Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 05-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тэмдэглэдэг Дэлхийн хүрээлэн буй орчны өдөр нь (World Environment Day) дэлхийн хамтын нийгэмлэгийг хүрээлэн буй орчны асуудалд хандуулах зорилготой. Хүрээлэн буй асуудлаар Стокгольмын 1972 оны бага хурлаас энэ өдрийг тэмдэглэх тогтоолыг анх гарсан билээ. Дэлхийн байгаль орчны өдрийг 1973 онд “Ганцхан эх дэлхий” гэсэн уриан дор зохион байгуулсан бол 1987 оноос эхлэн улс орнууд өөр өөр уриан дор санаачлан зохион байгуулж эхэлжээ. Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс, ууж буй уснаас нас баралтын 23 хувь нь үүдэлтэй. Химийн бодисын алдагдал, бохирдсон агаар, эрүүл бус амьдралын хэвшил үүнд хамгийн их нөлөөлж байна. Сахарын цөл орчмын Африкийн орнуудад гэхэд л халдварт өвчин, хоол хүнсээр дамждаг өвчин, шимэгч хорхойнууд халдварладаггүй өвчнөөс илүүтэй хор хөнөөл учруулж байна. Дэлхийн газрын зургийг харвал хүрээлэн буй орчноос үүдэлтэй үхэлд хамгийн их нэрвэгдэж буй бүс нутаг нь Азийн зүүн өмнөд хэсэг (28 хувь), Номхон далайн баруун хэсэг (27 хувь) юм. Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр нийт нас баралтын 22 хувь нь агаарын бохирдолтой холбоотой, Европ тивд энэ үзүүлэлт 15 хувьтай байна. Жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос, 3.5 сая хүн ундны усны хомсдол, эрүүл ахуйн доголдлоос болж хорвоог орхиж байгаа гэсэн тоо бий. 1995 оноос хойш 600 гаруй мянган хүн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшгийн улмаас амь насаа алдсан бол, 4.1 сая хүн гэмтэж, бэртэж, орон гэрээ алдаж, яаралтай тусламж авах шаардлагатай болжээ. Эрүүл хүрээлэн буй орчинд хөрөнгө оруулах нь олон ашиг тус авчирна хэмээн НҮБ үзэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1880.06.05. Москвад Александр Сергеевич Пушкины хөшөө нээгдсэнтэйгээр холбогдуулан Пушкины баяр нээгджээ.
1907.06.05. Дэлхийд анхны угаалга, хатаалгын газрууд нээгдлээ.
1912.06.05. Аляскт газар хөдөлснөөс тав хоногийн дараа Новаруптын галт уул дэлбэрч эхэлсэн нь ХХ зууны хамгийн хүчтэй үзэгдэл болов. 60 цагийн дотор агаар мандалд 29 шоо км галт уулсын үнс чулуу цацагджээ. Түүний дуу чимээ Атланта, Сент-Луис хотуудад сонсогдож байлаа.
1933.06.05. Нью-Жерси мужийн Кэмден хотод машинтайгаа кино үзэж болох анхны кинотеатр нээгджээ.
1938.06.05. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнүүдийн нэг тоглолтын үр дүнгийн дээд амжилт тогтоогдов. Бразили Польшийг 6:5-аар хожжээ.
1940.06.05. АНУ-д анхны синтетик резинэн дугуйг танилцуулав.
1967.06.05. Өглөөний 9 цагийн орчим Израилийн нисэх хүчин гэнэтийн цохилтоор Египетийн нисэх хүчний устгав. Ийнхүү агаарт бүрэн ноёрхол тогтоосны дараа түүхэнд зургаа хоногийн дайн гэж орсон Египет, Иордан, Сирийн эсрэг Израилийн довтолгоон эхлэв.
1974.06.05. БАМ-ын төмөр зам хоёр талаасаа угтан баригдсаар энэ өдөр залгагдлаа.
1975.06.05. Суэцийн сувгийг дахин нээжээ.
1977.06.05. Apple компани ширээний Apple II компьютерийг худалдаанд гаргав. Загвар ихээхэн амжилттай болсон учраас 1990 оны эхэн хүртэл зарагдаж байв.
1981.06.05. Америк эрдэмтэн М.Готлиб хүний дархлалын системийг гүнзгий сүйтгэдэг вирусын тухай анх дэлгэрэнгүйгээр бичжээ. Тэр болтол танигдахгүй байсан вирус Дархлал хомсдлын хам шинж-Aquired Immune Deficience Syndrom (AIDS) нэр авчээ.
1982.06.05. Будапештад Минь Таи гэдэг вьетнам залуу Рубикийн шоог 22,95 секундад эвлүүлэн дээд амжилт тогтоолоо.
1995.06.05. Английн эрэг хавиас дэлхийн хамгийн том 60,5 кг жинтэй могой загасыг барьжээ.
1996.06.05. Английн Терри Коул толгой дээрээ шилтэй сүү тогтоогоод 115,87 километр замыг алхан туулж дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.
Эх сурвалж www.zms.mn