УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэтэй докторын зэрэг хамгаалсан сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Та 2013 онд Нийгмийн даатгалын тогтолцоо, хөгжил чиг хандлага сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдвийн гол зорилго юу байв?
-Монгол Улсын нийгмийн даатгалыг хуваарилалтын зарчмаас хуримтлалд бүрэн шилжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоо, удирдлагыг боловсронгуй болгох онол, арга зүйн асуудлыг шинжлэн судлах, тодорхой санал дэвшүүлэхэд чиглэгдсэн.
-Ямар зорилтуудыг дэвшүүлсэн бэ?
-Юуны өмнө нийгмийн даатгалынудирдлагын онол, үзэл баримтлал, хөгжлийн хандлагыг судласан. Монгол Улсад мөрдөгдөж буй нийгмийн даатгалын эрх зүйн баримт бичигт шинжилгээ хийсэн. Монгол Улсын нийгмийн даатгалын тэр үеийн байдлыг судлах, гадаад орны нийгмийн байдлыг судлах, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх арга зүйг судлах гэх зэрэг зорилтуудыг тавьж ажилласан.
-Та ямар судалгааны аргыг ашиглаж байв?
-Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ статистик үзүүлэлтүүдэд анализ хийх, нийгмийн даатгалын тодорхой үзүүлэлтүүдэд харьцуулалт хийх, баримтын шинжилгээ, корреляцийн шинжилгээ, SWOT шинжилгээний аргуудыг ашиглаж байсан.
-Таны судалгааны шинэлэг тал, онцлог юу байв?
-Монгол Улсын нийгмийн даатгалынүзэл баримтлал, тэр үеийн тогтолцоо, хөгжлийн төлөв байдалд шинжилгээ хийж, зарим орны нийгмийн даатгалынтогтолцоотой харьцуулан, нийгмийн даатгалын тогтолцоо, удирдлагыг боловсронгуй болгох асуудлаар дүгнэлт гаргахад судалгааны ажлын шинэлэг тал бий болсон гэж үздэг.
-Судалгааны ач холбогдол?
-Судалгааны ажилд нийгмийндаатгалын тогтолцоо, удирдлагыг улс орны хөгжлийн онцлог, чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгох, судалж буй сэдвийн хүрээнд дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар санал зөвлөмж боловсруулсны зэрэгцээ судалгааны үр дүн нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшинд хэрэглэгдэх практик ач холбогдолтой юм.
-Таны судалгааны ажлын бүтцийг сонирхож болох уу. Докторын судалгааны ажлын бүтэц бүр өөр өөрийн хэв маягтай байдаг?
-Судалгааны ажил нийт удиртгал гурван бүлэг, арван зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн. Эхний бүлэгт нийгмийн даатгалын тогтолцооны онол, арга зүй, үзэл баримтлал, чиг хандлагыг тодорхойлж, зарим гадаад орнуудын туршлага, ажлын практикийг авч үзсэн. Дараагийн бүлэгт Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, удирдлагын төлөв байдал, тэтгэврийн даатгалын тулгамдсан асуудал цаашдын чиг хандлагад шинжилгээ хийсэн. Мөн нийгмийн даатгалынтогтолцоог шинэчлэх арга замыг тоймлон тодорхойлох оролдлого хийхдээ хувьчлал, түншлэлийн асуудал, нийгмийн даатгалын төрөл, сангийн үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэх хувилбарыг дэвшүүлсэн.
-Гадаад орнуудын нийгмийн даатгалын тогтол цооны шинэчлэл, хандлага ямар байдаг юм бол?
-Нийгмийн даатгалын тогтолцоо нь тухайн орны хөгжлийн төвшин, хүн амын удирдлагын онцлог, иргэдийн хандлага зэрэг олон хүчин зүйлстэй холбоотойгоороо харилцан адилгүй, онцлох шинжтэй байдаг. Европын өндөр хөгжилтэй улс орнуудад нийгмийн даатгалын тогтолцоо эртнээс төлөвшин хөгжсөн байдаг. Швед улсад 1999 оноос нийгмийн даатгалын шинэ систем дээр хууль ёсны хувийн “шимтгэлийн тэтгэвэр”-ийн системийг хэрэглэж эхэлсэн байсан. 1937 оноос өмнө төрсөн хүмүүс хуучин системээр, 1938-1953 оны хооронд төрсөн хүмүүс хуучин системээс шинэ системд аажмаар шилжих шилжилтийн механизмаар, 1954 оноос хойш төрсөн хүмүүс шинэ системээр тэтгэврийн асуудлаа шийдвэрлүүлж байсан. Хуучин систем нь тэтгэврийн хэмжээг тогтоох хуваарилалтын аргыг хэрэглэж байсан бол шинэ систем нь хуваарилалт-хуримтлалын арга хэрэглэх болсноороо ялгаатай. Азийн орнуудад нийгмийн даатгал хожуу ч гэсэн хөгжлийн тодорхой үе шатыг дамжин хөгжиж байсан. Хятад улсын нийгмийн даатгал, хувийн тэтгэврийн дансны систем гэсэн хоёр шаталсан тогтолцоотой байсан.
-Докторын ажлын гол асуудал судалгааны ажлын дүгнэлт байдаг. Таны дүгнэлт ямар хэмжээнд байсан бэ?
-Судалгааны дүнгээс үзэхэд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, боловсронгуй болгоход олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх, хувьчлал, түншлэл зэргийг оновчтой хэрэглэх шаардлага үүссэн байгааг харуулж байсан. Иргэдийн даатгалын тухай мэдлэг нь даатгалын үйлчилгээний чанар болон сэтгэл ханамжтай шууд хамааралтай байгааг анхаарч цаашид олон нийтэд хандсан даатгалын үйл ажиллагаа хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулахад анхаарах хэрэгтэйг судалгааны үр дүн харуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.4 БААСАН № 112 (6589)