Ч.ЗОТОЛ

 

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга,  УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын  гишүүдийн асуултад хариулсныг тоймлон  хүргэе.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-2019 онд өргөн барихад Соёлын тухай хуулийг харж байсан. Бас судалсан. Тухайн үед тогтолцооны өөрчлөлт хийж, бүтэц зохион байгуулалт хийх гэж байна гэдэгт шүүмжлэлтэй хандаж байсан. Сая энэ хуулийг хэлэлцэх эсэхээ дэмжиж, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ажлын хэсэг байгуулж, сайн ажиллажээ. Гэхдээ яг хэлэлцэх эсэхийг дэмжиж байхад тодорхой хэд хэдэн асуулт асуусан. Энэ хууль ерөөсөө бусад хуультай уялдахгүй байгаа шүү. Энэ хууль гарснаар бидний биет бус хөрөнгийг хэдэн төгрөгөөр яаж үнэлээд, эдийн засагжуулах нь тодорхой бус байна. Зохиогчийн эрх, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн энэ хуульд мэдээллийн нэгдсэн сан байгуулна гэж байна. Гэтэл Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуульд бас мэдээллийн сан байгуулна. Ингэхээр хоёр мэдээллийн сантай болох юм уу. Ер нь бусад хуультай нийцэхгүй байж болох юм уу.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Н.Учрал гишүүний асуултад хариулъя. Бид Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьсан. Соёлын тухай хууль гэж нэрлэгдээд өргөн баригдсан хууль юм билээ. Яг соёлынхоо хүрээг тогтоох гэхээр төвөгтэй. Судлаачийн тодорхойлсноор соёл гэдэг нь 1000 гаруй томъёололтой байх юм. Тэгэхээр бид зарчмын хувьд соёлын тухай төрийн бодлогыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг авч хэлэлцье. Дараа нь Байнгын хорооноос Соёлын сайдтай ярилцаад, соёлыг эдийн засагжуулах, бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулиа тусад нь оруулж ир, үргэлжлүүлээд киноны тухай хууль гэж байгаа. Энэ хууль нь салбарын бодлогыг барьж явах малгай хууль болж, бусад хуулиудаа энэ хуульд уялдуулаад авч явъя гэсэн зарчмаар энэ төслийг оруулж ирсэн. Таны ярьж буй асуудлуудыг бусад салбар хуулиудад тусгаад явах юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Соёлын тухай хууль батлагдаагүй байна. Дагалдах хуульд тусгасан гэвэл шилний цаанаас чихэр долоолгосонтой адил болно. Энэ асуудлаа Сангийн яамтай сайн тохирсон уу?

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Ж.Батсуурь гишүүн чухал асуудал ярьж байна. Соёлоо хамгаалахад зардал гаргах, тэрийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах, баталгааг хангах тухай хуульд тусгасан эсэхийг асуулаа. Соёлын тухай хуульд энэ асуудлыг маш сайн тусгасан. Соёлын өвийн тухай хуулийн олон заалт өөрчлөгдөж байгаагийн нэг нь хуулийн 14 дүгээр зүйлд тусгагдсан.  Энэ хууль нь төрийн зүгээс соёлын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, ямар бодлого баримтлах, аль соёлоо хамгаалж, нийтэд сурталчилж, олон улсад түгээхийг ямар хөрөнгө, хүчээр хэрхэн зохион байгуулах юм гэдгийг зохицуулах хүрээтэй хууль байгаа. Бодлогын хувьд  Монголын бүхий л соёлын үнэт өвүүдийг хамгаалах, бүртгэлжүүлэх улмаар шинэ залуу үеэ үндэснийхээ өв, соёлоор хүмүүжүүлж боловсруулах агуулгыг тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Соёл урлагийн мэргэжилтнүүдийн ур чадварыг бодитой үнэлэх чиглэлд ямар шинэ заалт тусгав. Үндэсний бахархлыг тогтоох ажил ямар түвшинд байна вэ. Урлагийн шилдэг бүтээлүүдийг улсын санд авах ажлын явц ямар байна вэ?

-УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

- Соёлын ажилтнуудын олон жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, нийгмийн асуудлыг энэ хуульд тусгайлан тусгаж өгсөн. Хоёрдугаарт, соёлын өвийг баяжуулах чиглэлд санхүүжилт босгох хатуу заалт оруулсан. Соёлын байгууллага, ААН, хувь иргэдийг татвараар дэмжих бодлого оруулж, байгууллагынхаа орлогыг өөрөө зарцуулах эдийн засгийн заалтууд оруулсан. Бүртгэлжүүлэх ажил хуулийн дагуу өргөн хүрээг хамрах ёстой.  Монголын соёлын өв хуулийн дагуу болоод хууль бусаар гадагшаа гарсан  тохиолдол их байдаг. Хамгийн том жишээ бол Батаарын араг ясыг Монголдоо авчирсан үйл явдал. Гол хүндрэл нь  манайх дотооддоо  соёлын өвийн бүртгэл байдаггүй байсантай холбоотой юм байна лээ. Тэгвэл бид дотоод, гадаадад байгаа Монголоос гаралтай өв соёлын үнэт зүйлсээ бүртгэлжүүлэх, эх оронд нь буцаахыг энэ хуулиар зохицуулахаар тусгасан.

Ийнхүү парламент Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БСШУС-ын байнгын хороонд шилжүүлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.21 ДАВАА № 123 (6600)