Б.ДАМДИН-ОЧИР
“...Олгой хагаравч тогоондоо, толгой хагаравч малгайдаа” гэдэг манай ардын хэлц байдаг Том жижиг аливаа хэрэгт нууцаа хадгалж бай гэж байгаа юм. Бусдад мэдэгдэж болохгүй үг, үйл бүхэн нууц гэсэн үг л дээ.
Түүн лүгээ нууцууд Монголын төрд бий. ТэдгээрийгҮАБЗ хадгалж, зохицуулж байх учиртай. Нууцыг нууцаар ярих эрхийг ч Монголын төр энэ гурван албан тушаалтанд хуулиар олгосон. Харамсалтай нь ҮАБЗ сүүлийн үед хэрүүл зодооноо голоор нэг дэлгэдэг айл шиг боллоо. Айлаар бол аав нь түүнийгээ дэлгэж зарлаж байх юм.
Монгол Улсын ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр гишүүн нь байдаг. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн тэргүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр гишүүн нь гэсэн үг л дээ.
Хуулиараа ҮАБЗ-ийн тэргүүн хуралдааныг зарлаж, даргалдаг. Гэтэл ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх 2021 оны гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд маш ноцтой мэдэгдлийг хийлээ. А.Гансүх бол Ерөнхийлөгч Х.Баттулгын маш ойрын хүн бөгөөд Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа зарлиг гаргаж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилсон.
А.Гансүх 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр ҮАБЗ-ийн Ажлын албаны ажилтнууд буюу өөрийнх нь удирдлагад ажилладаг хүмүүс ОХУ-аас 20 сая ам.доллар нууцаар оруулж ирсэн гэх мэдээлэлд тайлбар хийх зорилгоор уг хурлыг зарласан байдаг. Тэр хурал дээрээ “...Өнөөдөр үүссэн улс төрийн нөхцөл байдал, Ерөнхийлөгч Ерөнхий сайд, хуучин Ерөнхий сайд нарын хооронд үүсээд байгаа улс төрийн зөрчилтэй нөхцөл байдлын үед ҮАБЗ ийм хууль бүс үйл ажиллагаа хийхгүй, хийдэг ч үгүй гэдгийг дахин хэлье” гэчихэв. Тухайн үед олон нийт зөвхөн 20 сая ам.долларын талаар сонирхож байсан учраас А.Гансүхийн энэ ноцтой үг анхаарлын гадна үлдсэн юм. А.Гансүх маргааш нь 2021 оны гуравдугаар сарын 10-нд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “...Олон чухал асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэхээр бэлтгэж байсан. У.Хүрэлсүх огцроогүй байсан бол эдийн засгийг сэргээх тийрэлтэт төлөвлөгөө боловсруулагдаад, Монгол Улсыг өргүй болгох шийдэл гаргахаар бэлтгэж байсан. Бараг схем нь гарчихсан байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрохыг дэмжихгүй гэсэн шалтгаан энэ. Одоо шийдвэрлэх гэхээр хуралдааны ирц бүрдэхгүй байна. ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн хуралдаанд ирэхгүй байгаа” гэж мэдэгдэв. Энэ үг бүр ноцтой. Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүний томилсон нарийн бичгийн дарга нь “...ҮАБЗ хуралдахгүй байгаа” гээд мэдэгдчихэж байгаа юм.
Уг нь Монгол бол 60 жилийн өмнө НҮБ-д данслагдсан, тусгаар тогтносон улс. Олон улсын эрх зүйгээр хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, манай ҮАБЗ, түүний гишүүдийн харилцаа, яриа хөөрөөний сэдэв гадаад ертөнцөд хаалттай байх учиртай. Тиймээс дэлхийн бусад улс орнууд манай улсыг “нийтийн жишгээр” сонирхдог.
ҮАБЗ-ийн гишүүд санал зөрөлдөх явдал байж л байдаг. Гэхдээ тэр нь нууц хэвээр үлдэж ирсэн гэхэд болно. Одоогоос 12 жилийн өмнө Оюутолгойн гэрээ байгуулагдахын өмнө манай ҮАБЗ-ийн гишүүдийг гадныхан байнга тандаж байсан байдаг. Тэдний ямар санаа бодолтой байна вэ гэдэг гэрээний хувь заяатай холбоотой байсан чухал учраас тэр.
Жулиан Ассанжийн www.wikileaks.org сайтад ихээхэн алдартай. Энэ сайтад АНУ–аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны 2009 оны гуравдугаар сарын 30-нд эх орон руугаа бичсэн захидал хэвлэгдсэн. Марк Минтоны захидалд “Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын ҮАБЗ-өөс Монголын өмнөд говийн бүсэд удаан хугацаагаар хойшлуулсан Оюутолгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар 2:1 санал өгсөн. Хэд хэдэн эх сурвалжаас үзвэл, Ерөнхий сайд, УИХ–ын дарга нар Ерөнхийлөгчийнхөө эсрэг санал илэрхийлсэн байна. Уг санал асуулгыг сайд нарын танхимаас нэн даруй баталж, гуравдугаар сарын 4-нд гэрээг парламент руу илгээсэн. Зөвшилцлийн дагуу бэлтгэгдсэн парламент гэрээний нөхцөлийг хүчтэй мэтгэлцээний дүнд батална гэж ажиглагчид найдаж байв” гэжээ. Мөн “…Ерөнхийлөгчийн зүгээс … Засгийн газар болон хэлэлцээрт оролцсон хүмүүс 51 хувийг авалгүйгээр Монголын баялгийг зарсан гэдэг цочирдуулсан мэдээллийг зарлана хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны зун АН-ын эвсэл …Ерөнхийлөгчийн эсрэг хатуу ширүүн дайралтуудыг хийв. Ингэсэн ч Ерөнхийлөгч 2007 оны есдүгээр сард Монгол Улс 51 хувийг авах ёстой гэж шаардаж, эс бөгөөс гэрээнд хориг тавихаа мэдэгдсэн” гэсэн байдаг. Элчин сайд мөн ч их хүч тавьж олж авсан мэдээлэл гэсэн үг шүү дээ.
Тэгвэл өнөөдөр юу болж байна вэ. А.Гансүх шиг “...Хуралдаж чадахгүй байна” гэж дэлхий даяар зарладаг ҮАБЗ-тэй улс сонссон уу. Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга өөрөө хүртэл 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд гарч ирээд “...МАН-ын даргын зөвшөөрөлгүйгээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадахаа болилоо. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнэхээр удаа дараа ҮАБЗ-ийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн” гэж мэдэгдэв.
Гэтэл 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр ҮАБЗ-ийн хурал зарлаж, гишүүд нь яваад л очсон байдаг. Харин Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга хурлаар “...УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Энэ талаар ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулга хийе. СЕХ-г дуудъя. Тэгээд ҮАБЗ-ийн зөвлөмж гаргах” талаар хэлэлцэхийг хүсчээ. Харин Ерөнхий сайд,ҮАБЗ-ийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөр байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “...Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагаад худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая та СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр “...ҮАБЗ-ийн гишүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэг цонхоор харж чадаагүйгээс болж монголчууд бид өнгөрсөн 30 жилд асар их боломжийг алдсан гашуун түүхийг давтмааргүй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн 30 жилийн алдааг давтах уу, эсвэл цоо шинэ гучин жилийг бүтээх үү гэдэг түүхэн сонголт юм. Миний хувьд ч Монгол Улсын Ерөнхий сайдын алтан цагийг ордны өрөөнд ойлголцдоггүй Ерөнхийлөгчөө аргадаж өнгөрөөхийг хүсэхгүй байна. Олон Ерөнхий сайдад ийм хувь тавилан тохиож байсныг би мэднэ. Харин оргилсон бүтээн байгуулалтын талбарт, олон нийтийн дунд ажлын хувцастайгаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэж хэллээ.
Ингэхээр Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарын “...Хуралдахгүй байна” гэж хорвоогоор нэг зарлаад байсан нь худлаа болж таарч байгаа юм. Албан ёсных болохоор 2021 оны тавдугаар сарын 5-ны тэр хурал протоколтой л байж таарна.
Ер нь бол тэд ҮАБЗ-ийг хагалснаа “айл”-уудад зарлаж болохгүй. ҮАБЗ-ийг ингэж улс төрийн тоглоомын байгууллага болгох нь энэ улс бусдын “идэш” болгоход л тус болно. “...ҮАБЗ хуралдахгүй байна”, “...ҮАБЗ-ийн зарим гишүүн хуралд ирэхгүй байна” гэж, үүндээ олон нийтийг дасгаад байгаа нь чухамдаа Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул дуудсан хэрэг юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.31 ДАВАА № 109 (6586)