Т.САЙХАН
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход зургаа хоногийн хугацаа үлдлээ. Нэр дэвшигчид орон нутагт сонгуулийн сурталчилгаа хийж, иргэд сонгогчидтой уулзсаар байна. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Төв аймагт ажилласан бол С.Эрдэнэ Архангай аймагт болон Баянгол дүүрэгт ажиллажээ. Харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Дорнод аймагт ажиллалаа. Уулзалтын эргэн тойрон дахь мэдээллийг тоймлон хүргэж байна.
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч болБол шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, батлан хамгаалах, улс орныг хөгжүүлэх үйл хэрэгт Төв аймгийнхны оруулсан хүч хөдөлмөр их гэдгийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монголын төр, МАН-ын улс орноо гэсэн төрийн бодлогыг тулхтай, цэгцтэй байлгаж, ноён нурууг нь хазайлгахгүй тулахад Ардын хувсгалын анхны долоогийн нэг Д.Бодоогоос эхлээд Түшээт хан аймгийнхан, Төв аймгийнхан үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан. Иргэдийнхээ итгэлээр Ерөнхийлөгч болбол шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ. Хараат бус шүүхийн тогтолцоог бий болгоход анхаарч ажиллана. Баялгийн тэгш хуваарилалтыг дэмжиж, эхлүүлсэн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газартайгаа хамтарч ажиллах болно.
Мөрийн хөтөлбөрийнхөө хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт заалтад авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана гэж тусгасан. Мөн тэрбээр төр, засгийн бодлогыг малчид руу чиглүүлэх ёстойг онцолж, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 1995-2019 онд нийгмийн даатгал төлөөгүй 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэг удаа нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг бий болгож, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан гэв.
С.Эрдэнэ: Монгол хүний төлөө ажилладаг Монгол төр байх ёстой
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт Архангай аймгийн иргэд сонгогчидтой хийх уулзалтаар үргэлжиллээ. С. Эрдэнэ “ Орон нутгийн сонгуулиар Ардчилсан сонголт хийж ачаа үүрүүлсэн нутгийн зон олондоо халуун талархал илэрхийлье. Арын сайхан хангайд Ардчиллынхан нэг бус удаа засаглаж байсан. Ардчиллынхан юу хийж бүтээдэг билээ гээд эрэгцүүлж, харьцуулж нэг бодож үзээрэй. Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нутгийн хүүдээ итгэл найдвар өгч дэмжээрэй гэж уриалах гэсэн юм. Архангай аймгаар овоглож явдгийн хувьд 20 гаруй жил төрд өөрийн хүчээ өгч явна. Нийслэл, дүүргийн ИТХ-д дөрөв, УИХ-д гурван удаа сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 70 гаруй хууль санаачилж, 41 нь хэрэгжиж байна.
Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын институци хоорондын уялдаа ямар их завхрал үүссэнийг энд дурдах хэрэгтэй. Өнөөдрийн Ардчилсан Үндсэн хууль бол үндэсний дархлаа болох асар чухал баримт бичиг юм шүү. Хамаагүй өөрчлөлт, хэн дуртай нь оролдож болохгүй гэж гавьяат хуульч Чимэд гуай хэлсэн байдаг. Би Монгол төрийн гажуудал, төрийн удирдлагуудын увайгүй үйлдлүүдийг үргэлж эсэргүүцдэг. Энэ байдал дээрээ хатуу зогсоно. Монгол хүн эрх чөлөөтэй амьдрах ёстой. “Дарангуйлалгүй Монгол- Ардчилсан монгол” мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө юм. Эрх чөлөө байгаа цагт Монгол орон аль нэг гаднын бодлогогүйгээр өөрсдийгөө аваад явах боломжтой болно.
Залуучууд яагаад өөрийнхөөрөө амьдарч, эрх чөлөөгөө эдэлж, өөрөө байр сууриа эзэлж чадахгүй байгаа юм бэ. Энэ нөгөө л эрх чөлөө. Их нөөц бололцоо залуучуудад байна. Эрх чөлөөт монгол хүн бүрийн төлөө ажиллах, тэдний эрх чөлөөнд халдсан хэн бүхэнтэй хариуцлага тооцох ардчилсан Ерөнхийлөгч байхын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн юм. Хүн тойрсон төрийн бодлого үйлчилж байх ёстой. Төрийг тойрсон хүн байх ёсгүй. Одоо эргээд төр төвтэй төр рүү шилжлээ. Монгол хүнийг эрхэмлэдэггүй төр гэж хэзээ ч байж болохгүй. Монгол хүний төлөө ажилладаг Монгол төр байх ёстой” гэлээ. Уулзалтад оролцсон иргэд нутгийн хүүгээ дэмжиж буйгаа илэрхийлээд арын сайхан хангай нутгийнх нь уул ус, хайрхад түших болтугай” хэмээн ерөөлөө.
Д.Энхбат: Нам төвтэй бус иргэн төвтэй улсын Ерөнхийлөгч байх болно
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат Дорнод аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Нэр дэвшигч Д.Энхбат “Бид 30 жилийн турш улс төрийн ардчилалтай болохын төлөө явлаа. Энэ хугацаанд алдаа, оноо олон байсан. Одоо харин эдийн засгийн ардчилалтай болох дараагийн 30 жилийн алхмаа хийх зааг дээр ирээд байна. Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Харин бүгд нэг зүгт харж, нэг мөрөөдөлтэй байсан цагт эв нэгдэл бий болдог. Тиймээс бид нэг мөрөөдөлтэй байх ёстой. Өнөөдөр Хятад дэлхийн шилдэг улс болно гэсэн мөрөөдөлтэй учраас эрчимтэй хөгжиж, урагшилж байна. Тэгвэл бүгдээрээ 50 жилийн дараах Монгол ямар байх тухай мөрөөдье. 50 жилийн дараа Монгол дэлхийн дундаж орнуудтай эн зэрэгцэж, иргэд нь боломжийн орлоготой, бизнес эрхлэгчид нь зөвхөн эх орондоо бус Азид, олон улсад өрсөлддөг байх чадвартай болсон байна. Яагаад болохгүй гэж. Монгол залуучууд чадна шүү дээ. Харин чадахын тулд бидэнд мэдлэг, чадвар хэрэгтэй. Учир нь энэ зуунд чадалтай явж буй орнууд бүгд мэдлэг, чадварын үнэ цэнийг мэдэрч, онцгой анхаарсан байдаг. Өнөөдөр биднийг нэг нам эсвэл 76 гишүүн тэжээхгүй. Амьдал ахуйгаа сайжруулж, хөгжихийн тулд бүгд оролцох шаардлагатай. Би ганцаарай чадахгүй, шилдэг хүмүүстэй хамтарч, бүгдээрээ нийлвэл харин чадна. Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Нам төвтэй бус иргэн төвтэй улсын Ерөнхийлөгч байх болно” гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.6.2 ЛХАГВА № 110 (6587)