Б.ДАМДИН-ОЧИР

 

Шувтрах дөхөж буй Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ажин түжин үргэлжилж л байна. Бараг жилийн өмнөөс “...Ерөнхийлөгчийн сонгууль дайн болно оо” гээд хаанаас ч юм бөөн сүр л ярьцгаасан. Ачир дээрээ тийм сүртэй “дайн” болохгүй нь бололтой. Тэгнэ гэсэн хүлээлт байсан болоод ч тэр үү, ёстой чив чимээгүй сонгууль болж байх юм.

Гэхдээ сонгууль л юм болохоор байх ёстой элементүүд нь бага багахан байна. Хөнгөхөн хөнгөхөн ёвролцоод, цар тахлын дундуур сэм сэм уулзалт зохиогоод л... Хар биш сааралдуухан “пиар” хааяа нэг үзэгдэх аж.

Ер нь бол нэр дэвшүүлсэн намууд одоогоор гэтэлтийн байдалтай, нам хэвтэцгээж байна.

Харин энэ чимээ анир багатай сонгуулийн араар АН-ынхан ёстой “алалцаж” байна. “...Нэгдэж байна” гэж шал худлаа мэдээ явуулаад л, нэг нэгээрээ амиа бодсон лидерүүд  нь хаа сайгүй.

Хэрүүлээсээ болж, дөнгөн данган хүнээ нэр дэвшүүлсэн АН-ынхан тун удахгүй “...Цагийн сайханд энэ АН чинь Монголын улс төрийн өнгийг тодорхойлж явсан юм”, “...Манай нам том нам байлаа”, “...АН төрийн эрхийг атгаж явлаа” гэж дурсамжтай үлдэж ч мэдэхээр болоод байна.

Тэд жоомоо алах гээд байшингаа шатаачихсан юм. Гэхдээ одоо жоом нь ч үхээгүй, байшин нь ч шатаж дуусаагүй л байна.

АН-ыг албан ёсны гурван бүлэглэл тал талаас нь чангааж буй. АН-ын тамгыг хэн атгах вэ гэдэг ил далд тэмцэлд гурван талаас босч ирчихээд байгаа юм. Дөрөв дэх нь “зураг зодоон хоёрыг холоос хар” гэдэг философитой “бүлэглэл” бий. Тэд тамгаа жинхэлж чадсан дээр нь очно.

Одоо үзэгдэж буйгаар ердөө арваадхан хоногийн дараа сэнтийгээсээ бууж энгийн иргэн болох гэж  буй Ерөнхийлөгч Х.Баттулга АН-д хамгийн нөлөөтэй. Х.Баттулга бол дөрвөн жилийн төрийн бүхэл бүтэн институци дээр сууж, тэр хэрэээрээ АН-ынхнаа аль болохоор шингээж ирсэн нь үнэн юм. Муугаар ярих нь түүнийг АН-ыг хагалахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Хамгийн гол нь тэр Ерөнхийлөгчөөс буусан ч МоАХ хэмээх улс төрийн хүчний маш сайн суурь, байртайгаа хүлээж байна. Х.Баттулгыг дагасан АН-ынхнаас нэлээд нь сугарч хоцорсон ч үлдсэн нь түүнээс олон. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-д өрнөх ковидтой зуны халуун улс төрийн гол дүрүүдийн нэг нь тэр байх болно. Өөрөөр хэлбэл, улс төр нь амжилттай болох юм бол тун удахгүй АН-ыг тэр барина.

Хоёр дахь бүлэглэл нь О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, ард нь Д.Дорлигжав нарын байдаг нэг нутаг усныхан гэх болсон. О.Цогтгэрэл хоёр сарын өмнө АН-ын даргын сунгааг хоёр талд хийж байхад нэгийнх нь талд өрсөлдөөд дарга нь болсон. Түүнийг Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан гэдэг. Харин одоо салжээ. Мөн л Ерөнхийлөгчийн зөвлөхөөс бууж УИХ-д өрсөлдөөд гишүүн болсон Н.Алтанхуяг энд байна. Тэрбээр О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчид дэвших гээд бүтэлгүйтсэн. Гэхдээ улс төр нь энэ бүлэглэлтэй нийлээд явж буй аж. Угаасаа түүний улс төрийн гүйлгээ ухаан гүйцэгдэхгүй. Алахгүй ч айлгана гэдгийг үлгэрээр улс төр хийдэг хүн бол Н.Алтанхуяг гишүүн байгаа юм. Их яривал тэр халааснаасаа “Нэгдмэл Монгол” гэдэг нам гаргаж ирнэ. Хэрвээ АН-ыг авч чадахгүй бол шүү дээ. Ийм л элдэвтэй. Энэ бүлэглэлд өөр намаас нөхдүүд “элссэн” сураг улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Бас л нутаг усаараа нийлсэн том, жижиг намын нөлөө бүхий улстөрчид нийлжээ.  О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарт АН-ыг авах хүсэл байгаа бол нөгөөдүүлд нь намаа удирдах зорилго бас бий.

Гурав дахь нь одоо С.Эрдэнийг дэвшүүлээд байгаа М.Тулгатын гэх, ардаа Ц.Элбэгдоржтой бүлэглэл. Далд боловч хамгийн хүчтэй, хамгийн эвгүй, хамгийн олон талтай нь тэд. Одоо “наранд хамгийн ойр” байгаа энэ АН Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарт байна. Гэхдээ тэр зөвхөн АН-даа найдахгүй байгаа бололтой. Ц.Оюунгэрэл нь намын нэр аваад АН-аас саллаа. ХҮН-аас тэр л Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн гээд л ярих юм. Янз бүрийн л мэдээлэл байна. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж ямар нүүдэл хийхээс эднийхний хувь заяа шалтгаална. Бууриндаа үлдээд хойморт нь залрах уу, шинэ гэр бариад нүүх үү. Ийм салаа замтай. Түүнд хаагуур нь ч явсан алдаа байхгүй. Учир нь түүнд Х.Баттулга шиг “дагагч” олон бий. Хэрвээ “нүүх” дээрээ тулбал нутаг дээрээ хаях хүн ч цөөнгүй.

Жишээ нь, М.Тулгат бол “маск”. Хэдхээн жилийн өмнө Японд төгсч ирээд, шинэ цагийн шижгэр залуусын нэг гэгдэж байсан М.Тулгат “Хишиг арвин” гэдэг компанитай амьдралаа холбосон. Тэнд ажиллаж байгаад НИТХ хавиар сонгогддог болсон. Харин өнгөрсөн жил гэнэтхэн С.Эрдэнийн АН-ын даргад өрсөлдөөд дарга нь болчихсон. Олон хүн гайхсан.

Хоног өнгөрөх тусам М.Тулгат яагаад дарга болсон, М.Тулгатыг яагаад сонгосон нь улам л тодорхой болж байна. Ийм чих зөөлөн, хөл хөнгөн, орчин үелэг залуу байх нь гарч ирэхээрээ чулуу шидүүлэх гээд байдаг АН-ын “өвөө” нарт хэрэгтэй. Энэ нэгдүгээр шалтгаан. Гэхдээ цаг нь болоход хаяад явахад гарзгүй нөхөр байх ёстой. Хэн хэндээ хар будаг наачих хэмжээний нээнтэгтэй байх ёстой л доо. М.Тулгат тийм л хүн. Хоёр жилийн өмнө хариуцсан компани нь олны танил бүсгүйн нөхрийн амь насны хэрэгт буруутгагдсан.

Эзэд нь өөр ч хөөрхий М.Тулгат л гүйцэтгэх захирлын хувьд компани төлөөлж гүйсэн. Хариуцлага бол яригдаагүй өнгөрсөн. Энэ маш том асуудал. Мөн тэр компани Тавантолгойн тендертэй байнга зууралдаж байдаг. Тэр хэрээр асуудал дагадаг. Ингэхээр эвгүйтвэл юу болох нь ойлгомжтой байгаа биз.

Түүнчлэн зодооныг холоос харж байгаа дөрөв дэх бүлэглэлд УИХ дахь бүлгийнхэн нь гарцаагүй орно. Тэд хаашаагаа мэдэхгүй, нүхээ олохгүй тарвага шиг болоод байгаа. Тэвчээргүйгээрээ Бүлгийн дарга Д.Ганбат нь С.Эрдэнийг нэр дэвшихтэй зэрэг гүйж очиж, нөгөөдүүл нь ярвайж янтайгаад сүйд болсон.

Сошиалаар зураг нь хүртэл явж байна лээ. Энэ Д.Ганбат гэхэд л ингэж гүйж очихоосоо ердөө арваадхан хоногийн өмнө өнөө муу С.Эрдэнийгээ баллаж байсан даа. Харин дагаж явсан О.Цогтгэрэл нь нутаг усаа бараадаад ирэхээр салхинд хөөгдсөн “пиавар” хувин шиг гүйгээд очиж байгаа юм.

Энэ мэтийн жаран чавганцын зуун асуудал АН-д байна. Хэн нь дээр суух вэ гэдэг хэрүүл нь удахгүй ил гарч ирнэ. Тэр цагт гурван бүлэглэлийн цаад хүмүүс М.Тулгат мэтийн “маск”-аа тайлж хаяад л нүдэлдэнэ шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.3 ПҮРЭВ № 111 (6588)