Түүнийг “Галт бамбар” гэж нэрлэмээр санагддаг юм. Хэзээ ч унтарч, уугидаггүй дүрэлзэн шатаж байдаг бамбар гэх сэн. Ардчиллын тугийг мандуулж, тугалыг нь хариулж явсан 1990-ээд оноос Монголын улс төрийн тавцанд галт бамбар болж дүрэлзсэн нь тэр юм. Үзэл санаа, үйл хэрэг нэгтэй мянга мянган ардчилагчдын аманд “Хонхны дуу”-г аялуулж, хөдсөн дээлтэй улаанбаатарчууд төв талбайдаа өлсөж, хаврын хавсаргатай, тарчигхан цаг үед нийгмээ сэрээж асан сэхээтэн залуусын тэргүүн эгнээнд түүний нэр зүй ёсоор багтдаг.  20 гаруйхан настай, цогтой тэмцэгч залуус цоо шинэ, хүнлэг, энэрэнгүй нийгмийг авчирах их аянаа эхлүүлсэн нь түүхийн шаргал хуудаснаа “1990 оны цагаан морин жил болой” хэмээн тэмдэглэгджээ. Ороо бусгаа цаг үеийг эмхлэн байгуулалцаж, Багануур дүүргийн МоАХ-г үүсгэж, удирдсан нь ардчилсан үзэл санааг хүчтэй дэлгэрүүлэх, залуусыг нэгтгэх, хувьсгалд уриалан дуудах суурь болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. 

Ингээд бодохоор түүний гар бие оролцсон ардчилал монголчуудад олон эрх чөлөөг авчирсан. Энэ бол хэн ч баллаж, сохолж, хусаж арилгаж чадахгүй үнэн юм. Тэгвэл яг 31 жилийн дараа С.Эрдэнэ Монголын ардчилал мөхөн доройтох ёсгүйг сануулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүд дэмжигчид, журмын нөхдийнхөө даалгавраар нэр дэвшлээ. 

Иргэдийнхээ гарт эв санаа, үзэл хандлага, ёс суртахуун, тэгш эрхийн бамбарыг атгуулсан шигээ дахин өөрийгөө сорих их аянд мордож байна. 30 гаруй жил үйл хэргээсээ урваагүй зүтгэсэн түүнд ардчиллын үнэ цэнийг ойлгодог, мэддэг, хамгаалдаг хүн бүр улс орныхоо эв нэгдлийн бэлгэ тэмдэг, үзэл санааны бамбарыг асаах эрхэм үүргийг өгчихлөө. Одоо тэрбээр өнөөх л ачаа үүрдэг, цуцашгүй чанараараа бамбай хийгээд улс төр дэх урт замын аянаа эхлүүлэхээр богцоо бэлдчихсэн, гараанаас бариа хүртэлх саад давах тактикаа боловсруулж зогсоно. Галт бамбараа бариад зүтгэх үү, үүрэг, амлалтаасаа няцаж, талцаж өөр рүү нь шидсэн чулуу бүхний өөдөөс тоосго нүүлгэх үү, амиа хоохойлж бултаж, биеэ хамгаалах уу гэх хэцүүхэн сонголтын өмнө тулж байгаа нь ч тодорхой. Яг ийм л эгзэгтэй үед түүнээс ямар гээчийн уран нүүдэл, ухаалаг тоглолт, тэсэрсэн хурд гарахыг харах үлдлээ. Түүнд ардчиллын үнэт зарчмаа хамгаалах, удирдлагаар хангах нөөц хангалттай бий. Учир нь тэр улстөрчийнхөө хувьд хэм хэмжээтэй, алсын хараатай, өөрийн гэсэн арга барил, туршлага, залууртай. Бас хэн бүхэнд таалагдаад байдаггүй араншинтай.

Энэ утгаас нь харвал С.Эрдэнэ улс төрийн тайзан дээр шинэ хүн биш. Улстөрчийнх нь хувиар Ардчиллын галыг сахиж яваа талаасаа ч түүнийг мэдэхгүй, танихгүй хүн Монголд лав байхгүй гэхэд болно. “Ардчиллын алтан хараацай” гэгддэг залуусынхаа дундаас манлайлал, санаачилга, удирдан чиглүүлэх арга барил, алсын хараагаараа ялгардаг учраас Багануур дүүргийн МоАХ-г байгуулж, бодлогоор залсан гэх гавьяа түүнд хамаардаг. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа  (2008, 2012, 2016 он) сонгогдсон намтартай. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар сонгогдон ажилласантуршлагатай.

30 жил ардчиллын үнэт зарчмыг алдагдуулахгүй хэмээн сахин хамгаалж ирсэн түүний талаар судлах явцад хэд хэдэн зүйл анзаарагдсан нь С.Эрдэнэ гэж хүн хэзээ ч дэлгэсэн ном шиг олны таашаалд нийцэх гэж, өөрийгөө сайн сайхнаар ойлгуулах гэж, өөрөөсөө өөр Эрдэнэ болж харагдах гэж амьдраагүй байна. Өөрөөр хэлбэл, “Содномзундуйн Эрдэнэ гэж хэн бэ” гэдэг асуултад бүрэн хариулт өгөх хэмжээний доторлох нь бүү хэл гадарлах хэмжээний сэтгэлийг нь уудалсан, ухсан, нээсэн, дэлгэрэнгүй, уянгын, намтарчилсан ярилцлага, нэвтрүүлэг, хөрөг бичвэр түүнд туйлын ховор аж. Гагцхүү элдэв шар бор мэдээ сэлт, баалж, цохлох гэсэн хов живийн шинжтэй жиг жуг, тодорхой баримтгүй хардлагууд, товч, цухасхан дурдсан бүдэг бадагхан яриа, эшлэл элбэг олдож байх юм. Түүний талаарх энэ мэтээс үзвэл тэрбээр Монголын улс төрд хувийн амьдралаа хувьсгалын үйл хэрэгтэйгээ бантан шиг хутгаад байдаггүй, өнөөгийн төрийн хүнд ховордсон жанжин шугамтай нь харагдана.

 

ХУУЛИЙН ТОЛЬ БИЧИГ

 

Хүн бүрт амьдарч байгаагийнх нь утга, шалтгаан бий. Түүний хувь тавилангийн нэг том өгөгдөл нь ард иргэдийн хуулиар хамгаалагдаж чадаагүй олон эрхийг баталгаажуулж явсан хэмээн бодоход хүргэж байна. Яг бурхнаас тушаал авсан цэрэг шиг энэ салбарт зүтгэснийг нь хараад эрхгүй ийн бодоход хүрлээ. Тэр бүр бид мэдэхгүй ч үргэлж цээжээ дэлдээд явдаггүй өнөөх л биеэ магтаж дөвийлгөдөггүй зангаас нь болдог уу, санаачлан батлуулсан хуулиуд нь бидний нийгмийн харилцааг зохицуулсаар л байна. Тухайлбал, монгол хүний хөгжлийг хангаж, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн ам, нийгмийн хамгааллын салбарт шаардлагатай бодлого, стратегийг батлуулж, хэрэгжүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, өгөөжийг нэмэгдүүлэхэд тэр сүүлийн 30 жилээ зориулсан байх юм. С.Эрдэнэ УИХ-ын гишүүдтэй хамтран 160 гаруй тогтоол шийдвэрийн төслийг боловсруулжээ. Мөн 71 хуулийг санаачлан 41-ийг нь буюу 60 хувийг нь Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, батлуулсан. С.Эрдэнэ автортой хамгийн сайн хуулиудаас нэрлэвэл, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаас 2012 онд батлуулж хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт 740 мянган иргэний ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон байдаг. Иргэндээ ээлтэй, жирийн иргэдийн нийгмийн асуудлыг хангасан энэ хууль бол С.Эрдэнийг “Хуулийн толь бичиг” болгодог. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж, даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг цахим картаар шууд төлөх, төлбөрт хяналт тавих  эрхийг нь хуулиар тогтоосон юм. Гуравдугаарт, Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлан батлуулсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хууль болсон. Иргэдийн талархлыг хүлээсэн хуулиудаас нь цухасхан дурдахад ийм байна. Үүнээс нэг зүйл анзаарагдана. Тэр алив нэг асуудлыг ул сууриар нь харж, шийдвэр гаргадаг онцлогтой улстөрч. Өөрөөр хэлбэл, долоо хэмжиж нэг огтолдог. Тиймээс түүний санаачлан боловсруулсан хууль батлагдаж, амьдралд хэрэгжихдээ “цоорхой”-той гэх гомдол яригддаггүй болов уу.

 

САЙН ХҮНИЙ ҮР, СҮҮТ ГҮҮНИЙ УНАГА

 

Дашнямын Содномзундуй. Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн, сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн. Улсын багшийн дээд сургуульд биеийн тамирын дасгалжуулагчийн ангийн анхны төгсөгч. Монгол Улсын анхны мастеруудын томоохон төлөөлөгч. Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахаас гадна Нийслэлийн биеийн тамир, спортын хорооны зааварлагч,  Анагаах  ухааны  дээд  сургуульд  (АШУИС) биеийн тамирын багш, биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, 1980 оноос 2003 он хүртэл Нийслэлийн биеийн тамир, спортын хороонд даргаар ажиллаж байсан. Монголын сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээн уралдаанд оруулахыг чухалчилдаг, тамирчин хүн ар гэрийн амьдралдаа хэзээ ч санаа зовохгүйгээр зөвхөн амжилтынхаа төлөө зүтгэх ёстой. Үүний тулд тамирчдын нийгмийн асуудлыг төр нь бодлогоор шийддэг байх учиртай гэсэн үзэл санаатай сэхээтэн байжээ. Д.Содномзундуй нь ухамсарт амьдралаа спортын төлөө, тэр тусмаа сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө бүрэн зориулсан хүн байсныг спортынхон ам бардам хэлдэг. Энэ утгаараа С.Эрдэнэ бол сайн хүний үр, сүүт гүүний унага юм. Тэрбээр аавынхаа хөдөлмөр, зүтгэлээ зориулсан сагсан бөмбөгийн спортод аавыгаа дээдлэх хүүгийн сэтгэлээр ханддаг учраас монгол залуус дэлхийн одуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, амжилтаараа өнгөлдөг болсон. Энэ бол шууд утгаараа С.Эрдэнэ МҮСБХ-г үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажиллахдаа чин сэтгэлээ зориулсны гавьяа юм. Тэрбээр дүүрэг, аймаг, улсын аваргаас хэтэрдэггүй байсан багийн спортыг хөгжүүлж, олон талаар нь дэмжсэнээр өдгөө Монголын сагсчид дэлхийд эрэмбэтэй болсон. МҮСБХ-ны шугамаар 150-аад легионерыг урьж авчираад 6-7 сарын турш шигшээ багийнхантай бэлтгэл хийлгэж, хамтарсан тэмцээн, уралдаан зохион байгуулсан нь богино хугацаанд төсөөлөмгүй амжилт олоход нөлөөлөв. Тамирчид гадныхантай талбайд гарахдаа айж, сандрах зүйлгүй болж, сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдэхэд легионеруудын оролцоо их байсан нь тодорхой.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би бага байхдаа аавыгаа дагаж тэмцээнүүдийг нь их үздэг байлаа. Нэг удаа Эрхүүгийн дээд сургуулийн шигшээ баг Монголд ирээд манай үндэсний шигшээ багтай тоглосон юм. Тэд бараг 50 хэдэн онооны зөрүүгээр манай багийг хожсон. Аав маань гэртээ ирээд хувцсаа солиод сууж байснаа нэг их гунигтайгаар, “Эднийг хождоггүй юм гэхэд ядаж ойрхон онооны зөрүүтэй хожигдчихдоггүй юм байх даа. Бүхэл бүтэн улсын шигшээ баг байж, Оросын захын нэг хотын дээд сургуулийн шигшээ багт ингэж хожигдож байна шүү дээ. Яаж энэ спортыг хөгжүүлнэ дээ” хэмээн дурсжээ. Аавынхаа тэр харуусал, гунигийг тэрбээр ялалтаар тайлж чадсан байдаг. Энэ түүхэн тоглолт “Филиппин Арена” гээд 55 мянган хүний суудалтай ордонд өрнөснийг тэрбээр үргэлж ярих дуртай. “Филиппиний парламентын гишүүд нь ирчихсэн, бие халаалт дээр тамирчидтайгаа цуг гарч ирээд бөмбөг шидээд л. Тэнд бөөн сюрприз, томоохон шоу болсон. Манай тамирчид гарч ирж тоглоод хожсон. Манай баг тамирчдын хөгжөөн дэмжигчид нийлээд 30 гаруй хүн (дийлэнх нь оюутнууд) тэнд байсан. 55 мянган хүний балиашиг бидний өмнөөс далайн давалгаа шиг л орж ирж байв. Гэтэл бид ялалтыг авч чадсан” гэх бахархам амжилтыг бүтээхэд С.Эрдэнэ гэж хүний гавьяа, зүтгэл тод байсныг дурдах нь зүйтэй.

 

ГАЛ, ГАВЬЯА ХОЁР         

 

Тэр бол төдийгөөс өдийг хүртэл явж ирсэн улс төрийн намын системийг өөрчлөгч. Шинэчлэл гэх үгэнд туйлын сүсэг бишрэлтэй нэгэн. Ингэснээрээ тэр муу хэлүүлсэн ч гавьяатай нэгэн. Намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сунгаагаар тодруулдаг улс төрийн шинэ соёлыг тэр  нэвтрүүлсэн.

Тодорхой хэлбэл, нуур цөөрөм шиг болтлоо тогтонги болчихоод байсан АН-ыг хөдөлгөөнд оруулсан. С.Эрдэнэ АН-ын тамгыг гартаа атгаснаараа дугаар хорооны үүрийн дарга Дулмаа, дунд шатны намын дарга Дорж гээд ерөөс намын бүх шатны байгууллагад “салхи” сэвэлзүүлж, унтаа байсан нөхдийг сэрээх аян өрнүүлсэн. Өөрөөр хэлбэл, намаа идэвхжүүлж, дотоод ардчиллаа хангах, фракцгүй нам болохын төлөө, парламентад сөрөг хүчин бус эрх баригч нам болохын төлөө ухаанаа уудалсан нь олон хүний эрх ашигт нийцээгүй. Үүгээрээ тэр өөр дээрээ гал өрдөв. Гэхдээ энэ бол түүний хувьд цочирдоод, хойшоо суугаад байх бэрхшээл биш. Харин илүү өргөн боломжийг олж харах, өөрийн хүчиндээ найдах, системийн өөрчлөлт хийх боломж болсныг үгүйсгэхгүй.

Түүнийг эхээс мэндлэхэд л дагаж ирсэн хувь тавилангийнх нь нэгээхэн хэсэг нь тэмцэл юм. Тэр тэмцэгчийн дүрээр Монголын ардчиллыг 31 жилийн өмнө авчирсан шигээ өнөөх галт бамбартайгаа урагшилж явна. Түүний гарт Монголын ардчиллын галт бамбар асаж байна. Дүрэлзүүлэх үү, унтраах уу гэдгийг ард түмэн 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр шийднэ. Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг бий болгоход, монгол хүний амьдрах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, эв нэгдлийн бэлгэ тэмдгийг тусгаар улсын хэмжээнд хангахад түүний улс төрийн эр зориг, тэмцэгч чанар, алсын хараа, үзэл санаанаасаа ухардаггүй шинж яг тохирно. Тулаанд зөвхөн шонхрууд л нисдэг дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн штаб.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.25 МЯГМАР № 106 (6583)