МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОХ 21 ЗААЛТ
1. Иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, улс эх орондоо эрх чөлөөтэй амьдрах зарчим, үзэл баримтлалын хүрээнд Монгол Улсын хууль, төрийн эрх мэдэл дарга нарт бус, иргэдэд зориулагдсан, иргэдэд үйлчилдэг байх, төрийн эрх хэмжээг хязгаарлаж харин иргэний эрхийг улам бүр нэмэгдүүлэх чиглэлийн олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжих зорилготой Монгол хүн төвтэй нийгэм бүтээхийн төлөө гол анхаарлаа хандуулна.
2.Эрх мэдэл, мэдээлэлд ойрхон давуу талаас үүдэлтэй төр төвтэй “дарга анги”-нэгэнт үүсэн бэхжээд байна. Энэ гажуудал нь нийгмийн талцал, хуваагдлыг гүнзгийрүүлж, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтыг өөгшүүлж, улмаар үндэсний эв нэгдэлд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрч буйг харгалзан иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалж, Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, Монгол хүн төвтэй төрийн хөгжлийг дэмжин, төрийн авилгаас ангид ажиллах чадавхтай хяналт, шалгалт, зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шинэчлэлийг санаачилна.
3. Иргэн бүр эрхэлж буй ажил, албан тушаал, нийгмийн байдал, хөрөнгө мөнгөний хэмжээнээсээ үл хамаарч хуулийн өмнө тэгш эрхтэй байх, хариуцлагыг шударгаар хүлээлгэдэг шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэх шинэтгэлийг тууштай үргэлжлүүлнэ.
4.Торгодог, шийтгэдэг бус дэмждэг, зөвлөдөг, урьдчилан сануулдаг, хамтран ажилладаг ардчилсан төрийн соёлыг түгээн дэлгэрүүлнэ.
5.Иргэддээ итгэж, анхан шатны нэгж дээрээ асуудлаа шийдвэрлэх зарчмыг нутгийн удирдлагад бэхжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох зарчим баримталж, орон нутгийн эрх мэдэл, төсвийн боломжуудыг нэмэгдүүлэх санал, санаачилгыг дэмжинэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эрдэнэт, Дарханыг нэн яаралтай улсын чанартай хотын статус олгох асуудалд анхаарч ажиллана.
6.Нэг нам, олонхоор хүч түрэмгийлж, Монгол Улсын язгуур эрх ашиг, Монгол хүний эрх, эрх чөлөөний эсрэг аливаа дэглэмийг үл тэвчиж, төрийн Тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл, бодлогын асуудлуудад байнгын хараа хяналт тавьж, саналаа ил тодоор илэрхийлж, олон нийтээр хэлэлцүүлж, олон нийтийн болон улс орны ашиг сонирхол, төрийн байгуулалтын засаглалын зарчим, хуульд нийцээгүй, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсонд харшилсан хууль тогтоомжид хориг тавьж ажиллана.
7. Улсын Их Хурлын чуулган, Засгийн газрын хуралдаанд сар бүр тогтмол оролцож, нийт иргэдэд Монгол хүний эрхийн нөхцөл байдал, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах төрийн бодлогын асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газарт санал оруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна.
8.Сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтан нь ёс зүйн зөрчил гаргасан бол олон нийтээс уучлал гуйх үүргийг хуульчилж, түүнийг огцруулах, чөлөөлөх хууль эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох бие даасан хууль санаачилна.
9.Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалж, парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх боломжит бүх алхмуудыг хийнэ.
10. Монгол хүн Монголдоо хүссэн цагтаа саадгүй ирэх, ажиллах, амьдрах, сурч боловсрох таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллана.
11. Уламжлалт өв соёлоо төрийн бодлогоор дэмжин, боловсролын хөтөлбөрт тусгаж, Монгол хүнийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарна.
12. Ажиллах хүчийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ажлын байр олноор бий болгохыг нэн тэргүүний зорилт гэж үзэн зуун мянган шинэ ажлын байрыг бий болгох бүтээн байгуулалт, бизнесийн төсөл, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих, хамгаалах бодлогыг хэрэгжүүлж ажиллана.
13. Хувьцаатай иргэн төслийг санаачилж, Төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ хувьчилж /зах зээлийн үнээр худалдах/, хувьцааг нээлттэй худалдаалж ил тод, нээлттэй засаглалыг нэвтрүүлнэ. Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьчлах /худалдах/ хуулийг санаачилна.
14. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн төсөл боловсруулна.
15. Нийгмийн хамгааллын зорилтот бүлэгт чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлнэ. Хавтгайрсан халамжаас татгалзаж, халамж авах шаардлагатай өрх, иргэд рүү төвлөрүүлнэ. Халамжийн бодлогыг үндэсний үйлдвэрлэлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
16.Мөнхийн хоёр хөрштэй харилцах уламжлалт бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээ гуравдах хөршийн бодлогыг шинэ төвшинд гарган эрчимжүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллана.
17.Эдийн засаг, гадаад харилцааны бодлого нэгдмэл байж нэг цонхоор хэрэгжинэ. Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн гадаад худалдааг олон тулгууртай болгоно.
18.Мэргэжлийн цомхон чадварлаг армийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна кибер аюулаас хамгаалах мэргэшсэн анги нэгтгэлтэй болох орчин үеийн техник хэрэгслээр хангах ажлуудыг шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ.
19.Ядуурал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсгэх үзэгдэл юм. Ядуурлын шалтгаан нь ажилгүйдэл, ажилгүйдлийн шалтгаан нь авилгажсан төр засаг, бизнест халгаатай эрх зүйн тогтворгүй орчин гэж үзэн, эдийн засгийг томруулах, хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга зам гэдэгт итгэн, улсын хөгжилд нөлөө үзүүлэх том төслүүдээ дэмжих, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, хамгаалах бодлого баримтлан ажиллана.
20.Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг бол бэлчээрийн уламжлалт мал аж ахуй гэж үзэн бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйн салбартай зэрэгцэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ. Бэлчээрийн доройтлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн, бэлчээр ашиглалтын талаарх эрх зүйн орчин, бэлчээрийн зохистой менежментийн төрийн бодлогыг боловсронгуй болгохыг дэмжинэ.
21. Био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн “лаборатори”-ийг ашиглалтад оруулж, цар тахал, шинэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх нөхцөлийг яаралтай бүрдүүлэх санаачилгыг гаргана.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг чадавхижуулна.
Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт дараах хуулиудыг санаачилж, УИХ-д өргөн барина. Үүнд,
1. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл
2. “Иргэний асуулга асуух эрх”-ийг баталгаажуулж, төрийн байгууллага бүр жил бүр иргэд, салбарын аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдэд хөрөнгө зарцуулалтын болон үйл ажиллагааны тайлангийн сонсгол хийдэг байх хуулийн төсөл
3. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах хуулийн төсөл (Ардчилсан нийгмийн дөрөвдөгч засаглал гэгдэх хэвлэлийн эрх чөлөөний баталгааг дээшлүүлж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөө эдэлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг жишгийг хална)
4. Баг, хорооны удирдлагын талаарх хуулийн төсөл (Баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг даргад санал болгох, ИТХ-ын даргыг бүх иргэдийг тэгш оролцуулах үүднээс нийт иргэдээс сонгуулийн журмаар сонгох хуулийн төсөл)
5. Иргэний төрийн үйлчилгээ авах тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл (Иргэн нь иргэний бүртгэл, нийгмийн даатгал, эрүүл мэнд, татвар зэрэг төрийн үйлчилгээг нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж харгалзахгүйгээр авах)
6. Сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтан нь ёс зүйн зөрчил гаргасан бол олон нийтээс уучлал гуйх үүргийг хуульчилж, түүнийг огцруулах, чөлөөлөх хууль эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох бие даасан хуулийн төсөл
7. Цэргийн албанд иргэний хяналтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл (Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд иргэний эрх, гомдлыг хүлээн авдаг, армийн сахилга хариуцлагыг сахиулах эрх бүхий цэргийн цагдаагийн албыг шинээр байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.27 ПҮРЭВ № 107 (6584)