Б.Дамдин-Очир
Яг үнэнийг хэлэхэд АН-д Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг барах дүр алга. Хоёр салсан АН нийлсэн ч атаман нь энэ хүн болохоор байна.
Аль ч утгаараа С.Эрдэнийн гэгддэг, одоо “Экс”-ийн мэдэл дэх АН ялна. Хоёр АН нийллээ гэхэд суурь нь энэ болно.
Тэгэхээр “Экс”-ийн мэдэлд АН орсон гэсэн үг.
Уг нь эрх мэдлийн тэнгэрт буй Х.Баттулга өдийд АН-ын “ алтангадас” нь болж байх учиртай.
Гэвч тэр бүрэн эрхтэйгээ тэндээ царцжээ.
Ц.Элбэгдоржид саад болох нь бараг өнгөрсөн.
Экс Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгч хоёрын нүүдэл нь тэс өөр юм.
Х.Баттулга бодоор довтолж, идэж зүтгэдэг. Харин Ц.Элбэгдорж хүү түлхэж, мад, чадахгүй бол бэрсэд зүтгэдэг. Аль аль нь арга барилдаа сурцтай ажээ.
Х.Баттулгыг Цэц, шүүх, өлсгөлөн суулт гээд бодоо барж дуусах зуурт “экс” Ц.Элбэгдоржийн хоёр ч хүү түлхэж, хожоо харсан нүүдэл хийчих шиг боллоо.
Учир нь тэр дан ганц АН-тайгаа хол явахгүй нь гэж үзсэн бололтой. Ирээдүйд нь итгэхгүй байна гэсэн үг.
Живж буй хөлөг онгоцноос ямар амьтан дайжна гэдэг билээ дээ.
Ингээд хоёр хүү түлхэж нэгээр нь наймаа, нөгөөхөөр нь буудал хийх гэж байна гэлцээд эхэллээ.
Эхнийх нь Датакомын Д.Энхбат ажээ.
Соросын сан /Форум/, Ногоон нам, Иргэний хөдөлгөөн гэж явсан. УИХ-ын гишүүн болж үзсэн энэ хүнийг Монголд түлхэх хүн нь яахын аргагүй “экс” болж таарсан.
Д.Энхбат 2012 онд улс төрөөс гарахдаа нам гээчийг навсайтал зүхэж байв. Естой хэрэггүйг ойлголоо л гэж байлаа. Харин олоон жилийн дараа ХҮН-аас үерхлийн захиа аваад ичингүйрэн байж “...За” хэмээн зөвшөөрчээ.
Залгуулаад “экс”-ээс заавраа авна гэсэн үг.
Ойрд ХҮН хавиар “экс”-ийн хүмүүс орж гарч, хөл дарах болжээ.
Угаасаа ч ХҮН-ийг “Экс”-ийнх гэж эртнээс ярьдаг. Т.Доржханд л эзнээ нуугаад гүрийгээд суучихдаг юм. Гэтэл “Экс” гурав хоногийн өмнө Клабхаусд орж ярихдах”ХҮН-тай би хамаагүй, санхүүжүүлдэггүй. Улс төр гэсэн энэ хатуу талбарт залуучууд оролцож байгаа нь том туршлага болно. Д.Энхбат бол технологиийн хөгжлийн тухай их ярьдаг, бодитой юм хийж чадах нэр дэвшигч” гэчихэж байх жишээтэй.
“Экс”-ийн хоёр дахь “хүү” нь Ц.Оюунгэрэл. Өчигдөр /2021.5.12/ АН-аасаа гарч, Иргэний оролцооны нэгдэл /ИОН/ нам байгуулахаар болсноо зарлав.
Будилж яваа АН-ынхаа будилаантай хоёр ч дотоод сонгуульд оролцоод бие халаалт хийчихсэн. Эхлээд намын даргад, дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж үзсэн. Ёстой хэлж байгаад бие халаасан даа.
Ц.Оюунгэрэлийн энэ нам дээр АН-ын хоёр талд гомдогсод, гаднаас залуус, эмэгтэйчүүд, иргэний нийгмийнхнийг татна гэж тооцоолжээ.
Хүү нь ч нэлээд рольтой байх сураг байна.
Ингэж ил Ц.Оюунгэрэл тоглох ч ард нь “Экс” л бий.
Энэ намынх нь зорилго өнөө маргаашийнх биш. 2024 оны сонгуулиар хэрэг нь гарна. Өөрөөр хэлбэл, “Экс”-ийн нөөц буудал нь гэсэн үг.
Ер нь бол АН лав ойрын төсөрт нийлэх магадлал харагдахгүй байгаа. Магадгүй, ингэж байгаад АН-ынхаа “амыг барьцгаачихаад”, дөнгүүрүүд нь нэг нэг намын нэр олж аваад Дээд шүүх рүү гүйлдэж мэдэх л юм. Тэр цагт ИОНН арай ахмад нь болно.
Тэгээд ч суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг өдийнөөс ирээдүйгээ харах нь яавч алдаа биш юм.
Харин Датакомын Д.Энхбат бол “алахгүй ч айлгана” гэдэг шиг МАН руу, АН руу харц шидэж өдөөд, урхинд орвол ганц нэг бодны ашиг гаргах хүү гэсэн үг.
За тэгээд, “Экс” маань ингэж хоёр ч “хүү” зэрэг түлхлээ. Хэд нүүж, хаана холил солио хийхийг тэр хэдийнэ тооцсон нь тодорхой.
Эх сурвалж: polit.mn