Т.БАТСАЙХАН

2021.05.07.  Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьж буй үндэслэлээ "...Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаас хуулиа мөрдөж, сахин биелүүлэхийг шаардаж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хоригийг тавьж байна" гэжээ.

2021.05.17. УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцжээ.   МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй гэдэгт нэгдсэн бол АН-ын бүлэг хоригийг хүлээн авч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийн хүрээнд явуулах зүйтэй гэдэгт санал нэгдээд байсан юм.

2021.05.19.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр үдээс өмнө хуралдсан.  Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнгүй.   Түүнчлэн үдээс хойш болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн энэ асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ.

2021.05.20. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  дээрх хоригийг хэлэлцэж, хүлээж авах эсэх асуудлаар санал хураалт явууллаа.   Санал хураалтад оролцсон гишүүдийн 86.4 хувийн саналаар хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Хоригийг хүлээж авна, авахгүй

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав:

-УИХ баталсан хуультайгаа танилцах, хориг тавих хугацааг Ерөнхийлөгчид олгох ёстой байсан. Үүнийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан халдлага гэж үзэж байна. Би парламентад гурван удаа сонсогдсоны хувьд МАН яаж тоглодог вэ гэдгийг мэднэ. Үндсэн хуулийн цэцээ хоёр хуваагаад, Дээд шүүхээ элэг доог болчихлоо энэ парламент. МАН 100 жилийн ойгоо төрийн гурван өндөрлөгтэй тэмдэглэх биз. Эргэдэг л хорвоо.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир:

-Ерөнхийлөгчийн хориг бол УИХ-ын баталсан хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө алдаа гарсан бол засаж залруулах боломж олгож, УИХ-ыг хянаж байгаа хэлбэр юм. Хоригийг эргээд УИХ хэлэлцэж байгаад нь үүний үндсэн  зарчим оршдог. Хуулийн дагуу УИХ-ын баталсан хуулийг ёсчилж ирүүлснээс хойш таван хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавина гэдэг заалт бий. Ерөнхийлөгчийн хоригийг авсан, аваагүйгээс хойш хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл өнөөдрийн болоод байгаа үйл явцыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаад байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Энэ Бямбацогт гэдэг хүн байнгын хорооны дарга байгаа цагт бид өөдлөхгүй байх. Хуульд зааснаар Ерөнхийлөгч хориг тавьснаар хуулийн үйлчлэл түр зогсоно гэж заасан байгаа. УИХ Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 29-нд хууль баталж, 30-нд хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл тавдугаар сарын 6-нд Ерөнхийлөгч хориг тавьснаар хуулийн хэрэгжих хугацаа түр түдгэлзэх ёстой. Ингэж хуулийг буруу тайлбарлаж болохгүй.

 

 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хориг тавихаар хууль түдгэлзэх үү гэж байна.  Хуулийн үйлчлэх хугацаа эхлээгүй байх үед хорих тавьчихвал түр түдгэлзэнэ. Гэхдээ энэ зохицуулалт ашиглагдаж байгаа юм билээ. Хууль үйлчлээд эхэлснээс хойш хориг тавьсан тохиолдол нэлээд олон байдаг. Тэр тохиолдолд хуулийн үйлчлэл зогсдоггүй. Энэ хүрээнд үзвэл дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуулийг баталсан. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс үйлчилж эхлэхээр баталсан. Тиймээс хуулийн үйлчлэл зогсохгүй.

 

Төрийн байгуулалтын байн­гын хорооны дарга Ж.Мөнхбат:

-Тухайн хуулийг хэрэгжүүлэхээр тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгч хориг тавьсан хугацаатай давхцвал хоригийг хүлээн авах эсэхийг шийдтэл тухайн хориг тавьсан заалтын зүйлчлэлийг түдгэлзүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг хууль хэрэгжих дөрөвдүгээр сарын 30-ны өдөртэй давхцаж орж ирвэл Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалтыг түдгэлзүүлээд явахаар заасан. Гэтэл Ерөнхийлөгчийн хориг  тавдугаар сарын 6-нд орж ирсэн гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Бид Ерөнхийлөгчийн хоригийн тухай асуудал ярьж байна. Хуулийн хориг ярина гэдэг бол хуулийн үг үсэг, утга агуулга, үзэл баримтлалыг тойрч ярьж байгаад дүгнэлт гаргах тухай асуудал. Би хоригийг нэлээд сайн уншлаа. Яг хуулийн үг үсэг, зүйл заалттай холбоотой юм бага. Ерөнхийдөө МАН-ыг монгол хэлэнд байж болох бүх муу үгээр дуудсан ийм л утгатай материалтай танилцсан. Үндэслэл, зүйл заалт, яагаад ингэж үзэж байгаа гэсэн юм тодорхой алга.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.21 БААСАН № 104 (6581)