С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан “Нийтдээ 263 арга хэмжээнд 10 их наяд төлөвлөжээ. Асгатыг дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэж мөрийн хөтөлбөрт орсон. Гэтэл энэ төлөвлөгөөнд Асгатын зорилтын түвшин 20 хувьтай төсөв нь 1.5 тэрбум төгрөг гэж төлөвлөжээ. Үүгээр юу хийх гэж байгаа юм. Дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадах уу.

Нутгийн зам төслийг асууя. Бид Мянганы зам төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Нутгийн зам төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Өнөөдрийн байдлаар 330 сумын 30 хувь нь хатуу хучилттай замаар холбогдсон гэж байгаа. Нутгийн зам төслийн хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас яаж олох гэж байгаа юм” гэлээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2021-2024 онд Асгатын ордын техник эдийн засгийн үзүүлэлтийн шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж хөрөнгө оруулагчийг тодруулна гэсэн хөтөлбөртэй. Өнөөдрийн байдлаар АНУ-ын компанитай уулзалт хийсэн. Уг хөрөнгө оруулагчдын төлөөлөл Улаанбаатар хотод ирсэн. Дээрх хүмүүстэй уулзалт хийгээд эхний байдлаар санамж бичгийг байгуулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компанитай зөвшилцлийн түвшинд хүрсэн. Асгатын ордыг ашиглахын тулд дэд бүтцийн зураг төсвийг хийх ажлыг 500 сая төгрөгийн өртөгтэйгөөр 2021 онд Барилга, хот байгуулалтын яамны төсөвт суулгасан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn