миний хамгийн оргил амжилт үзүүлсэн үе маань. Ер нь боксын спорт шатрын спорттой адилхан. Хэдий хүчтэй байсан ч толгой ажиллахгүй бол ринг дээр ялалт авч ирж чадахгүй” хэмээлээ.

 

Тэмцээнд явсан хойно нь эхнэр нь өөрөө машинаа барин, төрөх эмнэлэг рүү явж байжээ

Мэдээж цаг наргүй тамирчин хүний ар гэрийг авч явах, ямагт ард талд нь байж, амжилт гаргахад нь асар том нөлөө үзүүлдэг хүн бол гэргий нь.  Гэргийтэйгээ багадаа нийлсэн. Хос залуус заримдаа хоёулаа алхаж ирээд, алхаад харина. Хоолгүй хонох нь байсан ч, түүнийг зовлон гэж бодож байсангүй, инээлдээд л маргаашийн, дараагийн ажлаа төлөвлөнө. Ийм л амьдрал дундаас босч ирсэн босоо аварга бол Д.Отгондалай билээ. Төрж өссөн Дорнод аймгийнхан нь түүгээр маш их бахархдаг. Түүний эхнэрийг Г.Хулан гэдэг бөгөөд инженер мэргэжилтэй, ШУТИС-д Геодезийн багшаар ажилладаг. Дорнод аймагт төрж өссөн тэрээр Окитой айл хөршүүд байжээ. Дорнод аймгийн 11-р сургуульд хамт сурдаг байсан. Г.Хулан манай доод анги. Бас хөршүүд. 2003 онд үерхэж эхэлсэн юм байна. Арван жилд байхдаа үерхээд, хотод хамт оюутан болж ирээд, амьдралаа эхлүүлжээ. Тэднийх хоёр сайхан охинтой. Том охин нь одоо зургадугаар ангид элсэн орох бол бага нь таван настай.

Олимпийн эрхээ 2016 онд олимпийн эрхээ авчихаад тавдугаар сард Куба руу олон улсын тэмцээнд явжээ. Энэ үед түүний эхнэр Г.Хулан төрөх дөхсөн тулгар биетэй гэрээ сахиж үлджээ. Төрөх өвдөлт өгөхдөө эхнэр нь өөрөө машинаа унан, төрөх эмнэлэгт ирж, төрж байсан удаатай тийм  их тэсвэр хатуужилтай мундаг эмэгтэй гэж онцоллоо. Тив дэлхийн медаль авахаасаа өмнө тэр хоёр 2013 онд анх найман хувийн зээлээр байранд орж, өөрсдийн амьдралаа өөрсдийн гараар бүтээж байжээ.

 

“Амжилтууд минь гэр бүл багшийн минь ач тус хайр хишиг”

 

Түүний аав ээж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат гэдгийг дээр дурдсан. Түүний том ах Сүхбаатар сумандаа бууриа сахиад үлджээ. Бусад ах эгч нар нь Дорнод  аймагтаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа аж. Мэдээж тамирчин хүн ивээн тэтгэгчгүйгээр аливаа тэмцээн уралдаанд оролцож тэр бүр чаддаггүй. Тэрээр “Апу” компанийн тамирчин байсан бөгөөд, нутгийн ах нар болон маш олон хүн түүнд итгэл хүлээлгэн дэмждэг байсан нь түүнийг боксын түүхэнд  амжилт үзүүлнэ гэдэгт ямагт итгэж байсных юм. Тэрбээр ярилцлагын төгсгөлд “Би хэдийгээр тамирчин байхаа больсон ч надад итгэж, ивээн тэтгэдэг байсан хүмүүсийн ачийг мартаж болохгүй.  Үргэлж дэмжиж байсан Шинэдэнцэл, Батмөнх ахдаа болон төрүүлж өсгөсөн ээждээ, тэнгэрийн оронд байгаа хэдий ч аавдаа баярлалаа.

Энэ  амжилтад багш нар, мөр зэрэгцэн тулалдаж явсан тамирчид, тэр тусмаа хайрт хань, гэр бүлийн минь  ач тус, хайр хишиг гэж бодож явдаг даа” гэж байсан юм. Тэрбээр бурхан болсон ардын багш Д.Банди багшийгаа дурсахдаа “Бидэнд маш их зүйлийг зааж өгсөн.  Д.Банди багшийн зүтгэлээр тамирчдын чанар чансаа ч өссөн. Багшийн минь хэлдэг, захидаг үг одоо ч чихэнд бас сэтгэлд хоногшин үлджээ” хэмээн дурсав.

Тэрээр гадаад худалдаа болон гаалийн удирдлага мэргэжлээр “Зохиомж” дээд сургуулийг төгссөн. 2008 оноос хойш Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороонд харьяалагддаг. Тэрээр 2018 онд боксын спортоос хөндийрөн, найзуудтайгаа хамтран тээвэр ложистикийн компани байгуулан ажиллаж байгаа аж. Мөн МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, тамирчдын комиссын даргын албыг хашиж байгаа юм. Монголын боксын хөгжлийн төлөө байнга сэтгэлээ чилээж яваа гэж болно. Д.Отгондалайг эр зориг, бие бялдрын шалгуур болсон боксын төрөлд мөр зэрэгцэж явсан үеийн найз нөхөд нь бүр сайн мэднэ. Спортод шимтдэг олон түмэн ч мэднэ. Бүр цаашилбал дэлхий ч бас мэднэ дээ. Тулаан бүрээ овсгоо самбаа, ур чадвар, хийморь лундаагаар ялалт болгож чадаж байсан эрэмгий боксчин юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.21 ДАВАА № 123 (6600)