С.САРУУЛ

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.06.14/-ийн ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ дур мэдээд баталчихдаггүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиас бусад хуулийг УИХ нь улс төрийн шийдвэрийн хүрээнд баталчихдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийг ажилчдын төлөөлөл болсон МҮЭХ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ, Засгийн газар зөвшилцөж баталдаг.  Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг тал талын байр суурийг авч,  удаан хугацаанд хэлэлцдэг. Хөдөлмөрийн тухай хуулийг хаврын чуулганаар батална Энэ нь зөвхөн Монголд биш, бүх улс оронд адил юм.  Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 оны тавдугаар сард баталж, нийт 22 жилийн турш үйлчилж буй хууль юм. Уг хуулийг шинэчлэн найруулах ажлыг 2005 оноос эхэлж, 2008 онд дөрвөн талын оролцоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. 2015 онд УИХ-д өргөн барьсан нь буцаагдаж, 2018 дахин өргөн барьснаар ийнхүү хэлэлцэж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийг баталснаас хойш 22 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээл ерөнхийдөө бүрэн өөрчлөгдсөн. 1999 онд Засгийн газар нийт ажилчдын 90 хувийг ажлын байраар хангаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс үндсэндээ нэг том ажил олгогчтой байсан. Өнөөдөр тэгвэл Засгийн газар нь төрийн албаны 180 мянган хүний  ажил олгогч болсон. Үлдсэн нэг сая гаруй хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчдын олон хэлбэрт очсоноор  хөдөлмөрийн харилцаа өөр хэлбэрт шилжлээ. Энэхүү хуулийг баталснаар хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй олон асуудлыг зохицуулах юм ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn