Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 03-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Австралийн Мабо өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Австралид 1788 онд анхны флот иртэл уг тивийг түүний ойролцоох арлуудын хамт нутгийн уугуул иргэд 70 мянга орчим жил эзэгнэн сууж байжээ. Британийн Засгийн газар уг тивийн уугуул иргэдийг үгүйсгээгүй ч тэдний газар нутгаа эзэмшиж чадахгүй бүдүүлэг гэж үзэж иржээ. Уугуул иргэд британичуудтай газар шорооныхоо төлөө яриа хэлцэл хийхээр оролдож байсан ч тэд галт зэвсгийн эсрэг хүчин мөхөсдсөн юм. Гэхдээ 200 гаруй жилийн турш тэр тэмцэл нь явагдсаар иржээ. Үүний гол оргил үе нь Торессын хоолой дахь Марэй арлын Мериам омгийн төлөөлөгч Эдди Мабо, Давид Пасси, Жеймс Райс нарын 1982 онд Австралийн дээд шүүхэд гаргасан гомдол болов. Тэд арлуудыг 1879 онд хураан авч эзэлсэн Квисленд мужтай заргалдлаа. Мер, Даур, Вейэр арлуудын жинхэнэ эзэд нь Мериам овог гэж үзсэн байна. 1992 оны Дээд шүүхийн шийдвэр өнөөг хүртэл Австрали нь “хэний ч биш нутаг” гэж ирсэн домогт төгсгөл тавьжээ. Энэ үйл явдалд зориулан Австралид Мабо өдрийг бий болгон уугуул иргэдийн амьдардаг нутаг оронд тэмдэглэх болжээ. Торесса аралд энэ баяраар амардаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1326.06.03. Новгородын хэлэлцээрээр Орос, Норвеги улс хилийн зурвасаа тогтоов.

1539.06.03. Испанийн нэрт аялагч Эрнандо де Сото Флоридад хүрчээ.

1608.06.03. Францын аялагч Самуэл де Шамлейн "Шинэ Франц" руу хийсэн гурав дахь аяллынхаа үеэр одоогийн Квебек хотод хүрч, улмаар бэхлэлт босгож эхлэв.

1839.06.03. Хятадын Хумэн мужид генерал Лин Жешү Британийн худалдаачдаас хураан авсан 1.2 сая килограмм хар тамхийг устгаж, Их Британид байлдааны ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж эхлэв. Үүний үр дүнд Тамхины нэгдүгээр дайн дэгдсэн юм.

1861.06.03. Америкийн иргэний дайн: Виржиниа (одоогийн Баруун Виржиниа) мужийн Барбор тойрогт Холбоотны цэргүүд хүчээ төвлөрүүлж эхлэв. Улмаар Филиппигийн тулаан дэгдсэн түүхтэй.

1864.06.03. Америкийн иргэний дайн: Холбоотны арми Виржиниа мужийн Хановер тойрогт байрлаж байсан Эх газрын цэргүүд рүү довтлов.

1941.06.03. Дэлхийн хоёрдугаар дайн: Вермахтын хүч Грекийн Канданос хотод 180 энгийн иргэнийг хоморголон устгажээ.

1950.06.03. Францын ууланд авирагч Морис Херцог, Луй Лашенал нар Аннапурма хайрханд амжилттай авирч, 8000 метрийн өндөрт авирсан дэлхийн анхны уулчид болжээ.

1965.06.03. АНУ-ын Сансар судлалын агентлаг "Gemini 4" хөлгөө амжилттай хөөргөжээ. Ингэснээр тус агентлаг түүхэндээ анх удаа сансрын олон өдрийн даалгавар биелүүлсэн юм. Хөлөгт Эд Уайт сууж явсан бөгөөд сансарт гарсан Америкийн анхны хүн болжээ.

1973.06.03. ЗХУ-д зохион бүтээгдсэн өндөр хурдны "Туполёв Ту-144" онгоц Францын Гуссанвильд осолдож хөлгийн багийн 14 гишүүн бүгд амь үрэгдэв.

1979.06.03. Мексикийн булангийн өмнөд хэсэгт орших "Ixtoc 4" газрын тосны станцад гал алдаж улмаар гурван сая баррел газрын тос далайд алдагдав.

1980.06.03. АНУ-ын Холбоон мөрдөх товчоо Эрх чөлөөний хөшөөнд суурилуулаад байсан тэсрэх бөмбөгүүдийг идэвхгүй болгов. Хэрэгт Хорватын үндсэрхэг үзэлтнүүд холбогджээ.

1982.06.03. Израил улсаас Их Британид суух элчин сайд Шломо Арговын амь насанд халдахыг завдав. Хэдийгээр түүнийг аварч чадсан ч насаараа тахир дутуу болжээ.

1989.06.03. Бээжин хотын Тиананьмен талбайд долоон долоо хоног үргэлжилсэн жагсаалыг хүчээр тараах зорилгоор Хятадын засаг захиргаа цэрэг илгээв.

Эх сурвалж www.zms.mn