А.ДОРЖХАНД
“Зууны мэдээ” сонин ”Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа ”Өнчин цагаан ботго” уртын дууны талаар уншигчиддаа толилуулж байна.
Монголчууд эрт цагаас эхлэн мал ажуй ахуй эрхлэн таван хошуу малаа хайрлан өсгөж ирсэн түүхэн уламжлалтай. Түүнийгээ ч уртын дуундаа шингээн дуулдаг ухаант ард түмэн билээ. Үүний нэг нь “Өнчин цагаан ботго” хэмээх уртын дуу юм. Энэ гайхамшигт дууг нэрт уртын дууч С.Цоодол гуай
Өнчин цагаан ботго нь
Өлсөхийн эрхэнд буйлна
Ээжтэй цагаан ботго нь
Ээжийгээ дагаад тоглоно
Ээжгүй цагаан ботго нь
Ижлээ дагаад буйлна хө хэмээн цээл сайхан хоолойгоор сэтгэлийн гүн рүү дуулдаг билээ...
цээл сайхан хоолойгоор дуулдаг билээ. Эх үрийн хагацлын тухай сэтгэл шимшрүүлэн дуулах уг дуу нь монголчуудын эх мал голсон нялх төлийг нь авахуулдаг зан үйлтэй далдуур холбогдож байх шиг санагдана. Монголчууд эх нь голсон эсвэл нялх төл өнчирсөн тохиолдолд ямааг цийглэж, хонийг тойглож, үнээг өөвлөж, адууг гурийлж, тэмээг хөөслөдөг билээ. Энэ дундаас хамгийн уяхан амьтан бол ингэн тэмээ юм. Тиймдээ ч өрөмтсөн шаргал говь нутагтаа тайван идээших энэ амьтанд зориулан малчин ард түмэн “Өнчин цагаан ботго” уртын дууг зохиосон биз ээ гэж бодогдоно. Уярал төрүүлж сэтгэлт гуниг ухаарал амтлуулах энэ дуу нь монгол туургатны 40 дуунд ордог ба Халимаг, Буриад, Ойрад, Өвөрмонголд ч мөн дуулдаг байна. Тухайлбал, ЗХУ-ын Ардын жүжигчин, буриад дуучин Лхасран Линховойн энэ дууг гайхалтай сайхан дуулдаг байсан аж. Түүнийг Москвагийн их театрт 1976 онд “Өнчин цагаан ботго”-ыг дуулахад сонсож суусан тухайн үеийн залуухан оюутан эх нутаг ижий ааваа санагалзан нулимс дуслуулж байснаа ч дурссан юм. Үүнээс гадна Өвөрмонголд энэ дууны нэр арай өөр нэрлэгдэх ба “Өнчин божуулай” хэмээн нэрлэдэг байна.
Тэгвэл Шинжлэх ухааны академийн хэл уран зохиолын хүрээлэнгийн судлаачид “Өнчин цагаан ботго дан ганц уртын дуу биш, үлгэр, тууль ч бий. Энэ дууны домог нь үлгэрийнхээ үйл явдлаар илэрхийлэгддэг юм. Үүнээс гадна энэ дуу нь бэсрэг богино аятай дуулагддаг мөн сүүлд урт аятай ч болгож дуулсан. Энэ дууны гол дэвшилтэт санаа нь амьд амьтныг хайрлахад сургасан маш гүн утга илэрхийлэгдэж байгаа юм. Үлгэр дээрээ “Яриг цагаан ингийг харгис ноён яриг цагаан ботгоноос нь төмөр шилбүүрээр тас шилбүүрдэн салгаж ноён өөрийнхөө өрөнд тэмээнийхээ тоог гүйцэхийн тулд эхийг нь өгдөг тухай. Зүрх сэтгэлтэй, оюун ухаантай хүн эх үр хоёрыг хайрлалгүй салгаж байхад араатан амьтад эхийнхээ араас уулзах гэж тэшүүлж яваа өнчин амьтныг идэлгүй өршөөдөг. Ингэж бодохоор монголчууд эртнээс амьд амьтан, байгаль дэлхийгээ хайрлаж буйгаа үлгэр домог, туульс, уртын дуугаа шингээж өгсөнд байгаа юм. Оросын эртний эрдэмтэд манай улсад тууль дуу гэж байхгүй гэж үздэг байсан гэдэг. Харин “Өнчин цагаан ботго” дуу болон тууль нь манай улсад эртнээс ийм соёл байсныг гэрчилж байгаа юм” гэж байлаа.
Харин уртын дуучин Г.Дадьсүрэн гуай ”Би энэ дууг
Өнчин цагаан ботго нь
Өглөө босоод буйлна даа хө
Өл буурал хангайгаа
Ширтэн байж буйлна даа
Аавтайхан ботго нь
Аавыгаа тойроод тэшнэ дээ
Аавгүй ботго нь
Араар тэнээд буйлна
Хулсны мөчрийг
Хэмлэн хэмлэн буйлна
Хуруун чинээ мөөмөө
Үгүйлэхийн эрхээр буйлна
Дэрсний намиаг
Хэмлэн хэмлэн буйлна
Дэлэнтэй ээжийгээ
Санахын ихэд буйлна...гэж дуулж сурсан. Энэ дуу нь багаасаа мал хариулж өссөн бидэнд их ойр дуу л даа. Манай говь нутаг тэмээ ихтэй учир малчин бид ботго нь эндсэн тэмээнд ботго авахуулах гэж хөөслөдөг. Ботго нь эндсэн ингэ эхгүй болсон ботго шиг өрөвдмөөр юм гэж үгүй. Дэлэн нь чинэчихээд ингэн тэмээ зэлэндээ өдөр шөнөгүй гунганаад л. Тэнд нэг шувуу ниссэн ч зэрвэс гээд л ботгоо харуулдаад ёстой л зүрх халтирмаар шүү. Ингэ хөөслөж ботго авахуулахдаа үүрийн гэгээ юм уу, үдшийн бүрийд сайхан дуулдаг хүнээр морин хуур мөн лимбэний аянд хөөслүүлдэг. Ингэн тэмээ энэ аянд дорхноо уярч ботгоо авахдаа дэл нь жигтэйхэн ивлээд нүднээс нь том том нулимс гардаг. Зарим нутагт энэ дууг ингэнд ботго авахуулахдаа дуулдаг ч гэдэг. Эртний өвгөдийн минь мал ахуйгаа хайрлан энэрэх энэ дэлхийн эх амьтан бүхэн үртэйгээ жаргалтай байгаасай гэхдээ энэ дууг сургамжилж зохиосон байх аа гэж өвгөн би боддог“ гэсэн юм. Нээрээ л энэ дууг судлах тусам сэтгэл нялхарч сэтгэл тэр гэхийн аргагүй гунигт автах ажээ. Өөр олон хувилбар байх ба Х.Сампилдэндэв, К.Яцковской “Монгол ардын дуу” номонд дараах хувилбаруудыг эмхтгэжээ.
Ээжтэйхэн ботго нь
Ээжийгээ дагаад буйлна
Ээжгүйхэн ботго нь
Эргээр тэнээд буйлна
Өвдөгний минь зогдор
Ургасан ч болоосой
Өвөр хангайг дагаад
Ээждээ таваргаад очих юмсан
Шилийн минь зогдор ургасан ч болоосой
Шилийн хангайг даваад
Ээждээ гүйгээд хүрэх юмсан
Зоогоор дүүрэн
Зуун олон тэмээнээс
Зуухан лангийн үнэтэй
Миний ээж хаачив
Ташуугаар дүүрэн
Тавин улаан тэмээнээс
Тавьхан лангийн үнэтэй
Миний ээж хаачив...хэмээн эмхэтгэн бичжээ. Энэ дуу нь хорвоо дээрх хамгийн нандин хайрыг яруу сайхнаар илэрхийлжээ. Давагдашгүй саад, баригдашгүй зовлонг гэтлээд ээж рүүгээ тэмүүлэн тэшүүлж буй эвий цагаан ботго нүдэнд үзэгдэнэ. Энтээ холын газраас үрдээ тэмүүлэн нулимс мэлтэрүүлэн гунганах сариг цагаан ингэ сэтгэлд ургана. Тэнгэр өөд удаан харж зогсвол тэмээ цагаан үүлс хурдлан нүүх мэт тэр тэнгэрийн тэр оронд эх үр хоёр тэшүүлэн учралдах шиг санагдана. Өнчин цагаан ботго дуу өр эмтлэм зүрхний гүнд шуранхайлна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.21 БААСАН № 104 (6581)