Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн ээж Б.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Үртэй хүн жаргалтай, үндэстэй мод мөчиртэй гэдэг. Эх хүн байхын жаргалын тухай хоёулаа яриагаа эхлэх үү?
-Эх үр амин холбоотой. Үрс минь миний зүрх сэтгэл юм. Хүүхдүүд минь миний баялаг, бас хүч чадал, зүрхний цохилт шүү дээ. Тиймээс би амьдралыг тэдэнгүйгээр төсөөлж чадахгүй. Ээж хүн үрийнхээ төлөө бүтэн нойртой хонодог үе цөөн. Хэдий үр хүүхэд нь жаргалтай, сайн сайхан яваа ч ээжийн санаа олон зүйлд зовних нь бий. Ээж болоод эхийгээ илүү сайн мэдэж, хайрлах хүсэл илүү ихээр төрдөг болов уу. Би жаргалтай сайхан амьдарч явна, үр хүүхдүүдийнхээ ачаар. Тэд минь намайг зовоодоггүй юм. Эх хүнд үр хүүхэд нь сайн сайхан явах шиг жаргал юу байх билээ дээ.
-Та хүүхдүүдийнхээ тухай яриач?
-Би хоёр хүүтэй хүн. Миний хоёр хүү ээжийгээ өнөөдрийг хүртэл зовоогоогүй. Ээждээ тустай хүүхдүүд. Том хүүг минь Эрдэнэ гэдэг. Бага хүү маань цэл залуу насандаа өвчний улмаас биднийгээ орхисон. Энэ явдал миний хувьд их хүнд байсан. Эх хүн хүүхдээ алдах шиг, тэр дундаа тийм том болсон хүүгээ алдах үнэхээр хүнд. Нэг хэсэг их хэцүү байсан. Хүүгээсээ үлдсэн хоёр үрийг нь хүний дайтай авч явах гэж үзэж л байна. Талийгаач хүү маань их даруу, тайван, хүлээцтэй, үг дуу цөөнтэй хүн байсан. Харин том хүү Эрдэнэ маань галтай дөлтэй хөдөлгөөнтэй сэргэлэн, их хэрсүү өссөн. Одоо ч яг л тэр хэвээрээ. Миний хоёр хүү нэг эхээс төрсөн гэхэд хоёр өөр зан авиртай.
-Та өөрийгөө бидэнд танилцуулаач. Ямар мэргэжилтэй, ямар ажил хийдэг байв?
-Би Улаанбаатар хотод 1946 онд төрсөн. Эмээтэйгээ өссөн. 7-р ангид ордог жилээ өөрийн ээж аав дээрээ очсон. Яагаад гэвэл, эмээ минь нас өндөр боллоо энэ хүүхэд надаас хойш өөрийн ээж ааваасаа хөндий хүн болно гээд намайг ээж, аавд минь өгсөн. Миний ээж аав сайхан хүмүүс байсан. Савхин эдлэлийн үйлдвэрээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Би хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй. Ерөнхийдөө загвар зохион бүтээгчээр олон жил ажилласан. Улсад нийт 37 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Ингээд 1990-ээд онд үйлдвэрүүд зогсож, тэр үеэс “Молор Трейд” ХХК-ийг байгуулсан. Одоо өргөжөөд олон салбартай болжээ.
-Та залуу насандаа их сайхан эмэгтэй байсан юм билээ. Загвар өмсдөг байсан гэж сонссон?
-Миний загвар өмсөх гэж юу байх вэ. Тэр үед арьс ширээрээ олон янзын бүтээгдэхүүн хийж, түүнийгээ өөрөө өмсдөг үе байсан. Түүнээс эмээ нь загвар өмсөгч биш шүү. (Инээв)
-30 гаруй жил бизнес эрхлэхэд хүндрэл байв уу. Одоо эргээд харахад эмэгтэй хүн бизнес эрхлэх хүнд цаг үе таарчээ гэж боддог уу?
-Том хүүтэйгээ элбэж хамжаад өнөөдөр өдий зэрэгтэй компаниа босгосон. Том хүү Эрдэнэ сайн зөвлөдөг байсан, түүний ачаар олон янзын салбар руу орсон доо. Ямар ч байсан эхлүүлсэн ажил унаагүй, улам томорсон. Одоо хүүхдүүддээ салбар салбараар нь хариуцуулаад өгсөн. Миний бие ч дийлэхээ байлаа. Нас ч өндөр боллоо шүү дээ.
-Та хүүгээ анх улс төрд ороход нь хэр хүлээж авч байв?
-1990-ээд оны эхээр Ардчилсан холбоо энэ тэр гээд нэлээд явсан. Би тийм дуртай хүлээж аваагүй. Хүү “Ээжээ та санаа зоволтгүй ээ. Хүү нь буруу зүйл хийгээгүй. Эх орныхоо төлөө хийх ажил их байна. Та сэтгэлээ бүү чилээ” гэсэн. Ер нь өөрийн зөв гэсэн зүйлийнхээ төлөө миний хүү тууштай зүтгэдэг хүн. Хийж буй зүйлийг нь боль гэсэн ч өөрийнхөөрөө ард нь гардаг юм миний хүү.
-Улстөрч хүний ээж байх хэцүү биз?
-Заримдаа ч хүүгээ элдвээр хэлүүлэхээр шанална. Сэтгэл их өвдөнө. Эхлээд элдэв зүйл яваад байхаар унтаж чадахгүй, зүрх их өвддөг байсан. Одоо дөжрөөд байгаа. Хүүдээ их санаа зовно. Эрүүл байгаасай гэж бодно. Хүүг минь үргэлж гүтгэж, муу муухайгаар хэлэх үед нойргүй хонох үе бий. Гэхдээ миний хүүгийн 30 гаруй жил сонгож яваа ажил, амьдрал нь учраас би хүүгээ хүндлээд улс төрөөс хөндийр гэж хэлж чаддаггүй юм.
-Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэдэг. Бэрийнхээ талаар яриач?
-Миний охин Н.Нинжбадгар олон таван үггүй. Хов жив яриад байхгүй. Сайн хань. Миний хүүгийн сайн ар тал шүү дээ. Би хүүгээ насны эцэст жаргаасай гэж боддог. Бэрийнхээ хүүхдүүдэдээ ижил тэгш ханддаг занд нь би хайртай байдаг юм. Одоо миний хүү сайн ханийн буянаар жаргаж явна. Миний хүү С.Эрдэнийн өмнөх хань нь бурхан болоод өөрийн, хүний нийлсэн таван сайхан хүүхэдтэй үлдсэн шүү дээ. Тэднийг нь гадуурхаж элдэв зүйл гэлгүй миний охин Нинжбадгар сайн авч явдаг. Энэ хоёр сүүлд суусан юм. Хүмүүс янз бүрээр ярьж байдаг юм. Би хүүгээ дотогшоо өмөөрдөг. Амьдрал ямар хэлж ирэх биш дээ хүү минь. Хүний амьдрал янз бүр шүү дээ. Одоо энэ хоёр маань өчнөөн жил сайн, сайхан амьдарч байна. Би охиндоо баярлаж явдаг. Би бэрдээ маш их хайртай.
-Хүүдээ хамгийн их баярласан, гомдсон зүйл гэвэл?
-Миний хүү намайг гомдоох нь бага. Би хоёр удаа орчлонд мэндэлсэн хүн. Эхний удаа өөрөө хүн болж төрсөн. Дараа нь хүү минь намайг дахин “төрүүлсэн”. Учир юу гэвэл, би хавдартай, гурван сарын настай гэсэн онош Тайландад сонссон юм. Тайландаас ирээд удаагүй байсан үе. Тэгсэн нэг өдөр хүү орж ирээд ээж хэдүүлээ Солонгос явж амраад ирье гэнэ. Би цаад учрыг нь мэдэхгүй “за” гээд цуг явсан. Гэтэл амрах биш намайг эмнэлэгт үзүүлэв. Тэгэхээр ээж нь сая өчнөөн мөнгө үрж үзүүлсэн шүү дээ одоо яахын гээд дургүй байсан. Тэгээд тэнд тэр хавдрыг авахуулсан. Ингэж миний хүү, охин хоёр ээжийгээ дахин “төрүүлээд”, амьдрал хайрласан юм.
-Хүү тань ээждээ хэр халамжтай вэ. Өдөр бүр тань руу ярьдаг гэж сонссон?
-За өдөр бүр ярина шүү. Утсаар ярихаар ээжээ би танд хайртай, үнсье гэдэг. Их халамжтай миний муу бор хүү. Хүүгийнхээ буянаар эмээ нь сайн сайхан явна. Мундаг хүүтэй хүн шүү дээ би чинь. Миний хүү уян зөөлөн сэтгэлтэй, сайхан үр.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.3 ПҮРЭВ № 111 (6588)