Л.ХЭРЛЭН

АН-ын дарга удирдлагууд Төв талбайд үзэл бодлоо иоэрхийллээ. Энэ үеэр  Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ  “Төв талбайд өдөр болгон жагсаал, цуглаан болж байна. Тайз засч, индэр тавьчихсан хөл хөөр болцгоож байгааг бүгд л харж байгаа.  Гэтэл  Монголд ардчиллыг авчирсан ардчилагчид, Нийслэлийн АН-ынхан бид өнөөдөр энд үгээ хэлэх гэтэл тайз, индэр байхгүй л зогсч байна. Би өөрөө чанга яригчаа өргөөд ганцаараа зогсч байна. Биднийг ингэж дээрэлхэж байна. Ингэж болох уу. УИХ-ын даргаас 24 цагийн дотор хариу авахаар шаардах бичиг өгсөн. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан юм гэсэн. Тэр асуудлаар хариу хүлээж байна. Хариу юу гэж ирэхээс шалтгаалж бид дараагийн алхмыг хийнэ. Суулт байтугай хийнэ гэдгээ мэдэгдэж байна” гэсэн. Харин АН-ын дарга М.Тулгат хэлэхдээ “УИХ  улс төрийн намын дотоод асуудалд оролцож байна. Хууль тогтоогчид хуулиас давсан шийдвэр гарган ажлын хэсэг гэгчийг гаргасан. АН-ын хувь заяаг Төрийн ордон дотор хэдэн гишүүн сууж байгаад шийдэх ноцтой байдал руу орсныг бид эсэргүүцэж байна. Төрийн ордон дотор цай ууж сууж байгаад ажлын хэсэг нэртэй хэдэн хүн Улсын бүртгэлийн газар болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж шийдвэр гаргах гэж байна. Үндэсний хэмжээний том намыг ийм байдалд оруулж болохгүй гэж бид УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардах бичиг  өгсөн. Цар тахлын дэглэм гэж хязгаарлаж байгаад эрх баригчид ийм зүйл хийх гэж байна. Үүнийг АН-ын гишүүд хэзээ ч зөвшөөрөхгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn