С.Эрдэнэ гэж хүн төдийгээс өдий хүртэл улс төрийн тавцанд 31 жил тасралтгүй зүтгэхдээ сайн, муугаар хэлүүлж, ардчиллын төлөө өөрийн амьдралаа зориулж ирсэн нэгэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувиар юунд зорьж, тэмүүлж яваа, яагаад монголчууд С.Эрдэнийг сонгох ёстойг ч асуулаа. Ингээд Ардчилсан намын дарга асан, улстөрч С.Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
-Таны улс төрд баримталдаг хатуу чиг баримжаа гэвэл?
-Анхнаасаа ардчилсан үзэл баримтлал тай улс төрд орж ирсэн. Ардчилал гэдэг бол хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, хамгийн гол нь, улс орны тусгаар тогтнолын баталгаа юм. Ийм итгэл үнэмшилтэйгээр өнөөдрийг хүртэл явж ирлээ. Гэхдээ 1990 оноос хойш Монгол Улс жинхэнэ тусгаар тогтносон улс байж чадсан уу гэж асуувал үгүй гэж хариулна. Бид сүүлийн 300 жилийн 200 гаруй жилд нь Манж, Хятадын дарлалд байлаа. Манай хаад ноёдыг дуртай үедээ дуудаж авчраад цаазалж, алба гувчуурыг дуртай үедээ тогтоодог, төлөхгүй гэвэл цэрэглэж орж ирээд айл хотлоор нь устгаж хороодог нийгэмтэй байсан. 1921 оны ардын хувьсгалын дараа жинхэнэ тусгаар улс боллоо гэж бодтол энэ нь мөн л эндүүрэл байсан. Зүйрлэвэл, барын амнаас гараад чонын аманд орсонтой адил. Тэр үед коммунист Орос улсын нөлөөнд бид бүхэлдээ автсан. Маш олон мянган иргэдээ хядуулж, үндэсний бичиг соёлоо устгуулж, түүх соёл маань коммунизм гэдэг дарангуйллын дор 80 жил дарлуулж ирсэн. Энэ бүгдийг өөрчилж, Монгол Улс тусгаар тогтнож, хүн бүр чөлөөтэй сэтгэж, үзэл бодлоо илэрхийлж, зах зээлийн эрх чөлөөт нийгэмд амьдрах, хуулиар хамгаалагдсан хувийн өмчтэй байх ёстой гэсэн үзэл санаанд бид 1990 онд нэгдсэн.
-Таны ардчиллын талаарх үзэл бодол чинь яг тогтсон уу, өнөөдөр зарим хүмүүс ардчилал устлаа гэдэг бол нөгөө хэсэг нь ардчилал гэдэг зүйл огт байдаггүй гэх юм. Тэгэхээр аливаа тэмцлийг эхлүүлчихээд үр дүнг нь үзэх чухал. Та үр дүнгээ юу гэж дүгнэх вэ. Үр дүнд хүрч чадсан уу?
-Зүгээр эргэцүүлээд бодоход, тухайн үеийннийгмийн байгуулал ямар байлаа, хувь хүн өөрийгөө хэрхэн илэрхийлдэг байв. Наад захын энэ хоёр жишээг аваад өнөөгийн бидний эдэлж буй эрх, эрх чөлөөтэй харьцуулахад, үнэлэлт дүгнэлт нь гарна. Тэртээх 1989, 1990 онд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэн нэг даргыг шүүмжилдэг байсангүй. Ийм үйлдэл гаргавал шагнал урамшуулал, цалингаасаа хасуулдаг байсан. Ахиж дэвших тухай ойлголт бүр ч үгүй. Байрны квотгүй болно гэх мэтчилэн олон дарамт, шахалтад орж, эцэстээ ажилгүй болж, үзэл санааны хэлмэгдүүлэлтэд өртөж, шоронд ордог үе байлаа шүү дээ. Харин өнөөдөр үзэл бодлоо хэлж, үгээ хэлснийхээ төлөө тодорхой хэмжээний цензур, дарамт шахалт авдаг хэдий боловч тэр үетэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай болсон.Нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол хүний эрхийн асуудал. Хүний эрх хаана хамгийн их зөрчигдөж байна гэхээр, дандаа эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж зөрчигдөж байна. Тиймээс монгол хүн бүр эрхээ эдэлж чаддаг, эрхээ, хамгаалуулдаг Төрийн тэргүүнтэй байх ёстой. Түүнчлэн тухайн үеийн нийгмийн тогтолцоог эргэн харвал, хувийн өмчийн талаарх ойлголт ямар байсан билээ дээ. Хувийн өмчтэй болохыг хүсэгчдийг янз бүрээр нь дуудаж, дамын наймаа хийснийг нь эрүүгийн хэргээр ялладаг байлаа шүү дээ. Ямар нэгэн арилжаа наймаа хийхийг хориглож, бүх өмч хөрөнгө төрийн мэдлийнх байсан. Харин өнөөдөр төрийн өмч нийгэм, эдийн засагт хэдэн хувийг эзэлж байна, наад захын жишээ гэхэд, нийт төсвийн 80 хувийг хувийн өмчийн татвараас бүрдүүлж буй. Тухайн үед бол урвуу байсан. Энэ мэт харьцуулах олон зүйлийг тоочиж болохоор. Нэг зүйлийг шулуухан хэлэхэд, өмч хувьчлалынхийсэн хамгийн том алдаа нь өмчийн хуваарилалтыг маш буруу явуулсанд байгаа. Гэхдээ өмч хувьчлалыг бид хийгээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайн үед, үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагууд, коммунистууд буюу эрх баригч нар өөрсдөө хийсэн. 1992 оны их өмч хувьчлалын үед бүтэц, зохион байгуулалт тал дээр 100 хувь тухайн үеийн МАХН-ын дарга нар оролцсон байдаг. Өмч хувьчлалын үр дүнд тэдгээр дарга нар өнөөгийн хөрөнгөлөг коммунистууд болсон. Тиймээс МАН-ынхан өнөөдөр хүчирхэг, материаллаг бааз сайтай, гишүүд нь баян чинээлэг амьдарч чадаж байгаагийн шалтгаан ердөө энэ юм.
-АН-ыг төлөөлж та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байна. Тэгэхээр Ерөнхийлөгч хүн ямар байр суурьтай, үзэл бодолтой, боловсролтой хүн байх ёстой вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн өнөөгийн нийгмийн зүй ёсны шаардлагаар хэд хэдэн гол асуудалд голчтой, чиг шугамтай хандах ёстой. Нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол хүний эрхийн асуудал. Хүний эрх хаана хамгийн их зөрчигдөж байна гэхээр, дандаа эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж зөрчигдөж байна. Тиймээс монгол хүн бүр эрхээ эдэлж чаддаг, эрхээ, хамгаалуулдаг Төрийн тэргүүнтэй байх ёстой.
Ямар ч нийгэм шударга ёсонд суурилж, шударга шүүх, хуулийн засаглалтай байх ёстой. Энэ нөхцөлийг бүрдүүлж чадах гол хүн нь Монгол төрийн тэргүүн. Ингэхдээ хүн бүрийн эрх ашгийн төлөө бат зогсож чадах, үгээ хэлж, үзэл бодлоо ирэлхийлж чадах нийгмийг бүтээх хүн байх тухай юм. Төрийн тэргүүн хэзээ ч дарангуйлагч, амин хувиа хичээсэн үзэлтэй нэгэн байж болохгүй. Тэрчлэн төрийн институт хоорондын харилцаан дээр асар ухаалаг харьцаж чаддаг, өөрийгөө хэт дөвийлгөдөггүй, гүйцэтгэх засаглалын аж ахуйн ажилд хутгалдаж, улмаар тэр дундаас нь амин хувийн болон хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хангах, гүйцэлдүүлэх санаа агуулж таарахгүй. Харин улс орныхоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлж чадах Төрийн тэргүүн байх хэрэгтэй.
Хууль тогтоох байгууллагын түвшинд парламентын засаглалыг тууштай дэмждэг, хууль тогтоох үйл ажиллагаанд саад тотгор үзүүлдэггүй, хүлээцтэй, бурууд хатуу байр суурьтай зогсдог Ерөнхийлөгч байх нь зөв гэж бодно. Нэг үгээр бол, хувь хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог дээдэлсэн, парламентын засаглалыг дэмжсэн Ерөнхийлөгч байх ёстой гэсэн санаа. Тэрчлэн агуу түүхтэй ард түмний нэрийг хамгаалж чадах, олон улсын тавцанд Монгол төрийн гадаад бодлогыг тодорхойлж чаддаг, гуравдагч хөршийн зөв бодлого барьдаг байх нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд, би монгол хүн. Монгол хүн эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байх ёстой. Бид агуу түүхийн эзэд боловч одоо цагт юм бүхнийг өнгөрсөн түүхээр халхавчлах нь утгагүй. Мэдээж, үүх түүхээрээ бахархах нь зүй ёсны асуудал. Гэхдээ өнгөрсөн түүхийг бүтээсэн өвөг дээдсийн сургаал, гэрээслэлийг биелүүлэхийн төлөө хүн бүр зүтгэдэг байх ёстой. Монгол хүн дэлхийд тэргүүлэх байр суурьтай байж, хүн бүр хөгжин, цэцэглэж гэмээн бид дэлхийд тэргүүлэх үндэстэн болно. Би үүний төлөө зорьж яваа. Ард түмнийхээ зүрх сэтгэлд үлдсэн Ерөнхийлөгч байхын төлөө зүтгэнэ гэдгээ хариуцлагатай хэлмээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.28 БААСАН № 108 (6585)