Б.ОД
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. Гадаад дахь сонгогчдын саналыг тоолсон хэсгийг оролцуулбал улсын хэмжээнд нийт 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг. 22:00 цагийн байдлаар 1216246 иргэн саналаа өгснөөр ирц 59.35 хувь болсон.Сонгогчдын нэрийн жагсаалтад 2049379 иргэн бүртгэгдсэн. МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 823326 иргэний санал буюу сонгогчдоос 67.76 хувийн дэмжлэг авсан. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72832 санал 5.99 хувийн дэмжлэг, Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 246968 санал буюу сонгогчдоос 20.03 хувийн дэмжлэг авсан. Харин 71937 иргэн саналаа тэмдэглэлгүйгээр хуудсаа уншуулсан.Бүх хэсгийн хороодод гар тооллого буюу хяналтын тооллого хийгээд дууссан. Гар тооллогын дүнг маш сайн нягтална.Санал хураалтын дүнг эцэслэн хянаж, холбогдох материалтай баталгаажуулан тулгаад, Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар хуулийн дагуу хэлэлцэх ёстой. СЕХ-ны хурлаар дүнг хэлэлцээд албан ёсоор баталгаажуулж байж, сонгуулийн албан ёсны дүн болно.Ингээд нийтэд мэдээлэх бөгөөд УИХ-д өргөн барина. Хуулиараа санал хураалт явагдаж дууссанаас хойш 10 хоногийн дотор УИХ-д санал хураалтын дүнг өргөн барих учиртай. Бид энэ хугацаанд багтаана. Сунжруулж, удаахгүйг хичээнэ. Мөн яаравчилж, хөнгөн хандахгүй. Бүх зүйлийг нягтална” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn