Т.БАТСАЙХАН

 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа. 

 

- Швейцарын Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын анхны нүүр тулсан дээд хэмжээний уулзалт боллоо. Хоёр орны төрийн тэргүүний уулзалтын тухай янз бүрийн мэдээлэл гарч байсан.  Уур амьсгал ямар болж өнгөрөв?

- Хоёр их гүрний төрийн тэргүүний сүүлийн уулзалт гурван жилийн өмнө болж байв.   Тодруулбал, 2018 онд В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хельсинкид уулзаж байв. Путин, Байден нар өмнө нь уулзаж байсан боловч тэд хоёулаа Ерөнхийлөгч байгаагүй юм. Уулзалт 2011 онд болсон бөгөөд Байден дэд ерөнхийлөгч, Путин Ерөнхий сайд байсан.   Харин энэ удаа Төрийн тэргүүн нарын байр сууринаас анх удаагаа нүүр тулан уулзаж байна.  Олон улсын шинжээчдийн байр суурийг ажиглахад энэ удаагийн уулзалт, хэлэлцээ 30 жилийн өмнөх хүйтэн дайны төгсгөлд болсон түүхэн уулзалтын үр дүнтэй дүйцнэ гэж тэмдэглэж байна. Түүхэн уулзалтын бэлтгэл ажил нүсэр, хэлэлцэх асуудал өргөн байсан нь мэдээж. Миний хувьд одоохондоо уулзалтыг ингэж ажиглаж сууна.  Ямар боловч ажил хэрэгч, найрсаг уур амьсгалтай болсныг бүгд тэмдэглэж байна. Төрийн тэргүүн нар хэвлэлийн бага хурлынхаа үеэр ч энэ талаар онцлон тэмдэглэлээ.  Гэхдээ төлөвлөж байснаас богино хугацаанд буюу дээд хэмжээний уулзалт завсарлагааныг оруулаад 3.5 цаг орчим үргэлжилж өндөрлөсөн нь таамаглаж байсан үр дүнд хүрээгүй байх гэж бичиж байгаа судлаачдын дүгнэлтийг ч үгүйсгэх аргагүй юм.  

-АНУ, ОХУ хоорондын маргаантай асуудал байдаг. Сүүлийн үед Элчин сайд нарын асуудлаас эхлээд нэлээд хурцдаад байв.  Энэ уулзалтаар хийсэн хэлэлцээнүүд ямар үр дүн авчрах бол?

-Их гүрнүүдийн хооронд эрх ашгийн зөрчил, маргаан аль ч үед байсаар ирсэн. Харин өнөөдрийн хувьд дэлхий дахиныг нөмрөөд байгаа цар тахал, их гүрнүүдийн хоорондын зөрчлөөс үүдэлтэй “Шинэ хүйтэн дайн” гэж ярих болсон үед удирдагч нар хоорондоо уулзаж, ойлголцоно гэдэг юу юунаас илүү чухал.  Мөн энэ сарын 12,13-нд болсон Долоогийн бүлгийн уулзалтын дараахан В.Путин, Байден нарын дээд хэмжээний уулзалт болсон учраас холбоотнуудын нэгдсэн байр суурийг ОХУ-д ойлгуулахад чиглэсэн байх гэж бодож байна. Уулзалтын үеэр АНУ-ыг чиглэсэн кибер халдлага, мөн Навальныйгийн хувь заяаны талаар ярилцсан гэж мэдээлсэн байна.  Цахим халдлага зэрэг олон асуудал яригдсан ч шийдвэрт хүрэхэд хугацаа хэрэгтэй.   Тэр үед Төрийн тэргүүн нарын уулзалт хэлэлцээрүүдийн бодит үр дүн гарах болов уу.

-Хоёр улс Элчин сайд, байнгын төлөөлөгч нараа буцаахаас гадна Навальныйгийн асуудлыг нэлээд хөнджээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?

- АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээгээ зарласан билээ. Кибер халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого зохион байгуулсан хэмээн үзэж, ОХУ-ын хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон визний хориг тавьж, Вашингтон дахь 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн юм. Харин ОХУ-ын Засгийн газар ижил хариу арга хэмжээ авсан.  Хоригийн хүрээнд Москва дахь АНУ-ын Элчин   сайдын яамны 10 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөж,  Элчин сайд нарт засгийн газартайгаа зөвлөлдөх зорилгоор нутаг буцахыг зөвлөжээ. Тэгвэл энэ асуудалд дээд хэмжээний уулзалтын үеэр тодорхой хэмжээний ойлголцол бий болсон гэдэг нь харагдаж байна.  Шинээр албан тушаалдаа очсон удирдагчид өмнөхөөсөө арай өөр бодлогоо томьёолж байна гэж харлаа. Элчин сайдын яам, дипломат харилцаагүй байна гэдэг бодлого тодорхойлогч их гүрнүүдэд амаргүй байгаа нь мэдээж.  Ардчилал, хүний эрхийг хүндэтгэнэ гэдэг талаасаа л сөрөг хүчний удирдагчийнх нь асуудлыг Жо Байден хөндөхөөс аргагүй байсан биз. Ямар боловч тулгамдсан асуудлаа ярилцаж эхэлнэ гэдэг сайны л дохио юм.  Дээд хэмжээний уулзалт улс орнуудын харилцааны хувьд их өөдрөг төсөөлөлтэй өндөрлөж байна.

-Удирдагч нар уулзалтынхаа дараа цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хамтарсан мэдэгдлийг хийжээ.  Энэ мэдэгдлийн тухайд?

- Энэ удаагийн уулзалт, хэлэлцээ 30 жилийн өмнөх хүйтэн дайны төгсгөлд болсон түүхэн уулзалтын үр дүнтэй дүйцнэ гэж дүгнэж байгаа нь үүнтэй холбоотой. Тухайн үед ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган нарын түүхэн уулзалтын үр дүнд хүйтэн дайн эцэс болж байсан.   Хүйтэн дайны төгсгөлд болсон уулзалтын гол үр дүн өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд байгаа Шинэ хүйтэн дайны нөхцөл байдал гэж яригддаг болсон үед болж байгаагаараа бол чухал л даа. Их гүрнүүд хоорондын зөрчилдөөн хурцдчихгүй бол ч тэр хэмжээний аюул занал хол байх боломжтой. Үүнийг хоёр орны удирдагч нарын хамтарсан мэдэгдэл харууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.18 БААСАН № 122 (6599)