Б.ДАМДИН-ОЧИР
Монголын түүхэн дэх зургаа дахь, харин анх удаа зургаан жил суух Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө зогсоно. Нэг өдөр “0” зогсолт хийгээд нөгөөдөр саналаа өгцгөөнө.
Нэр дэвшигчдийн хоорондох мэтгэлцээний боломж ч өнөөдрөөр дуусна.
Мэтгэлцээн МҮОНТВ дээр зохиогдохоор хэд хоногийн өмнөөс ярьсан. Телевизийнхэн бэлтгэлээ хангасан. Улмаар өнөөдөр 17 цагт дамжуулна гэж байв. Гэтэл нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвар авснаас болоод байдал өөрөөр эргэчихээд байна.
Нам намын зүгээс өөрсдийгөө хамгаалах гэсэн мэдээллүүдийг өгч байна. Энэ ч аргагүй. Мэтгэлцээнээс бултагч онцгүй нэр авна.
Намуудын төлөөлөл сая 13 цагаас уулзацгаав.
Коронавирусын халдвар авч тусгаарлагдсан Д.Энхбат “Мэтгэлцээнийг “Сайд нарын II-т хийе. Эсвэл намайг МҮОНТВ дээр тусгаарлалттайгаар авааччих” гэжээ. Аль аль нь хуулиар хориотой аж. Мэдээж хэрэг, халдварын улаан бүсэд мэтгэлцээн зохионо гэж байхгүй. Тэгээд ч техникийн хувьд боломжгүй. Мөн халдвар тээгчийг эмнэлгийн зориулалтын бус, олон зуун хүн ажилладаг, улсын онцгой бүс МҮОНТВ рүү аваачна гэвэл бас л бүтэхгүй. Эдгээр нь хэн ч хариулт нь яаж ирэхийг мэдэхээр, “NO” гэх нь тодорхой санал байгаа юм.
С.Эрдэнийн хувьд Д.Энхбатын халдвар авсан нь өөрийнх нь хариуцлагын асуудал гэж үзэж байна. Тэгэхээр “...МҮОНТВ дээр У.Хүрэлсүхтэй хамт суугаад, Д.Энхбатыг цахимаар орж ир гэе” гэсэн байна. Харин Д.Энхбат оролцох үгүй нь өөрийнх нь асуудал, ингэж эрхлээд байх нь зохимжгүй гэсэн байр суурьтай байна.
У.Хүрэлсүх нь С.Эрдэнийн саналыг “...Боломжтой” гэжээ. Бас нөхцөл байдал ийм болсон учраас цахимаар мэтгэлцсэн ч болохгүй зүйлгүй гэсэн байна. Гэхдээ мэтгэлцээнийг цахимааар зохион байгуулах нөхцөлд МҮОНТВ оролцохгүй. Хийлээ гэж бодъё. Clubhouse-т “өрөө” гаргаад хийж болно. Гэвч энэ бол Монгол төрийн сонгууль шүү дээ. Үнэлэмжийг үгүй хийсэн явдал болно гэдгийг талууд бас ярьж байна.
Ийн мэтгэлцээнийг хэрхэх талаар намууд, нэр дэвшигчдийн төлөөлөл маргалдсаар байна.
Эх сурвалж: www.polit.mn