Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 15-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Японы аралд 1896 оны энэ өдөр болсон хүчтэй газар хөдлөлт ба түүнийг дагалдсан цунамийн гамшгаар 27 000 хүн амиа алджээ. Цунами дагуулсан хүчтэй газар хөдлөлт Японы арлуудад дундажаар долоон жилд давтагддаг. Хамгийн хүчтэй цунами 1854 оны хүчтэй газар хөдлөлтөөр гарсан ба тэр гамшгаар Токио, Киото хотууд сүйрэн нурсан байв. Эхлээд эрэгт есөн метрын давалгаа ирээд удалгүй буцсан байна. Дараагийнх 4-5 цагийн дотор зургаан том давалгаа дараалан ирснээр эргийг бүхэлд нь арчсан байв. Үүний дараа япончууд эрэгт чулуун хана босгож байсан ч 1896 оны энэ өдрийн цунамид Хонсю арал маш ихээр хэлмэгдсэн байна. Газар хөдлөлтөөс нэг цагийн дараа эргийг долоон том давалгаа дайрсан ба хамгийн том нь 30 метрын өндөртөй байжээ. Уг цунами газрын хөрснөөс Минко хотыг арчин 10 мянган байшинг сүйтгэж 27000 хүний амийг авчээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1215.06.15. Хааны эсрэг боссон феодал, лам нар рыцариудын дэмжлэгтэйгээр Английн хаан Газар нутаггүй гэх Иоанна-г “Чөлөөт агуу харти” гэх баримт бичигт гарын үсэг зуруулахаар шахаж чадсан байна. Уг баримт нь латинаар бичигдсэн ба 63 бүлэг, зүйлээс бүрэлдсэн байна. Тэр баримтаар Британийн удирдлагын системын суурь тавигджээ. Зүйл ангиудаас нь 12 дугаарт, татвар төлөгчдийн зөвшөөрөлгүйгээр татвар тогтоохыг хаанд хориглосон байв. Мөн 39 дүгээр зүйлд нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр иргэдийг барьж, хөрөнгийг нь хураахыг хоригложээ. XIX зууны түүхчид ба төрийн зүтгэлтнүүд Хартийг английн эрх чөлөөний агуу баталгаа гэж үзэж байсан ба ийм ойлголтоор Америкийн улс төр ба хууль эрхийн санаанд иргэний дайны үеэр нөлөөлсөн байна. Мөн АНУ-ын Үндсэн хуулийг бүтээхэд Английн Харти чухал үүрэгтэй байжээ.
1667.06.15. Жан-Батист Дени түүхэнд анхных болох цус сэлбэлтийг хийжээ. Хүний биеийн цусны эргэлтийн системийг анх 1628 онд Английн эрдэмтэн Уильям Гарвей зурагласан байлаа. Түүний бүтээл нь цус сэргээлт явуулах арга боловсруулахад хэрэг болжээ. Сорбоннын их сургуулийн математик, гүн ухаан ба анагаах ухааны профессор Жан-Батисст Дени 350 жилийн өмнө хижиг туссан 16 настай хүүд есөн унци буюу 250 шоо/см хурганы цусыг хийжээ. Өвчтөн эдгэрсэн гэдэг. Энэ баримт ер бусын. Учир нь үүнээс хойш 250 жилийн дараа л хүний цусны бүлгийг тогтоосон билээ. Түүний туршилтыг дараа нь давтах гээд бүтэлгүйтэж байсан учир Францад цус сэлбэхийг хориглосон байв. Цус сэлбэх түүхэнд том нээлтийг Британийн эх баригч Жеймс Бланделла хийсэн байна. Тэр эмэгтэй 1818 онд өвчтөн эмэгтэйн амийг нөхрөөсөө авсан цусаар сэлбэн аварчээ. Гэсэн ч цус сэлбэх нь эрсдэл ихтэй хэвээр байлаа. 1900 онд Австрийн эмч Карл Ландштейнер цусны А,В, С бүлгийг нээсэн ба хожуу АВ бүлгийг тэдэнд нэмсэн байв. Нью-Йоркт 1907 онд эрүүл хүний цусаар өвчтөнг сэлбэхдээ анх удаагаа цусны бүлгүүдийн нэгдэх чанарыг барьжээ. Цус сэлбэж байсан эмч Рубен Оттенберг явцын дунд нэгдүгээр бүлгийн цус бүх бүлэгт таардагийг тогтоосон байна.
Эх сурвалж www.zms.mn