Ч.ЗОТОЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан”  Олон Улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт  ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Гүйцэтгэх засаглалын тэргүүн  Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг ирэх сарын 4-нөөс хоцроохгүй, гаргасан төлөвлөгөөний дагуу тогтсон хугацаандаа нээж, хэвийн горимд шилжүүлэхийг Ерөнхий сайд анхаарууллаа. 

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн бүлэг, 141 ажил төлөвлөсөн бөгөөд 85.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Буянт-Ухаа нисэх буудлаас техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг нүүлгэх ажлыг энэ сарын 15-наас  ирэх  сарын 1-ний дотор хийж дуусган, Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ  ирэх сарын 4-нд  хүлээн авснаар Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.

Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулан тус нисэх буудал орчим,  Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн хөгжлийн энэхүү тулгуур төвийн төлөвлөлтийг хийх ёстой. Үүнд хот тойрсон хурдны замтай,  баруун, зүүн бүсийн аймгуудаас ирэх гол замуудыг Хөшигийн хөндий рүү холбох, төмөр замаар ирэх ачаа тээврийн ачиж, буулгах зангилаа, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дэд бүтэц, цахилгаан, дулааны эх үүсвэр барих, ажилтан албан хаагчдын амьдрах орон сууцны цогцолбор хороолол байгуулах, орон нутгийн оршин суугчдын ая тухыг бодолцох гээд холбогдох асуудлуудыг цогцоор нь төлөвлөн багтаах юм.

Эх сурвалж: www.polit.mn