С.САРУУЛ

"Зөв ХҮН электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Энхбат сурталчилгаа хийх үеэр коронавирусийн халдвараар өвчилж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж байна. Тэрээр  "Би мэтгэлцээнд орно гэж бодож байгаа. Мэтгэлцээнийг онлайнаар хийж болно шүү дээ. Олон уулзалт хийхдээ биш. Цаашид Монголын улс төрийн түүхэнд онлайн хэлэлцүүлэг хийх соёл тогтоовол яасан юм гэсэн бодол төрж байна. Ер нь бол Ерөниийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гурван нэр дэвшигчээс гурвуулангаас нь PCR шинжилгээ авсан. Миний шинжилгээний хариу сөрөг гарсан учир орон нутаг руу сурталчилгаанд явахыг зөвшөөрсөн. Би хөдөө КОВИД-19 тараасан биш, харин орон нутагт явж байгаад халдвар авсан бололтой гэдэг дүгнэлт хийж байгаа.

Яагаад вакцины хоёр дахь тунг хийлгээгүй вэ гэхээр дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-н хүртэл хатуу хөл хориотой байсан. Би хотоос 26 км газарт амьдардаг. Хөл хорио тавигдмагц тавдугаар сарын 8-нд эхний тунгаа хийлгэсэн. Гуравдугаар сарын 15-нд манай компани Спутник V гэдэн вакцин хийлгэхээр Интермэд эмнэлэгт захиалга өгсөн байсан ч вакцин нь ирээгүй. Тиймээс би Синофармын вакцин хийлгэсэн. Дараагийн тун тавдугаар сарын 30-нд байсан. Тэр үед сонгуулийн сурталчилгаатай байсан учраас өндөр ачаалалтай үед тариулах нь буруу гэж эмч хэлсэн.Надтай хамт байж байгаа хүмүүс бүгд хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Сөрөг яваад ирэхдээ эерэг болно гэдэг нь халдвар авсан хүн нь би гэсэн үг. Тараасан нь биш" гэв.

Мөн Монгол ардын намын сонгуулийн сурталчилгааг цаашид зөвхөн цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан явуулах болсноо мэдэгдлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын зүгээс Хөдөлмөрийн үндэсний намын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс зогсоож байна" гэжээ.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn