Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр өргөтгөсөн хэлбэрээр болж, хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганд үг хэлэхдээ, хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангана, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулж шинээр зохион байгуулна, хотын төвлөрлийг багасгах цогц арга хэмжээ авна, нийтийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэнэ, хүн амын тал нь оршин сууж байгаа хотын асуудлыг нийслэлийн удирдлагуудад даатгаж орхихгүй, нийслэлчүүдтэйгээ хамт байж, сэтгэл гарган хамтран ажиллана” гэж мэдэгдэж байсан.  Тэгвэл энэ дагуу Засгийн газрын хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж буйг  Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.  Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр сайд нар ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хотоос орон нутаг руу чиглэх хөдөлгөөнийг дэмжинэ

-Богдхан төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт эхэлсэн. Хөшигийн хөндийд 200-300 мянган хүн амьдарна.  Улаанбаатраас тийшээ чиглэнэ. Шинэ хотод нэг ч гэр хороолол байх ёсгүй, эко хот байх ёстой. Иргэд Улаанбаатараас хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно. Хэрэв орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт хийнэ.

 

 

Шадар сайд С.Амарсайхан: Богдхан төмөр замыг Багахангайгаар дайруулах хэрэгтэй

-Нийслэлийн эрх зүй, эдийн засаг бусад асуудлаар төрийн бодлого цогцоор нь гаргаж, дэмжих шаардлагатай болсон. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүний нөөцийн дутагдалд ордог. Нийслэлийн Засаг дарга хүний нөөцийг бэлтгэх, чадвартай хүмүүсээр төсөл хөтөлбөрүүдийг удирдуулах тал дээр сайн анхаарч ажиллах байх. Гуравдугаар цахилгаан станцад тавдугаар эх үүсвэрийг барина гэж байна. Бусад эх үүсвэрүүдээ бодох хэрэгтэй. Дараагийн эх үүсвэрүүдээ аль болох хотын зах руу баримаар байна. Байгаа эх үүсвэрүүдээ өргөтгөсөөр байвал хотын төвлөрөл, дэд бүтцийн асуудлуудаас салахгүй.  Богдхан төмөр замтай холбоотой асуудлаар Багахангай дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Богд хаан төмөр замыг төлөвлөхдөө шууд Мааньтаар биш Багахангайгаар дайрч, төвлөрөх асуудалд анхаарах хэрэгтэй. Багануур, Багахангай дүүрэг төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн ам төвлөрсөн суурьшил бий болсон хот тосгон байхад түүнийг тойруулаад шууд Мааньт руу төмөр замыг татдаг нь буруу. Магадгүй зардал, техникийн хүндрэлтэй байж болно. Гэхдээ бидний зорилго бол хүн амдаа дэд бүтцийг хүргэх. Энэ зорилгоосоо ухарч болохгүй.

 

 

Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: Төмөр замын огтлолцолд нүхэн болон гүүрэн гарц барина

-Богдхан төмөр замын төсөл яригдсанаас хойш 10 гаруй жил боллоо. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хотыг дагасан дагуул суурьшлын бүсүүдийг дэмжихэд тустай. Одоо байгаа 39 км замыг сайжруулах бол, 135 км замыг шинээр байгуулна. 7.5, 9.5 км урттай хоёр тунелтэй.  Одоо байгаа төмөр зам нь дөрвөн газарт автозамтай огтлолцож буй. Уг огтлолцлууд дээр хоногийн цагийн арван хувийг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж автозамаа хааж байна. Эдгээр огтлолцлуудад гүүр болон нүхэн гарц хийснээр авто замын түгжрэл буурна.

 

 

Түлш, эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 13681 өрх төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна

-Хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн таван жилийн дунджаар 6-8 хувийн өсөлттэй байна. 2020 онд түгээх сүлжээнд 280 удаагийн тасралт гарч, давхардсан тоогоор 306 мянган хэрэглэгчийн цахилгаан хангамж нэг цаг ба түүнээс дээш хугацаагаар доголдсон байна. Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашиглагддаг 33 дэд станцаас 28 станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 20-ийнх нь хэрэглээ суурилагдсан хүчин чадалд тулсан, ачаалал хэтэрсэн байна. Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадаагүй байна. Нийслэлийн цахилгаан ачаалал 2025 оны түвшинд 1,100 МВт хүрэх тооцоолол гарсан.

 

 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Ипотекийн зээлийн урьдчилгааг 15 хувь болгоно

-Ипотекийн зээлийн найман хувийн хүүг зургаан хувь болгож бууруулсан. Өрхийн орлого дор хаяж 1.6 сая төгрөг байж найман хувийн хүүтэй зээл авдаг байсан бол зургаан хувь болгон бууруулснаар өрхийн орлого 1.2-1.3 сая төгрөг байхад ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Мөн бид иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх хүрээнд нэг асуудлыг судалж, Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан зэрэг газруудтай ярилцаж байгаа. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сан хариуцааад, үлдсэн 15 хувиа иргэн өөрөө төлөх тухай юм. Ингэснээр иргэдийн ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэх юм. Энэ асуудлыг судалж байгаа.

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан: Нийслэлийн боловсролын газрын дансанд 67 газар бий

-Нийслэлийн найман дүүргийн 38 хороо өөрийн сургууль, цэцэрлэггүй байна. Нийслэл төлөвлөж байгаагаар 2022-2025 онд  боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд хамгийн багадаа 64 цэцэрлэг, 62 сургууль барих зайлшгүй шаардлага үүсээд байна. Үндсэндээ 126 объект барих шаардлагатайгаас одоогоор  нийслэлийн боловсролын газрын дансанд 67 газар л байна. Газрын асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй.  Орон сууцны нэг давхруудыг нь цэцэрлэг, бага сургуулийн хэлбэрээр зохион байгуулахад сургууль, цэцэрлэггүй байгаа хороодын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь түгжрэлийг бууруулах хот төлөвлөлттэй холбоотой асуудал. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.20 ПҮРЭВ № 103 (6580)