Б.ДОЛЖИНЖАВ
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден анхныхаа гадаад айлчлалаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Швейцарийн Женев хотод лхагва гарагт уулзлаа. Дэлхийн тавцан дахь хоёр хүчирхэг орны харилцаа Хүйтэн дайнаас хойш анх удаа хамгийн доод түвшинд хүртлээ муудсан үед энэ уулзалт болж байгаагаараа онцлогтой. Гурван цаг гаруй үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан, ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антанов, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нар оролцлоо. Ерөнхийлөгчийн хувиар анх удаа уулзахдаа тэд хоёр улсын харилцааг хэвийн болгох эхний алхмыг хийж, зэвсэгт хүчнүүдийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх, АНУ-ын Засгийн газар руу халдсан цахим гэмт хэргүүдийг хамтран шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Ийн хоёр удирдагчийн уулзалтаас гарсан онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
Эерэг уур амьсгалтай, ажил хэрэгч уулзалт боллоо
Женев нуурын эрэгт орших XVIII зууны үеийн Вилла Ла Гранж харшид болсон уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уулзалтыг “эерэг уур амьсгалтай, ажил хэрэгч, ямар нэг гэнэтийн асуудалгүй” хэмээн тодорхойлсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн “ажил хэрэгч” уур амьсгалтай үр дүнтэй хэлэлцээ болсныг онцолжээ. ОХУ-тай тогтвортой, үр дүнтэй харилцаа тогтоох боломжтой эсэхэд Женевийн дээд хэмжээний уулзалт хариулт өгнө гэж Жо Байден мэдэгдсэн бол Путины хувьд энэ уулзалтаар Оросыг дэлхийн их гүрэн гэдгийг, өөрийгөө дэлхийн хамгийн мундаг удирдагчдын нэг гэдгийг харуулахыг хүссэн байна.
Хоёр орны харилцаа сүүлийн үед хурцдахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь АНУ-ын Засгийн газрын мэдээллийн сан халдлагад өртөхөд ОХУ-ын хакерууд, гэмт хэргийн бүлэглэлүүдийг буруутгасантай холбоотой. Мөн Оросыг 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан хэмээн буруутгаснаас хоёр улсын харилцаа улам хөндийрч эхэлсэн билээ. Улмаар өдгөө ОХУ АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” улсын жагсаалтад оруулж, харилцан дипломат ажилтнуудаа хөөж, элчин сайдуудаа зөвлөлдөхөөр эх орон руугаа дуудаад байгаа юм.Тиймээс хоёр тал АНУ-ын эрчим хүч, дэд бүтцийн салбарууд руу халдсан кибер гэмт хэргүүдийг хамтран шалгаж, цаашдын халдлагаас стратегийн чухал ач холбогдолтой байгууламжуудыг хэрхэн хамгаалах тал дээр ажиллахаар болсон байна. Мөн уулзалтын үеэр Путин дээрх халдлагуудын ард ОХУ-ын эрх баригчид байгаа гэх мэдээллийг үгүйсгэж, эсрэгээрээ ОХУ-ын ихэнх кибер халдлага АНУ-аас эхтэй гэж мэдэгдсэн байна.Харин Байден “Манай улс кибер орчинд хүчтэй гэдгийг Путин мэдэж байгаа. Гэхдээ хэр хүчтэй вэ гэдгийг тэр бүрэн мэдэхгүй байгаа бололтой” гэж хэвлэлийн хурлын үеэр хэллээ.Тэрбээр Путинд кибер халдлага хийхийг хатуу хориглох, стратегийн 16 чиглэлийн жагсаалтыг үзүүлээд Орос АНУ-ын эсрэг кибер халдлага зохион байгуулбал хариу хатуу арга хэмжээ авна гэж Путинд анхааруулав.Кибер халдлагын талаар CNN-ийн сэтгүүлч асуухад Путин “Бид уулзалтаа хамгийн их санааг минь зовоож буй цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар эхлүүлсэн. Энэ нь маш чухал асуудал юм. Хоёр тал үүнд хариуцлага хүлээх нь тодорхой” гэж хариулжээ.
Мөн хоёр улсын төрийн тэргүүнүүд бас Сири зэрэг улс орнуудад зэвсэгт хүчнүүдийн хооронд санамсаргүй зөрчил мөргөлдөөн гарахаас сэргийлэх харилцаа холбооны үр дүнтэй тогтолцоо бий болгохоор тохиролцсон байна. Үүнээс гадна таагүй харилцааны улмаас эргүүлэн татсан Элчин сайд нараа буцааж илгээхээр тохиролцжээ.Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Байден хэвлэлд яриа өгөх үеэрээ Путинийг “алуурчин” гэж нэрлэсний дараа ОХУ Вашингтонд суугаа Элчин сайд Анатолий Антоновыг эргүүлэн татсан. Нэг сарын дараа ОХУ-ын Москва хот дахь АНУ-ын Элчин сайд Жон Саливан бас эх орондоо буцсан билээ.
Путин: Америкийн өнгөт арьснуудад үг хэлэх эрх байхгүй
Хоёр удирдагчийн хэлэлцээрийн бас нэгэн чухал асуудал нь ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн баривчилгаатай холбоотой байв. АНУ-ын зүгээс түүнийг хилсээр баривчилсан тул суллахыг цаг үргэлж Оросын Засгийн газраас шаардсаар ирсэн билээ. Тийн Байден “Хэрэв Навальный шоронд нас барвал үр дүн нь ОХУ-д сүйрэл авчирна” гэсэн бол Путин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Алексей Навальный Орост буцаж ирэхдээ баривчлагдана гэдгээ мэдэж байсан гэжээ. Түүнээс Алексей Навальныйн ирээдүйн талаар асуухад “Оросын хуулийг зөрчиж байгаагаа тэр мэдэж байсан. Өмнө нь хоёр ч удаа баривчлагдсан ч албаар хууль зөрчсөн. Тэр өөрийн хийхийг хүссэн зүйлээ биелүүлсэн. Тиймээс бид түүний талаар яг юуг нь хэлэлцэх ёстой вэ” гэж хариулав. Тэрбээр Навальныйг 24 хоног өлсгөлөн зарласан хэрэгт АНУ санаа зовних шаардлагагүйг онцлов.
Үүнээс гадна ОХУ хүний эрхийг зөрчиж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад “АНУ-д болсон арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн болон Капитолын ордонд болсон үймээний үеэр цагдаа нар энгийн иргэдийг буудан хөнөөснийг жишээ татаад америкчууд хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдэлдэг эсэхэд эргэлздэг. Америкт байдаг өнгөт арьстнуудад хэлэхэд “Та нарт ам нээн үгээ хэлэх цаг байхгүй. Учир нь тэр үед чи буудуулж үхсэн байх болно “ хэмээн хариулжээ. Харин Украйн НАТО-д элсэх асуудлаар Путин ярих зүйл байхгүй гэв.
Уулзалтын талаар ОХУ-ын ахлах шинжээч Олег Игнатов “Кремль яг ийм уулзалтыг хүсэж байсан. Тиймээс нөгөө талаа байр сууриа өөрчлөхийг шаардахгүйгээр АНУ-тай ижил тэнцүү харилцан яриа өнгөрүүллээ. Хэрэв хэлэлцээр мухардалд орж, Москвад ашиггүй тал руугаа эргэсэн бол Путин ямар ч эргэлзээгүйгээр Байдентэй дахин уулзана. Хоёр орны харилцаа өмнөх байдалдаа хараахан орж чадсангүй” гэж ярьжээ.Бодитой шийдэлд хүрч чадаагүй энэ удаагийн уулзалт Москва болон Вашингтон хоорондын харилцааг хэт хурцдахаас сэргийлэх боломжийг олголоо. Учир нь одоо Америк ОХУ-ын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг тавихаас татгалзах болно. Энэ бүхэн нь удахгүй болох Оросын парламентийн сонгуульд үр ашгаа өгнө хэмээн ажиглагчид үзлээ.
Байденаас ОХУ-тай яагаад хамтран ажиллахыг хүсч байгаа талаар асуухад “Хятад улс АНУ-ыг шахаж байна. Бид дэлхийн гол хүчирхэг том орон хэвээр байхыг хүсч байна” гэж ярьжээ. Түүнээс Путинд итгэдэг талаар асуухад толгой дохихоос өөр зүйл хэлсэнгүй. Уулзалтын дараа энэ талаар Цагаан Ордон “Ерөнхийлөгч Байден зарим нэг асуултад тодорхой хариулаагүй ч зөвшөөрч байгаагаа илэрхийлэн толгой дохьсон” гэж мэдээлэв.
BBC-ийн Москва хот дахь сурвалжлагч Сара Рейнсфордын бичсэнээр Путин “ОХУ эдийн засгийн ухвьд АНУ-аас бага ч цөмийн зэвсгийн хүч чадлын тухайд чухал орон. Энэ талаар Байдентай ярилцах гэж ирсэн. Жо Байден бол маш туршлагатай, тэнцвэртэй, мэргэжлийн хүн гэдэг нь тодорхой. Түүний хариултууд Трампынхаас өөр байсан. Бид нэг хэлээр ярьж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ энэ нь бид нэг нэгнийхээ нүд рүү эгцлэн харж мөнхийн нөхөрлөлд тангараг өргөсөн гэсэн үг биш. Уулзалт бүтээлч болсон. Хоёр тал бие биенээ ойлгож, байр сууриа нэгтгэхийг хичээсэн” гэж ярьжээ. Харин Байден эцэст нь “Бид нууц кодтой адил гайхалтай ур чадвар ашиглан гадаад бодлогоо тодорхойлж байгаагаа мэднэ. Бид бүх гадаад бодлогоо хувь хүний харилцаа холбооны учир шалтгаантай уялдуулан гаргадаг. Энэ бол хүний байгалийн төрөлхийн мөн чанар юм. Уулзалт бүхэлдээ эерэг өнгө аястай боллоо. Бид үндсэн дүрмийг баримтлах хэрэгтэйг Путинд хэлсэн” гэсэн байна. Мөн хоёр ерөнхийлөгч уулзах үеэр Байден “ОХУ болон АНУ бол хоёр том гүрэн” хэмээн тодорхойлсон нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгчдөөс огт өөр байр суурьтай байгааг илэрхийлсэн анхаарал татсан явдал байлаа.
Эцэст нь хэлэлцээрийн дараа Байден, Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэв.Ийн энэ уулзалт эерэг, дулаан уур амьсгалтай болсон ч тодорхой шийдэлгүй, хэт дундыг баримталсан “бөөрөнхий” уулзалт боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Хоёр талууд дөрвөн цаг орчмын уулзалтаа сайшааж байгаа боловч 2018 оны Путин, Трамп нарын уулзалттай харьцуулбал тодорхой ахиц дэвшил гараагүй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.18 БААСАН № 122 (6599)