Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган гаруй сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна. Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болсон юм. Тэрбээр, 1850-аад оны Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан билээ. Ташрамд сонирхуулахад, Сувилахуй гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд сувилгааны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ. Сувилагч хүний мэдлэгийг зайлшгүй байх мэдлэг, хэрэгтэй мэдлэг, мэдэхэд илүүдэхгүй мэдлэг, чадварыг гардан хийх чадвар, шийдвэр гаргах, харилцах, хамтран ажиллах чадвар гэж, хандлагыг туслах чин эрмэлзлэл, энэрэнгүй сэтгэл, чин сэтгэлээсээ хандах хандлага гэж ангилдаг байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1551.05.12. Хойд болон Өмнөд Америк тив дэх хамгийн эртний сургууль болох Сан Маркосын үндэсний их сургууль Перу улсын нийслэл Лима хотод байгуулагджээ.

1743.05.12. Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Мариа Тереза суужээ. Тэрээр хаан ширээний төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч VII Чарльзыг ялж хатан хаан болсон юм.

1778.05.12. Ариун Ромын эзэнт гүрний харьяанд багтах Ройсс-Грайцын вант улсын вангаар тодорсон XI Хайнрих албан ёсны далбаагаар хар, улаан, шар өнгийг сонгов. Ингэснээр орчин цагийн Герман улсын төрийн далбаа анх удаа ашиглагдсан нь энэ болсон билээ.

1863.05.12. Америкийн иргэний дайн: АНУ-ын Холбооны армийн генерал Жеймс Б.МакФерсоны удирдсан 17-р морьт хороо Эх газрын армийн генерал Жон Пембертоны хориглолтыг зүүн талаас сэтлэснээр Виксбургийн тулаан эхэлжээ.

1865.05.12. Америкийн иргэний дайн: Палмитогийн тулаанд Эх газрын арми томоохон ялалт байгуулав.

1870.05.12. Их Британийн тал Манитоба мужийг Канадын талд 1870 оны долдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

1881.05.12. Хойд Африкийн Тунис улс Францын мэдэлд шилжив.

1888.05.12. Зүүн өмнөд Азид орших Борнео арал дээр Их Британийн мэдлийн компани байгуулагдаж Умард Борнео арлыг захирах болжээ.

1921.05.12. Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг цагаантны цэргийн гол хүчийг Хиагт-Тройцкосавскийн дэргэд бут цохив.

1926.05.12. Италийн зохион бүтээсэн "Норге" нисэх төхөөрөмж Хойд Туйлыг нисэж туулсан анхны нисэх төхөөрөмж болжээ.

Эх сурвалж www.zms.mn